Хэвлэх DOC Татаж авах
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа, энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл /цаашид “эрхийн улсын бүртгэл” гэх/-д бүртгэж баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж

2.1.Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлд бүртгэх эрх

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ:

3.2.1.барьцаа;

3.2.2.түрээс;

3.2.3.сервитут;

3.2.4.узуфрукт;

3.2.5.бусдын газар дээр барилга байгууламж барих эрх;

3.2.6.газар эзэмших, ашиглах эрх.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.3.Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй.

3.4.Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2.1-3.2.4-д заасан эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

3.5.Иргэн Газрын тухай хуулийн 52.7-д заасны дагуу эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж, өвөлжөө, хаваржааны хашааг өмчлөх эрх, түүнтэй холбоотой энэ хуулийн 3.2.1-3.2.4-т заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болно. 

3.6.Энэ хуулийн 3.4, 3.5-д заасан эрхийг бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтална.

3.7.Иргэний хуулийн 182.2-т заасны дагуу хууль буюу гэрээнд тусгайлан заасан бол хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтална. 

Хэвлэх

4 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх баталгаажих

4.1.Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. 

4.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

4.3.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно. 

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийн зарчим

5.1.Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ:

5.1.1.бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх;

5.1.2.бүртгэл үнэн зөв байх;

5.1.3.бүртгэл нэгдсэн байх.

Хэвлэх

6 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх

6.1.Эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байна.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийг мэдээлэл авах тухай бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн төлөөлөгчид бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн зохих төлбөртэйгээр гаргаж өгөх бөгөөд мэдээлэл авсан этгээдийн хүсэлтээр мэдээлэлд дурдсан зүйлд холбогдох хэсгийг зохих төлбөртэйгээр хуулбарлан өгч болно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.3.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтээр эрхийн улсын бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх бөгөөд холбогдох хэсгийг үнэ төлбөргүйгээр хуулбарлан өгч болно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.4.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу гаргаж өгөх мэдээлэл нь өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлын талаархи мэдээллийг агуулсан байна. 

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.5.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасан этгээдэд мөн хуулийн 6.4-т зааснаас өөр мэдээлэл өгөхгүй бөгөөд харин өмчлөгч нь бичгээр зөвшөөрсөн бол дэлгэрэнгүй мэдээллийг өгч болно. Энэ заалт эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны үүрэг гүйцэтгүүлэгчид хамаарахгүй ба Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн барьцаатай холбогдсон мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өгнө.

/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хассан/

6.6.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор мэдээлэл өгнө.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.7.Эрхийн улсын бүртгэлийн талаар мэдээлэл авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.8.Зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэлд зээлдэгчийн эд хөрөнгийн өмчлөлийн талаар эргэлзээтэй, бодит бус мэдээлэл орсон байж болзошгүй байвал уг мэдээллийг хянан шалгах зорилгоор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хүсэлт гаргасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй өгч болно.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

7 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх

7.1.Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна.

7.2.Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно.

7.3.Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. 

7.5.Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.6.Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна.

7.7.Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.

7.8.Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй тухайн бүртгэлийг эрхлэн гүйцэтгэх улсын бүртгэгч, ерөнхий бүртгэгч нар харьцах бөгөөд түүнийг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гадагш гаргахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

8 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэл нэгдсэн байх

8.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын нэгдсэн бүртгэлийг энэ хуулийн 10.1-д заасан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

9 дүгээр зүйл.Бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс

9.1. Энэ хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан тэмдэгтийн хураамж төлнө.

9.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлийн хуулбар хийх, энэ хуулийн 6.2-т заасан этгээдэд мэдээлэл гаргаж өгөх зэрэгт үйлчилгээний хөлс төлөх бөгөөд түүний хэмжээ, захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

9.3.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг давхардуулан авч болохгүй.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, УЛСЫН БҮРТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

/Энэ бүлгийн гарчигт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

/Энэ зүйлийн гарчигт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь улсын ерөнхий бүртгэгч байна. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3.Орон нутагт эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг улсын бүртгэгч эрхэлнэ.

10.4.Эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмыг Засгийн газар батална.

10.5.Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, мэдүүлэг, маягтын загвар, тэдгээрийг хөтлөх журмыг эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

11 дүгээр зүйл.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1.1.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах;

11.1.2.үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн дугаар олгон бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох;

11.1.3.эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх;

11.1.4.эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд энэ хуульд заасны дагуу гаргаж өгөх;

11.1.5.эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;

11.1.6.эрхийн улсын бүртгэлийн архивыг эрхлэн хөтлөх;

11.1.7.тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ /масштаб/ болон шаардлагатай бусад үзүүлэлтийг эрхийн улсын бүртгэлд хавсарган хадгалах;

11.1.8.шүүх, эрх бүхий бусад байгууллагад зохих журмын дагуу лавлагаа гаргаж өгөх;

11.1.9.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийн талаар шүүх, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийж шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, түүнд баяжилт хийх;

11.1.10.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

12 дугаар зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг

12.1.Эрхийн улсын бүртгэлийг улсын бүртгэгч хөтөлнө.

12.2.Улсын бүртгэгчээр хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг ажиллуулна.

12.3.Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэгтэй байна.

12.4.Улсын бүртгэгч дараахь эрхтэй:

12.4.1.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах;

12.4.2.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;

12.4.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.

12.5.Улсын бүртгэгч дараахь үүрэгтэй:

12.5.1.эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх;

12.5.2.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

12.6.Улсын ерөнхий бүртгэгч нь энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд 12.4-т заасан улсын бүртгэгчийн бүрэн эрхийг эдэлж, улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

1.2.7.Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр нь хуульд нийцээгүй байвал тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ

13 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах

13.1.Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2.Сумын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг аймаг дахь улсын бүртгэгчид гаргах бөгөөд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт очиж бүртгэж болно.

13.3.Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна.

13.4.Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана.

13.5.Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:

13.5.1.тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;

13.5.2.газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт;

13.5.3.тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ;

13.5.4.газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;

13.5.5.барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;

13.5.6.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;

13.5.7.өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

13.5.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.

13.6.Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна.

13.7.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ буцаан авах эрхтэй.

13.8.Мэдүүлэг гаргагч нь тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй бол тус улсад байнга оршин суугч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь нотариатаар гэрчлэгдсэн байна.

13.9.Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.

13.10.Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл.Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах

14.1.Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:

14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;

14.1.2.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; 

/Энэ заалтад 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.1.3.энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол;

14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол;

14.1.5.бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;

14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол;

14.1.7.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол;

14.1.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;

14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.

Хэвлэх

15 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журам

15.1.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.2.Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.

15.3.Бүртгэлийн хувийн хэргийг зөвхөн хар бэхээр хөтөлнө.

15.4.Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.

15.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 15.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.6.Ерөнхий бүртгэгч болон тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 15.5-д заасны дагуу гаргасан гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

16 дугаар зүйл.Шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх

16.1.Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ. 

16.2.Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл

17.1.Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

17.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;

17.1.2.тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн дугаар, түүнийг төлөөлөх этгээдийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ;

17.1.3.өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл;

17.1.4.тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;

17.1.5.мэдүүлэг гаргасан огноо;

17.1.6.үл хөдлөх эд хөрөнгийн үнэ /тухайн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон бол өмчлөгчийн тодорхойлсон үнэ, өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ/;

17.1.7.эрхийн улсын бүртгэлийг хаах тухай тэмдэглэл, үндэслэл, шийдвэр;

17.1.8.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар, хугацаа;

17.1.9.эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар;

17.1.10.бүртгэсэн огноо;

17.1.11.хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн баримт бичиг хавсаргасан бол нотариатчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, хувийн дугаар.

17.2.Хуулийн этгээд нь өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгүүлэх бол тухайн итгэмжлэл нь уг байгууллагын эрх баригч, нягтлан бодогч буюу түүний үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг, тамга/тэмдэг/-тай, нотариатаар гэрчлэгдсэн байна.

17.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхтэй холбогдуулж ирүүлсэн албан бичиг, хүсэлт, өргөдөл, гомдол, тэдгээрт өгсөн хариу, түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн талаар өгсөн лавлагаа, мэдээллийн нэг хувийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган архивлана.

