A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвар гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.2. "төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр багалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг;

3.1.3."төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.1.4."ослын үнэлгээ" гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг.

3.1.5. “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг;

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.6."шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.7. “үнэлгээний мэргэжилтэн” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг;

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.8. ”төсөл захиалагч” гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

4 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ

Хэвлэх

4.1.Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

4.4.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.5.Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх аргачилсан зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг шинжээч ажлын 12 өдөрт багтаан хийж дараахь дүгнэлт гаргана:

4.6.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

4.6.2.төслийг тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

4.6.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх;

4.6.4.холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг буцаах.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.7.Шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно. Шаардлагатай бол үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан оролцуулж болно.

4.8.Шаардлагатай бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 4.6-д заасан хугацааг сунгаж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 4.6.3-д заасан дүгнэлтэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээг тодорхой заана.

5.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

5.3.Эрх бүхий аж ахуйн нэгж нь нарийвчилсан үнэлгээний тайлан гаргана.

5.4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дараахь асуудлыг тусгана:

5.4.1.байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд;

5.4.2.төслийн болон технологийн оновчтой хувилбар;

5.4.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөмж;

5.4.4.төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа;

5.4.5.осол, эрсдлийн үнэлгээ;

/Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

5.4.6.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;

5.4.7.орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр;

5.4.8.төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санал;

5.4.9.төсөл хэрэгжих газрын соёлт давхрага, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал;

5.4.10.нөхөн сэргээлтийн төсөл.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөлд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

5.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх, дүгнэлт, шийдвэр гаргуулахад шаардагдах зардлыг төсөл захиалагч эрх бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг гурван хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр

Хэвлэх

6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны явц, үр дүнг хянах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй ажиллана:

6.1.1.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна;

6.1.2.Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.

6.2.Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана. Ашигт малтмалтай холбогдсон төслийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын баталгааг ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

6.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 6.4-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ

Хэвлэх

7.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.

7.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийлгэнэ. Шаардлагатайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хугацааг сунгаж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.4.Үнэлгээний шинжилгээ хийх журам, үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан байгууллага түүнийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл.Хянан магадлагаа

Хэвлэх

8.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.2.Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулна.

8.3.Хянан магадлагаа хийхэд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд хэн буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэн авна.

8.4.Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч саадгүй бүрдүүлж өгнө.

8.5.Хянан магадлагаа хийх хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох талуудтай тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

8.6.Хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлж болно.

8.7.Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

9 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох

Хэвлэх

9.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн Монгол Улсын аж ахуйн нэгж нь энэ тухай өргөдлөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

9.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргасан байна:

9.2.1.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;

9.2.2.үнэлгээний мэргэжилтний тодорхойлолт.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.3.Энэ зүйлийн 9.1-д заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг Комисс ажлын 26 өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.

9.4.Комиссыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна.

9.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

9.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг үндэслэн эрх олгоно.

9.7.Аж ахуйн нэгжид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг энэ зүйлийн 9.4-т заасны дагуу томилсон Комиссын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хоёр жилийн хугацаатай олгоно.

9.8.Аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэсэн байна.

9.9.Өргөдөл болон ажлын тайланг Комисс хянан үзэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.

9.10.Комиссын дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэг удаад 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

9.11.Эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол түүнд захиргааны хариуцлага ногдуулах буюу үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгоно. Үнэлгээний мэргэжилтэн үнэлгээг хангалтгүй гүйцэтгэсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн мэргэжилтний эрхийг 2 хүртэл жилийн хугацаагаар хасч болно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.12.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний мэргэжилтэнд байгаль орчны үнэлгээ хийх эрх олгох буюу хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг

10 дугаар зүйл.Төсөл захиалагч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

10.1.Төсөл захиалагч, хэрэгжүүлэгч дараахь эрх эдэлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.1.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий аж ахуйн нэгжид тавих;

10.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;

10.1.3.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим мэдээллийг нууцлахыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжээс шаардах.

10.2.Төсөл хэрэгжүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

10.2.1.төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдол бүхий бичиг баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;

10.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах.

11 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх үүрэг

Хэвлэх

11.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь эрх эдэлнэ:

11.1.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулж авах;

11.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц дээж авах.

11.1.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол төслийг үргэлжлүүлэх эсэх талаархи дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:

11.2.1.урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглах;

11.2.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;

11.2.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;

11.2.4.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах.

11.3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

12 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

Хэвлэх

12.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

12.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

12.2.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг улсын орлого болгож сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх;

12.2.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай албан тушаалтныг 50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 төгрөгөөр торгох;

12.2.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөргүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол гэм буруутай албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.

12.2.4.өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

13.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

13.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ хийлгэсэн зардал болон учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