A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 04/03

Улаанбаатар хот

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх заалтууд, "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2000 оны 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, хяналт зохицуулалтыг боловсронгуй бол-гох, хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. "Бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Бага оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах Сонгон шалгаруулалтыг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан явуулахыг Хотын захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/-д үүрэг болгосугай.

3. Бага оврын автобусаар захиалгат үйлчилгээ явуулах зогсоолын талбайг дүүрэг бүрт 2-оос доошгүйг байгуулах арга хэмжээг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан авч зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахыг Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/, Хот байгуулалт, газрын харилцааны газар /М.Цэлмэг/-т тус тус үүрэг болгосугай.

4. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/ -ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдэд олгох, нөхөн олговрын асуудлыг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс /Ч.Бат/, Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т тус тус даалгасугай.

5. Нийтийн тээврийн үйлчилгээний буудлууд, эцсийн зогсоолуудын талбай болон үйлчилгээнд хяналт тавих диспетчерийн байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой тогтоох, диспетчерийн байр барьж байгуулах, тохижуулах түүнийг санхүүжүүлэх хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс /Ч.Бат/, Хот байгуулалт, газрын харилцааны газар /М.Цэлмэг/-т тус тус үүрэг болгосугай.

6. Нийслэл хотын дотор буюу автотээврийн шалган байцаах товчоодод зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зохих хууль тогтоомжийн дагуу-түр саатуулах байрыг барьж байгуулах, бага оврын автобусны техникийн хяналтын үзлэгийг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан явуулахыг Хотын захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/, Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.

7. Бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангасны үндсэн дээр Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 2002 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн зөвхөн Монгол улсын стандарт MNS 4598-98-ын 5.1.1-д заасан шаардлагад тохирсон автобус явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хотын захирагчийн алба /Т.Бадамжунай/, Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/, Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т тус тус даалгасугай.

8. Ард-Аюушийн өргөн чөлөөний авто замын өргөтгөл хийгдэж замын нэвтрүүлэх чадвар сайжирсныг харгалзан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 80/А-35 тоот хамтарсан шийдвэрийн 1 дүгээр заалтын "Ард-Аюушийн болон"-гэснийг хасаж 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс зорчигч тээврийн үйлчилгээний бага оврын автобус явуулахыг зөвшөөрсүгэй.

ДЭД БҮТЦИЙН САЙД Б.ЖИГЖИД

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА М.ЭНХБОЛД

Улсын бүртгэлийн 1699 дугаарт бүртгэсэн.