A

A

A

Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАРИМ АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2001 оны 03 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 68



Ан агнуурын тухай хууль тогтоомжийн зөрчлийн тоо өсөж, зарим ан амьтны нөөц хомсдож байгаатай холбогдуулан тэдгээрийг хамгаалах хийгээд агнах, барих, ангийн арьс болон агнуурын гаралтай бусад түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг журамлах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” засгийн газрын 2001 оны 37 дугаар тогтоолын 19 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Амьтны аймгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:


1. монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн Тул загасыг зах зээлийн болон худалдаа, нийтийн хоолны газар, цэг салбаруудад худалдаалахыг хориглосугай.


2. Ноолуурыг нь самнаж худалдах зорилгоор янгирыг агнах, барих зөрчил гарах болсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг янгирын нөөц бүхий аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.


а/ Янгирын нөөц, байршил бүхий гол газруудад байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байцаагчдыг томилон ажиллуулах,


б/ Янгирын нөөц байршил бүхий зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч харуул хамгаалалтыг сайжруулах,


в/ Янгирын ноолуурыг худалдсан, худалдан авсан, авч явсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хариуцлага ногдуулж, ноолуурыг нь хурааж улсын орлого болгож байх,


г/ гадаадын иргэдэд тусгай төлбөртэйгөөр янгир агнуулж буй сумдад янгир агнуулсны хураамжийн орлогоос 30-аас доошгүй хувийг түүнийг хамгаалах, нутгийн иргэд, малчдын идэвх санаачилгыг өрнүүлж хараа хяналтыг сайжруулах, энэ талаар идэвх зүтгэл, үр дүнтэй ажилласан иргэдийг урамшуулахад зарцуулж байх,


д/ янгир болон бусад ан амьтныг хамгаалах талаар зохиож буй ажил, үүнтэй холбогдох санаачилга, ололт амжилт болон хэрэг зөрчлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилж байх,


е/ хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж тусгай график гаргаж ажиллах, энэ ажилд аймаг, сумдын хууль хяналтын байгууллага, ажилтнуудыг зохих журмын дагуу оролцуулах,


ж/ янгир болон бусад ан амьтныг хулгайгаар агнасан хэрэг зөрчлийг илрүүлсэн, мэдээлсэн иргэдэд Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйл болон Байгаль орчны сайдын 1999 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны холбогдолтой зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, мэдээлэгчийг урамшуулах журам”-ын дагуу мөнгөн урамшуулал олгож байх.


3. Зах зээлийн газар болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хооронд ангийн арьс, бусад түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах тохиолдолд ан амьтныг агнах, барихад авсан эрхийн бичиг /зөвшөөрөл/, төлбөр хураамжийг төлсөн санхүүгийн баримтгүй бол ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газарт үүрэг болгосугай.


4. “Ан агнах, загас барих эрхийн бичиг”-ийн нөөц зарим аймаг, сумдад дууссан байдлыг харгалзан уг хуудсыг энэ оны эхний хагаст багтаан нэгдсэн журмаар хэвлүүлж тараах арга хэмжээ авахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/-д үүрэг болгосугай.


5. Ан агнах, загас барих эрхийн бичгийг хэвлүүлэхэд шаардагдах зардлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас олгохыг Сангийн тэргүүн А.Болатад зөвшөөрсүгэй.


6. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газрын дарга нарт даалгасугай.


                                                                   САЙД                                                             У.БАРСБОЛД


                                                  2001 оны 05 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1734 дугаарт бүртгэсэн.