17.4.Бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргах аливаа баримт бичгийн хүлээж авсан болон явуулсан огноо, дугаар нь албан ёсоор бүртгэгдсэн байна.

17.5.Бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг ирүүлсэн огнооны дэс дарааллаар дугаарлан хувийн хэргийн тусгай хуудсанд бичилт хийн бүртгэж архивлана.

Хэвлэх

18 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

18.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.

18.2.Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна. 

18.3.Бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэсэн тэмдэглэлийг үндэслэн бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.4.Бүртгэлийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:

18.4.1.үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;

18.4.2.өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг;

18.4.3.хамтран өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, түүний иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, хамтран өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг;

18.4.4.мэдүүлэг гаргасан огноо;

18.4.5.эрхийн улсын бүртгэлийн дугаар.

18.5.Бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно.

18.6.Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

19.1.Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:

19.1.1.үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;

19.1.2.эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;

19.1.З.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх.

19.2.Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

19.3.Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана.

Хэвлэх

20 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх

20.1.Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ:

20.1.1.хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;

20.1.2.үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан;

20.1.З.өмчлөгчийг иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр гарсан;

20.1.4.шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;

20.1.5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол;

/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.6.энэ хуулийн 7.6-д заасны дагуу ерөнхий бүртгэгчийн шийдвэр гарсан.

20.2.Энэ хуулийн 20.1.1-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол зөвхөн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

20.3.Энэ хуулийн 20.1.2-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

20.4.Энэ хуулийн 20.1.3-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэрээр өмчлөгчийн эрх эдлэх болсон этгээдийн гаргасан мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

20.5.Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

20.6.Энэ хуулийн 20.1.5-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол барьцааны зүйлийг худалдан борлуулсан бол худалдан авагчийн хүсэлт, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг; барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу барьцаалагчид шилжүүлсэн бол барьцаалагчийн хүсэлт, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

20.7.Энэ хуулийн 20.1.6-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх

21.1.Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно. 

21.2.Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.3.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор урьдчилсан тэмдэглэл хийх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

21.4.Худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөгч нь урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж болох ба хүсэлтэд худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тухай баримтыг хавсаргана.

21.5.Гэрээслэгчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийж байгаа бол тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатчийн тодорхойлолтыг хавсаргана.

Хэвлэх

22 дугаар зүйл.Урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох

22.1.Дараахь тохиолдолд урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоно:

22.1.1.энэ хуулийн 21.4-т заасны дагуу өмчлөгчийн гаргасан хүсэлт нь баримтаар нотлогдсон;

22.1.2.өмчлөгч урьдчилсан тэмдэглэл хийлгэсний улмаас удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдаж байна гэж үзэж Иргэний хуулийн 185.5-д заасны дагуу хүсэлт гаргасныг худалдан авагч зөвшөөрсөн; 

22.1.3.гэрээслэгч гэрээслэлээ хүчингүй болгосон;

22.1.4.өв нээгдэж өмчлөх эрх шилжсэн.

Хэвлэх

23 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийг хаах

23.1.Дор дурдсан тохиолдолд өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно:

23.1.1.өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан;

23.1.2.эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн хүсэлтээр нэг өмчлөгчид шилжсэн;

23.1.3.шүүх, арбитрын шийдвэр гарсан. 

Хэвлэх

24 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх

24.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. 

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.2.Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна.

24.3.Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй.

24.4.Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.

24.5.Энэ хуулийн 24.4-т заасан тохиолдолд мэдүүлэг гаргасан огноог шүүх, арбитрын шийдвэр гарсан өдрөөр тогтооно. 

24.6.Шүүх, арбитрын шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг тусгаагүй байвал ерөнхий бүртгэгч тухайн байдлыг тодруулж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж болно.

24.7.Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах ба мэдүүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг хавсаргана.

24.8.Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24.9.Эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

25 дугаар зүйл.Дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх

25.1.Дундаа хэсгээр өмчлөгч этгээд өөрт ногдох хэсгээ бусдад худалдах буюу бусад хэлбэрээр шилжүүлсэн бол шинэ өмчлөгч нь өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг гаргах бөгөөд ийнхүү эрх шилжүүлэх ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэнэ:

25.1.1.дундаа хэсгээр өмчлөгч бусад этгээд нь Иргэний хуулийн 108.3, 108.6-д заасан журмын дагуу давуу эрхээ эдэлж, тэргүүн ээлжинд худалдаж авсан бол эрх шилжүүлэн авсан этгээдийн мэдүүлэг, холбогдох бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна;

25.1.2.дундаа хэсгээр өмчлөгч бусад этгээд нь тухайн хэсгийг худалдаж авахаас татгалзсан, эсхүл Иргэний хуулийн 108.7-д заасан хугацаанд хариу өгөөгүй бол эрх шилжүүлэх этгээд нь өөрт ногдох хэсгийг гуравдагч этгээдэд худалдах эрхтэй бөгөөд энэ журмаар эрх шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт давуу эрхтэй этгээдийн эрхийг зөрчөөгүй тухай баримтыг хавсаргана.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт зохих өөрчлөлт оруулж шинэ өмчлөгчид бүртгэлийн гэрчилгээ олгоно.

25.3.Энэ хуулийн 25.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл хийхэд энэ хуулийн 24.8-д заасан хугацааг баримтална.

25.4. Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийн бүртгэлтэй холбогдсон маргаан өмчлөгч этгээдүүдийн дунд гарсан бол уг маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ

26 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл

26.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрхийг энэ тухай талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэх бөгөөд эрхийн улсын бүртгэлд энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь зүйлийг тусгана:

26.1.1.гэрээний төрөл, агуулга;

26.1.2.гэрээний талууд, тэдгээрийн эдэлбэл зохих онцгой эрх;

26.1.3.гэрээний зүйл, түүний тодорхойлолт, үзүүлэлт;

26.1.4.гэрээний хугацаа;

26.1.5.гэрээгээр тохиролцсон үнэ;

26.1.6.гэрээ дуусгавар болох үндэслэл.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан гэрээ нь хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн дугаар бүхий “бүртгэв” тэмдгийг дарж, гарын үсэг зурна.

26.3.Гэрээг энэ хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэсэн бол гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

26.4.Энэ хуулийн 26.1-д заасан эрхийг бүртгүүлэх мэдүүлэгт үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана.

Хэвлэх

27 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийх

27.1.Энэ хуулийн 3.2-т заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бол энэ тухай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэнэ.

27.2.Талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн, гэрээ дуусгавар болсон, түүнчлэн гэрээний зохигчид өөрчлөгдсөн бол энэ тухай хувийн хэрэгт нэмэлт тэмдэглэл хийнэ.

27.З.Энэ хуулийн 26.1-д заасны дагуу бүртгүүлсэн эрх дуусгавар болсон бол энэ тухай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэж хаана.

Хэвлэх

28 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл

28.1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

28.2.Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана:

28.2.1.барьцааны гэрээ болон түүний хуулбар;

28.2.2.барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг;

28.2.3.үйлчилгээний хураамж төлсөн баримт.

28.3.Хуульд заасан үндэслэлээр үүссэн барьцаалах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд тусгайлан мэдүүлэг шаардахгүй бөгөөд үйлчилгээний хураамж төлөхгүй.

28.4.Энэ хуулийн 28.2-т заасан эрхийн улсын бүртгэлийг уг барьцаагаар үүрэгжсэн өмчлөх эрхийн бүртгэлтэй нэгэн зэрэг хийнэ.

28.5.Энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болно.

28.6.Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцааг бүртгүүлэхэд энэ хуулийн 28.2.1-28.2.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана:

28.6.1.барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай лавлагаанаас бусад барьцаалбар, түүний хуулбар;

28.6.2.барьцаалбарт хавсаргасан баримт бичиг, түүний хуулбар.

28.7.үндсэн үүрэг буюу гэрээгээр үүссэн эрхийг шилжүүлсний улмаас барьцаалагч солигдсон бол өмнөх болон шинэ барьцаалагчийн хамтарсан мэдүүлгийг үндэслэн ипотекийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

28.8.Барьцааг бүртгэх дараалал нь улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг зохих баримт бичгийн хамт хүлээн авсан он, сар, өдрөөр тодорхойлогдоно.

