A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 399

Улаанбаатар хот

"ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ"-Г ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүхийг эргэн дурсахын утга учир хийгээд энэ үйл явдлын түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлж буй саналуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт, 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэсүгэй.

2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ үеийн Хууль зүй, дотоод хэргийн алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Засгийн газрын Ажлын алба, Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба /Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба /Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй. /Энэ хэсэгт 2011 оны 89-р зарлигаар нэмэлт орсон/

3.Энэхүү ойг угтаж Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийгээд Монгол Улсын шинэ үеийн Төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээ, урлаг, соёлын суурь бүтээлүүд туурвих, баримтат-уран сайхны кино бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг мөнхжүүлж Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн бий болгох зэрэг олон бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсүгэй.

4.Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

5.Үндэсний түүх, соёлоо бахархан дээдэлж, түүнийг дэлгэрүүлэн хөгжүүлж, сурталчлан таниулах талаар тодорхой санаачилга, зүтгэл гаргаж, бодит хувь нэмрийг оруулахын зэрэгцээ "Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой"-г тэмдэглэх ажлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, ажиллахыг нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР