A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ХҮН АМЫН ХҮНС,ӨДӨР ТУТМЫН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭТ БАРААНЫ ХАНГАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

Улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлж байгаа болон гадаад орнуудтай олон арван жилээр харьцаж хэвшсэн нийгмийн амьдралын хангалтын сувгууд өөрчлөгдөж буй эдүгээ цагт хүн амын хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт барааны хүрэлцээ хангамж бэрхшээлтэй учирч байна. Зах зээлийн харилцааны хууль эрхийн үндэс гүйцэд бүрдээгүй байдлыг далимдуулан үйлдэрлэгч, нийлүүлэгчид дангаар ноёрхон зах зээл дээр зохиомол хомсдол бий болгож, хүн амыг дамын наймааны хэт өндөр үнээр хохироон завших явдал олонтаа гарч байна.

Хүн амд хуваарилж хүргүүлж байгаа хүнс, өргөн хэрэглээний барааны нөөцийг замаас нь завшин үрэгдүүлэхтэй хийх тэмцэл оновчтой зохион байгуулалттай болж чадаагүй байна.Эдгээр байдал ард түмний аж амьдралд хүндээр нөлөөлж байгаа бөгөөд хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт барааны зах зээлийг тогтворжуулах нь эдийн засгийн хямралыг гэтлэх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын нэн чухал нөхцөлийг бүрдүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй болж байгааг харгалзан бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах шаардлагатай байна гэж үзээд:

Нэг.Монгол улсын Засгийн газарт дараахь чиглэл өгсүгэй:

1.Хүн амын хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээтэй барааны зах зээлийг тогтворжуулан, 1992-1993 онд багтаан хүнсний гол бүтээгдэхүүний хэрэгцээг дотоод үйлдвэрлэл болон хүнсний зүйлийн экспорттой дүйх импортоор хангах бодлогыг аймаг, хот тус бүрээр боловсруулан зах зээлийн болон төрийн зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх.

2.хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт барааны нөөцийг нэмэгдүүлэхэд эдэлбэр газар, мал аж ахуйн болон байгалийн нөөц бололцоог аль болох оновчтой ашиглан, өмчийн олон хэвшлийн эрх тэгш хөгжлийг хангаж, жижиг дунд үйлдвэр байгуулах, чөлөөтэй өрсөлдөөнийг дэмжих явдлыг бүх шатны засаг захиргааны байгууллагын эн тэргүүний үүрэг гэж үзэж, үйлдвэрлэлийг өргөтгөхийн тулд түүхий эдийг өөрийн мэдэлд үлдээж боловсруулах буюу гадаадад гаргаж материал, тоног төхөөрөм авах нэн таатай нөхцөлийг бүрдүүлэх.

3.Хүнсний зүйлийн экспортын орлогоор зөвхөн хүнсний зүйл, түүний үйлдвэрлэлдийг нэмэх материал, техиник, тоног төхөөрөмж импортлох, мөн ийм нөхцөлөөр бараа солилцоо хийх бодлого явуулж орон нутгийн аливаа санаачилгыг дэмжих.

4./БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1993 оны 74 дүгээр зарлигаар хүчингүй болсонд тооцсон./

5.Хэрэгцээт гурилаа үйлдвэрлэх зорилгоор үр тариа тарьж байгаа сумдад 1992 оны ургацаас эхлэн гурилын жижиг үйлдвэр байгуулахад туслах ажлыг яаралтай зохион байгуулж,гурилын үйлдвэрлэлт,хуваарилалтыг зохицуулах.

6.Төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн эскпортын орлогоос төвлөрүүлсэн валютын 30 хувиас доошгүйг хүн амын хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт бараа, эмийн нөөц нэмэх, түүний үйлдвэрлэлийг өргөтгөхөд зориулан жигд хуваарилж байх.

7.Хүнс, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт бараа, эмийн улсын нөөцийг 1992 онд багтааж нөхөн сэргээх.

8.Аж ахуйн дангаар ноёрхолын эсрэг тэмцэх хууль гарах хүртэл уг асуудлыг зохицуулан шийдвэрлэх тогтолцоо бий болгож бүх шатны төрийн байгууллагын анхаарлыг чиглүүлэх.

9.Хүнс, өргөн хэрэглээний барааны зах зээлийн харилцааны нөхцөл байдалд төр, олон нийтийн байгууллагын дагнасан болон хоршсон хяналт тогтоож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн эсрэг зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх явдлыг хүчтэй үр өгөөжтэй болгох.

10.Энэ зунаас эхлэн цаашид хүнсний хангамжийг сайжруулах бүхий л бололцоог дайчлан ашиглаж, газар тариалан эрхлэх, малаа өсгөж, таргалуулж,ашиг шимийг бүрэн авах, байгалийн өгөөж баялгийг ашиглах, хүнсний зүйлийн үйлдвэрлэл эрхлэх явдлыг дэмжин урамшуулж, зах зээлийн харилцаанд түшиглэн өөрийн хэрэгцээг бүрэн хангах нөөц бүрдүүлэх асуудлыг орон нутгийн төрийн байгууллагын эн тэргүүний үүрэг болгон хариуцуулах.

11.Орон нутгийн материал, түүхий эдийн нөөцөд түшиглэн хүүхдийн өвлийн гутал, хувцас, гэрийн мод, эсгий, модон эдлэл, ердийн хөсөг, өргөн хэрэгцээний металл эдлэл үйлдвэрлэх явдлыг бүх талаар дэмжиж, эдгээр чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын болон бусад бололцоотой хөнгөлөлт үзүүлж, хот суурин газар бүрд өргөн хэрэглээний бараа, хүнсний зүйлийн зах байгуулж ажиллуулах.

Хоёр.Үндэсний валютын ханшийг дээшлүүлэх, зах зээлийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын үндсийг ойрын үед тодорхойлох, хүнсний зүйл, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт барааны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тусгай хөнгөлөлттэй зээлийн сан байгуулж, уламжлалт үйлдвэрлэгчид, үр ашигтай төсөл хэрэгжүүлэгчдийг эн түрүүнд дэмжиж байх арга хэмжээг боловсруулан шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлыг нь Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

Гурав./БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 166 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон./

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Д.БЯМБАСҮРЭН