28.9.Гуравдагч этгээдийн хувьд хүлээж авсан барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үеэс барьцааны эрх үүссэн гэж үзнэ.

28.10.Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийг бүртгүүлэх мэдүүлэгт төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрлийг хавсаргана.

/Энэ зүйлийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

281 дүгээр зүйл.Ипотекийг бүртгэхээс татгалзах буюу хойшлуулах

281.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан үндэслэл байвал ипотекийг бүртгэхээс татгалзах эрхтэй. 

281.2.Дараахь тохиолдолд ипотекийн бүртгэлийг 1 сараас илүүгүй хугацаагаар хойшлуулж болно:

281.2.1.энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй;

281.2.2.гэрээ, барьцаалбар, тэдгээрийн хавсралт нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй;

281.2.3.ирүүлсэн баримт бичиг нь хуурамч эсэхийг шалгах үндэслэл байгаа бол.

281.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ипотекийн бүртгэлийг хойшлуулах тухай шийдвэр гаргахдаа шаардагдах баримт бичгийг ирүүлэх буюу илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах бөгөөд тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлээгүй бол ипотекийг бүртгэхээс татгалзана.

281.4.Барьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхийн талаар болон түүнийг гүйлгээнд оруулсан тухай маргааныг шүүх хянаж байгаа бол түүнийг шийдвэрлэх хүртэл улсын бүртгэлд бүртгэхийг хойшлуулна.

281.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ипотекийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ мэдүүлэгт тэмдэглэж хуульд заасан хугацааны дотор барьцаалагч, барьцаалуулагч нарт мэдүүлэг болон хавсралт баримт бичгийг буцаана.

/281 дүгээр зүйлийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

282 дугаар зүйл.Ипотекийн бүртгэлийг нотлох

282.1.Барьцааны эрхийн улсын бүртгэлийн тэмдэглэлд доорх мэдээллийг тусгана:

282.1.1.анхны барьцаалагч;

282.1.2.барьцааны зүйл;

282.1.3.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, эсхүл уг хэмжээг тодорхойлох журам.

282.2.Гэрээнд барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчлэхээр заасан бол энэ тухай тэмдэглэлд тусгана. 

282.3.Барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ барьцааны гэрээнд, хэрэв барьцааны эрх хуулиар үүссэн бол барьцаагаар үүрэг хүлээсэн барьцаалуулагч нь өмчлөгч болохыг нотолсон баримт бичигт тус тус бичилт хийх бөгөөд уг бичээст эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэх байгууллагын бүтэн нэр, бүртгэсэн он, сар, өдөр, газар, бүртгэлийн дугаарыг тусгаж эрхийн улсын бүртгэл хийж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарна.

282.4.Барьцаа нь гэрээгээр үүссэн бол уг гэрээний хуулбарыг, хуулиар үүссэн бол ийнхүү барьцаа үүссэнийг нотлох баримт бичгийг хавсаргана.

/282 дугаар зүйлийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

29 дүгээр зүйл.Ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх

29.1.Ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг түүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргана. 

29.2.Ипотек, түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү нэгэн зэрэг өөр этгээдэд шилжиж болох бөгөөд энэ тухай баримтыг мэдүүлэгт хавсаргана.

29.3.Иргэний хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан гуравдагч этгээд ипотекийг өөртөө шилжүүлэн авах тухай мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд мэдүүлэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасныг нотлох баримтыг хавсаргана.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.4.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 29.1, 29.3-т заасны дагуу гаргасан мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.5.Хэд хэдэн ипотек нэг этгээдээс өөр этгээдэд зэрэг шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг түүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргана.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

29.6.Хэд хэдэн ипотек нэг этгээдээс өөр этгээдэд зэрэг шилжсэнийг бүртгүүлэхдээ нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт ийнхүү шилжүүлснийг нотлох гэрээг хавсаргана.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

29.7.Барьцааны эрх нь барьцаалбараар гэрчлэгдэж байгаа бөгөөд талууд барьцаалбарыг бүртгүүлэхээр тохиролцоогүй бол энэ хуулийн 29.5, 29.6-д заасан журам хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

30 дугаар зүйл.Ипотек өмчлөгчид шилжсэнийг бүртгэх

30.1.Ипотек нь Иргэний хуулийн 168.1-д заасны дагуу өмчлөгчид шилжсэн бол өмчлөгч нь ипотекийг дуусгавар болгож, эрхийн улсын бүртгэлээс хасуулах, эсхүл бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан тухай баримтын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. 

