Хэвлэх DOC Татаж авах
ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ойн тухай, Тариалангийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хамаарна.

3.2.Энэ хууль нь Монгол улсын газрын нэгдмэл сангийн усны сан бүхий газраас бусад үндсэн ангиллын газарт үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 4.1.1.“хөрс” гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсгийг;

 4.1.2.“хөрсний доройтол” гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдахыг;

 4.1.3.“цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс доройтох үйл явцыг;

 4.1.4.“хөрс хамгаалах” гэж хөрсийг хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг;

 4.1.5.“хөрсийг нөхөн сэргээх” гэж доройтсон хөрсийг анхны төрх байдалд нь оруулах, үржил шимийг нь нэмэгдүүлэн сайжруулах үйл явцыг;

 4.1.6.“цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ” гэж цөлжих нөхцөл байдлыг илрүүлэх, мэдээлэх, хөрсийг сайжруулахад чиглэсэн цөлжилтөөс зайлсхийх үйл ажиллагааг; 

 4.1.7.“цөлжилтийг сааруулах арга хэмжээ” гэж цөлжилтийн эсрэг техникийн болон биологийн үйл ажиллагаа явуулж, түүний тархалт, идэвхжилт, үйл явцыг удаашруулах, тогтоох арга хэмжээг; 

4.1.8.“цөлжилттэй тэмцэх арга хэмжээ” гэж хөрсний доройтол, цөлжилтийн тархалт, идэвхжилтийг бууруулах, зогсоох, сөрөг нөлөөллийг арилгах үйл ажиллагааг;

4.1.9.“хуурайшлын индекс” гэж тухайн газар нутгийн жилийн тундасны хэмжээ болон ургамал, хөрсний нийлбэр ууршилт хоорондын харьцааг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хөрсний доройтол болон цөлжилтийн төлөв байдлын зэрэглэл

5.1.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийн шалгуур үзүүлэлт, түүнийг тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

5.2.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийг дараах байдлаар ангилна:

 5.2.1.сул зэрэглэл;

 5.2.2.дунд зэрэглэл;

 5.2.3.хүчтэй зэрэглэл.

 5.3.Хөрсний доройтлын сул зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн таван хувиас бага бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг бага зэрэг элэгдсэн, ялзмагийн нөөцийн багасалт 25 хувиас бага газар хамаарна.

 5.4.Хөрсний доройтлын дунд зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 5-20 хувь бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг эвдрэлд орсон, ялзмагийн нөөцийн багасалт 25-50 хувьд хүрсэн газар хамаарна. 

 5.5.Хөрсний доройтлын хүчтэй зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 20-50 хувь бохирдсон, эсхүл хөрс гүн эвдрэлд орсон, үржил шимт чанараа алдаж ялзмагийн нөөцийн багасалт 50-иас дээш хувьд хүрсэн газар хамаарна.

 5.6.Хөрс бохирдуулагч химийн бодисын нэр төрөл, хүлцэх агууламжийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

5.7.Цөлжилтийн зэрэглэлийг дараах байдлаар ангилна:

5.7.1.цөлжилтийн сул зэрэглэлд хөрсний доройтлын сул зэрэглэлд багтах тухайн газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.1 нэгжээр буурсан газар хамаарна;

 5.7.2.цөлжилтийн дунд зэрэглэлд хөрсний доройтлын дунд зэрэглэлд багтах тухайн газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.2 нэгжээр буурсан газар хамаарна;

 5.7.3.цөлжилтийн хүчтэй зэрэглэлд хөрсний доройтлын хүчтэй зэрэглэлд багтах газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.3 нэгжээр ихээр буурсан газар хамаарна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх нийтлэг арга хэмжээ

6.1.Хөрс хамгаалахад дараах нийтлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.сул зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд сэргийлэх;

6.1.2.дунд зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд сааруулах;

6.1.3.хүчтэй зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд тэмцэх;

6.1.4.хөрсийг нөхөн сэргээх;

6.1.5.хөрс хамгаалах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;

6.1.6.олон салаа зам гаргахгүй байх. 

6.2.Цөлжилттэй тэмцэхэд дараах нийтлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.2.1.бүс нутгийн онцлогт тохируулан газрын тогтвортой менежментийг бий болгох;

6.2.2.ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг дэмжих;

6.2.3.усны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нэмэгдүүлэх;

6.2.4.ой болон ургамлыг хамгаалах, ойжуулах;

6.2.5.тариалангийн талбайн хөрс хамгаалах.

Хэвлэх

7 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ

7.1.Хөдөө аж ахуйн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх;

7.1.2.цомхотгосон болон элдэншүүлээгүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх;

7.1.3.энэ хуулийн 7.1.2-т заасан зурвасны урт нь 100 м, өргөн нь 10 м-ээс багагүй байна;

7.1.4.бэлчээрийг тухайн орон нутгийн малын тоо толгойд тохируулан улирлын хуваарьтай ашиглах.

7.2.Хот тосгон, суурин газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.2.1.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон цэгээс бусад газарт хөрсийг хог хаягдлаар бохирдуулахгүй байх;

7.2.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан бохир ус зайлуулах байгууламжтай байх;

7.2.3.барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын ажлын явцад болон дууссаны дараа эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээх;

7.2.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн болон өмчлөлийн газрын 10 хувиас доошгүй талбайд зохих журмын дагуу мод тарьж, зүлэгжүүлэх;

7.2.5.тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох.

7.3.Тусгай хэрэгцээний газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 7.3.1.бичил уурхайн зориулалтаар олгосон газар болон газрын тосны гэрээт талбай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа явцад доройтсон хөрсийг биологийн нөхөн сэргээлтийн стандартын шаардлагад нийцүүлэн нөхөн сэргээх;

 7.3.2.аймаг дундын отрын бэлчээрийн болон улсын тэжээлийн сангийн хадлангийн талбайн газрыг хуваарьтай сэлгэн ашиглах;

7.4.Ойн сангийн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.4.1.мод бэлтгэсэн талбайг хээршихээс өмнө ойжуулах;

7.4.2.мод бэлтгэлийг технологийн дагуу явуулах;

7.4.3.хөрсний ялзмаг, үржил шимийг тогтоох, доройтлоос хамгаалах зорилгоор гуу, жалга үүсэж болох газарт хаалт хамгаалалт хийх, ойжуулах.

 8 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх

8.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлах, түүнийг хэрэгжүүлэх;

8.1.2.хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.энэ хуулийн 6.1.3, 6.1.6, 6.2.1, 6.2.2, 6.2.4, 7.3.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.

8.2.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.хөрсийг хaмгаалах, цөлжилтөөс сэргийлэх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.2.2.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, нөхөн сэргээх технологи болон хохирлын нөхөн төлбөр тогтоох аргачлал, зааврыг баталж, түүний хэрэгжилтийг хангах;

8.2.3.энэ хуулийн 6.1.2, 6.1.4, 6.1.5, 6.2.3, 6.2.5, 7 дугаар зүйлийн 7.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;

8.2.4.шаардлагатай тохиолдолд батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцон цэргийн дүйцүүлэх алба болон анги нэгтгэлийн албан хаагчдыг хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцуулах;

8.2.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.3.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяалах нутаг дэвсгэртээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн, биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

8.3.2.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр энэ хуулийн 6.1, 6.2, 7.1.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын төсвийг батлах;

8.3.3.хөрсний доройтол, цөлжилтөөс шалтгаалж хүн, малыг нүүлгэн шилжүүлэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн шийдвэр гаргах;

8.3.4.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах;

8.3.5.мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий Засаг даргын саналыг үндэслэн хөрс нь хүчтэй доройтсон газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах.

8.4. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.4.1.хөрсний доройтлыг бууруулах, бохирдлыг аюулгүй болгох, саармагжуулах, дарж булах, хуулж авах зэрэг бусад арга хэмжээг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх;

8.4.2.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр энэ хуулийн 6.1, 6.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

8.4.3.нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;

8.4.4.хөрсний доройтолд орох магадлалтай газар нутгийн жагсаалтыг аймаг, нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналтын байгуулагатай хамтран тодорхойлж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган жил бүр газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

8.4.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хөрс хүчтэй доройтсон, цөлжсөн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газар нутагт тодорхой төрлийн үйл ажиллагааг тав хүртэл жилийн хугацаагаар хязгаарлах, хориглох.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

9.1.Хөрсийг доройтуулж, цөлжилт үүсэх нөхцөл бүрдүүлсэн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, хөрсний бохирдлыг арилгах, нөхөн сэргээх түүнд хариуцлага хүлээлгэх талаар эрх бүхий албан тушаалтнаас шаардах;

9.2.Хөрсний доройтол, цөлжилтийн талаар үнэн зөв мэдээллийг эрх бүхий байгууллагаас авах, өгөх;

9.3.Өөрийн хууль бус үйл ажиллагаанаас хөрсийг доройтуулсан бол хохирлыг арилгаж, хөрсийг нөхөн сэргээх.

9.4.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагааг урамшуулах

10.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан урамшууллыг дараах тохиолдолд олгоно:

10.1.1.тариалангийн газар эзэмшигч, ашиглагч нь хөрсний үржил шимийг анхны үзүүлэлтээс сайжруулсан; 

10.1.2.тариалангийн газрын эргэн тойронд ойн зурвас байгуулсан, жимс, жимсгэний мод тариалсан, үржүүлсэн, хашаалсан;

10.1.3.тухайн орон нутагтаа хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн;

10.1.4.нийтийн эдэлбэр газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийсэн;

10.1.5.уул уурхайн үйл ажиллагаанд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх дэвшилттэй техник, технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй арга технологиор явуулсан;

10.1.6.бэлчээрийг улирлын хуваарьтай сэлгэн ашигласан.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын судалгаа

11.1.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын судалгаа, дүгнэлтийг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэнэ.

11.2.Хөрсний шинж чанарт гарч байгаа өөрчлөлтийг итгэмжлэгдсэн хөрсний лаборатори тогтооно. 

 11.3.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын судалгаанд дараах үйл ажиллагааг хамааруулна:

11.3.1.хөрсний доройтол, цөлжилт үүсгэж байгаа шалтгаан, эх үүсвэрийг тогтоох;

11.3.2.хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэл, тархалтын хүрээг тогтоох; 

11.3.3.хөрсний шинж чанарыг тогтоох;

11.3.4.шууд болон шууд бус хохирлыг тогтоох;

11.3.5.доройтолд орсон хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох;

11.3.6.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг төлөвлөх:

а/хөрс хамгаалах, нөхөн сэргээх;

б/цөлжилтөөс сэргийлэх;

в/цөлжилтийг сааруулах;

г/цөлжилттэй тэмцэх.

 11.4.Хөрсөнд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үйл ажиллагааны зардлыг тухайн газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж, байгууллага өөрөө хариуцах бөгөөд нийтийн эзэмшлийн газрын хөрсөнд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үйл ажиллагааны зардлыг тухайн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хөрсөнд учруулсан хохирлын нөхөн төлбөр

12.1.Хөрсөнд доройтол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

12.2.Гэм буруутай этгээд нөхөн төлбөр төлсөн нь түүнийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх