Хэвлэх DOC Татаж авах
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж

2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.бохирдуулах бодис гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;

3.1.2.“ус бохирдуулагч” гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;

3.1.3.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;

3.1.4.ус бохирдуулсны төлбөр гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;

3.1.5.усны чанарын стандарт гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;

3.1.6.”хаягдал усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;

3.1.7.”ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;

3.1.8.”ариутгах татуурга” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.

4.2.Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна.

4.3.Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана.

4.4.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

4.5.Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн Засгийн газар тогтооно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл

5.1.Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна:

5.1.1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

5.1.2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

5.2.Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт

6.1.Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:

6.1.1хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;

6.1.2 хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;

6.1.3.хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.

6.2.Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

Хэвлэх

7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах

7.1.Төлбөрийн хэмжээг дараах хязгаарт багтаан тогтооно:

Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод дээд
Жинлэгдэх бодис килограмм 100 500
Органик бодис килограмм 100 500
Эрдэс бодис килограмм 50 200
Хүнд металл килограмм 1000 5000
Аюултай бохирдуулах бодис грамм 1000 5000
 

7.2.Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

7.3.Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

8.1.Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:

8.1.1.хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;

8.1.2.хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.

8.2.Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.

8.3.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Төлбөрийг төлөх, тайлагнах

9.1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.

9.2.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

9.2.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

9.2.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

9.2.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

9.3.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын болон усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