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

30.2.Өмчлөгч энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж ипотекийг өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмыг баримтлан уг өөрчлөлтийг бүртгэнэ. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

30.3.Өмчлөгч нь Иргэний хуулийн 168.3-т заасны дагуу ипотекийг дуусгавар болгохоор гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө болон ипотек нэг этгээдэд шилжих бол энэ тухай урьдчилан тэмдэглүүлэх хүсэлт гаргах бөгөөд эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийнэ. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

31 дүгээр зүйл.Ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольсныг бүртгэх

31.1.Өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 165.3-т заасны дагуу ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар солихоор тохиролцсон бол уг өөрчлөлтийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах бөгөөд мэдүүлэгт шаардлагыг ийнхүү солих тухай үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсоныг гэрчлэх баримтыг хавсаргана.

31.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 31.1-д заасан мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

311 дүгээр зүйл.Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх

311.1.Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт, түүнчлэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааг дуусгавар болгоно.

311.2.Барьцаагаар хангагдах үүргийг бүрэн гүйцэтгэснээс хойш 30 хоногийн дотор барьцаалагч нь барьцааны гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн бичгийг барьцаалуулагчид өгнө.

311.3.Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно.

311.4.Энэ хуулийн 311.3-т заасан тохиолдолд барьцаалбарыг барьцаалуулагчид түүний шаардсанаар шилжүүлнэ.

/311 дүгээр зүйлийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

312 дугаар зүйл.Ипотекийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах

312.1.Дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

312.1.1.барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс хууль бусаар татгалзсан буюу зайлсхийсэн;

312.1.2.барьцаалбарыг анхны барьцаалагчид олгохоос хууль бусаар татгалзсан;

312.1.3.ипотекийн бүртгэлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахаас хууль бусаар татгалзсан;

312.1.4.тогтоосон журмыг зөрчиж барьцааны эрх дуусгавар болсон тухай бүртгэл хийсэн;

312.1.5.барьцааны зүйл байхгүй байхад барьцааны гэрээг бүртгэсэн;

312.1.6.улсын бүртгэлийн байгууллагын хуульд нийцээгүй бусад үйлдлийн талаар.

/312 дугаар зүйлийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

313 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагын хүлээх хариуцлага

313.1.Ипотекийг бүртгэсэн болон бүртгэх үүрэгтэй байгууллага дор дурдсан хууль бус үйлдэл буюу эс үйлдэхүйгээр учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй:

313.1.1.ипотекийг улсын бүртгэлд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан;

313.1.2.улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас үндэслэлгүйгээр татгалзсан;

313.1.3.улсын бүртгэлд бүртгэх хуулиар тогтоосон хугацааг үндэслэлгүйгээр хойшлуулсан буюу хэтрүүлэн саатуулсан;

313.1.4.улсын бүртгэлийн тэмдэглэлд хуульд зааснаар тусгавал зохих шаардлагыг хангаагүй, эсхүл өөр бусад алдаа гаргасан;

313.1.5.анхны буюу шинээр үйлдсэн барьцаалбар олгоогүй;

313.1.6.бүртгэлийг хууль бусаар хаасан;

313.1.7.хуурамч бүртгэл хийсэн болон хуульд заасан бусад үндэслэл байвал.

/313 дугаар зүйлийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

32 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэл

32.1.Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

32.2.Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн гэрээг бүртгүүлэх бол мэдүүлэгт уг үл хөдлөх эд хөрөнгө нь төрийн өмч мөн болохыг гэрчилсэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.

32.3.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 32.1, 32.2-т заасан мэдүүлэг, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түрээсийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.4.Түрээсийн эрхийн улсын бүртгэлд дараахь зүйлийг тусгана:

32.4.1.түрээслэгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, түрээслэгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн дугаар, түүнийг төлөөлөн түрээсийн гэрээ байгуулах этгээдийн эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;

32.4.2.түрээслүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршил, гэрээний үнэ, нөхцөл, хугацаа.

32.5.Газар түрээсэлж байгаа бол мэдүүлэгт түрээслэх газрын кадастрын зургийг хавсаргана.

Хэвлэх

33 дугаар зүйл.Сервитутын бүртгэл

33.1.Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг хавсаргана.

33.2.Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг хавсаргана. 

33.3.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 33.1, 33.2-т заасан мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

34 дүгээр зүйл.Узуфруктын бүртгэл

34.1.Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.

34.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага узуфруктыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34.3.Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд энэ хуулийн 28, 32 дугаар зүйлүүдэд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. 

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

35 дугаар зүйл.Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэл

35.1.Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх /цаашид “барилга байгууламж барих эрх” гэх/ олж авсан этгээд уг эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт барилга байгууламж барих эрхтэйг нотолсон бичиг баримтын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. 

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

35.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээж авснаас хойш ажлын 3 өдрийн дотор барилга байгууламж барих эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

35.3.Барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлд дараахь зүйлийг тусгана:

35.3.1.газар өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;

35.3.2.тухайн газрын кадастрын зураг, хэмжээ;

35.3.3.барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн дугаар, түүнийг төлөөлөх этгээдийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;

35.3.4.барилга байгууламж барих эрхийн хугацаа;

35.3.5.барилга байгууламж барих эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;

35.3.6.хуульд зааснаар баримт бичгийг гэрчилсэн нотариатчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, хувийн дугаар.

35.4.Барилга байгууламж барих эрхийг өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

35.5.Барилга байгууламж барих эрхийн үндсэн дээр баригдсан барилга байгууламж өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хаана.

Хэвлэх

36 дугаар зүйл.Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл

36.1.Бусдын газрыг эзэмших, ашиглах эрх олж авсан этгээд түүнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт дараахь баримт бичгийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана:

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

36.1.1.Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ; 

36.1.2.газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээ;

36.1.3.төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр;

36.1.4.газрын кадастрын зураг;

36.1.5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл.

36.2.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 36.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

36.3.Мэдүүлэгт дурдсан газрыг урьд нь өөр этгээд эзэмшиж, ашиглахаар бүртгэгдсэн бол улсын бүртгэгч газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.

36.4.Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлд дараахь зүйлийг тусгана:

36.4.1.газар эзэмшигч, ашиглагчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, газар эзэмшигч, ашиглагч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн дугаар, түүнийг төлөөлөн уг газрыг эзэмших, ашиглах этгээдийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;

36.4.2.тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал;

36.4.3.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар;

36.4.4.газар эзэмших, ашиглах зориулалт;

36.4.5.газар эзэмших, ашиглах эрх олгосон үндэслэл, он, сар, өдөр, уг эрх дуусах хугацаа;

36.4.6.эзэмших, ашиглах газрын нэгж талбайн хэмжээ;

36.4.7.газар олгоход тавьсан нөхцөл, болзол;

36.4.8.газар эзэмших, ашиглах эрхэд тавьсан хязгаарлалт;

36.4.9.бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөх эрх; 

36.4.10.газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх;

36.4.11.газар эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн тухай тэмдэглэл;

36.4.12.газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр.

36.5.Газар эзэмшигч, ашиглагч нь гэрээний үндсэн дээр буюу эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчлөгдөх, газрын талбайн хэмжээ, үндсэн зориулалт өөрчлөгдөх бүрт эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.

36.6.Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах газрын кадастрын зураг, газар эзэмших, ашиглах гэрчилгээ болон газар эзэмших, ашиглах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

37 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бусад байгууллагад мэдээлэл өгөх

/Энэ зүйлийн гарчигт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

37.1.Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн улиралд банкны зээлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг Монголбанкинд, шинээр бүртгэгдсэн болон өмчлөгч нь өөрчлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг Үндэсний татварын албанд улирал бүрийн сүүлчийн сарын 25-30-ны хооронд гаргаж өгнө.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан мэдээллийн маягтын загварыг эрхийн улсын ерөнхий бүртгэгч холбогдох байгууллагуудтай хамтран батална.

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

38 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

/Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

39.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР