A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

МОРИН ХУУРАА ДЭЭДЛЭН, ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ

Үндэсний бахархал, үнэт өв баялаг болсон морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх олон нийтийн хүсэл эрмэлзлэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг болон 9 дүгээр зүйлийг үндэслэн Зарлиг болгох нь:

1.Морин хуураа дээдлэн залж, сурч эзэмших, морин хуур судлал, урлалыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх болон төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн урлагийн ажилтан, зүтгэлтэн, ивээн тэтгэгчдэд уриалсугай.

2. Монгол улсынхаа сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн бадрааж жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлэхийн хамт морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг радио, телевизээр улс орон даяар нэвтрүүлж байхаар төрийн ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР