A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

"МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ" ШИНЭЧЛЭН ЗОХИОЖ, ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ

"Монголын нэвтэрхий толь"-ийг анх монголын эрдэмтэд, соён гэгээрүүлэгчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1971-1996 онд туурвиж, 2000 онд хоёр ботиор хэвлүүлснээс хойш дэлхий дахины хийгээд Монгол Улсын амьдрал хурдтай өөрчлөгдөж, эдүгээ цаг дор 40 шахам жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн энэхүү толийг орчин цагийн монгол судлал, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт нээлтээр баяжуулан нэмж засварлах, эрчимтэй өрнөж буй олон улсын харилцаа, даяаршил, зах зээл, аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээнд шинэчлэн туурвих шаардлага зүй ёсоор гарч буйг харгалзан, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн саналыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

Нэг.Монгол орон, монголын байгаль, газар зүй, уур амьсгал, ургамлын нөмрөг, амьтны аймаг, геологи, палеонтологи, түүх, археологи, угсаатны зүй, соёл иргэншил болон монголчуудын тухай өгүүлсэн шинжлэх ухааны баттай үндэс бүхий бичвэр, зураг, танилцах орчин, судлах эх сурвалж бүхий цогцолбор бүтэцтэй "Монголын үндэсний нэвтэрхий толь"-ийг 2008-2009 онд шинэчлэн зохиож хэвлүүлсүгэй.

Хоёр."Монголын үндэсний нэвтэрхий толь"-ийг эрхлэн гаргахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академид үүрэг болгосугай.

Гурав."Монголын үндэсний нэвтэрхий толь"-ийг зохиож, хэвлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийн санд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР