Хэвлэх DOC Татаж авах
БОНД ГАРГАХ ТУХАЙ /Нийслэлийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

 /Нийслэлийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 
 

2003 оны 3 дугаар

сарын 31-ний өдөр                                                                                                  Дугаар 114                                                                                                               Улаанбаатар хот

 

 

БОНД ГАРГАХ ТУХАЙ
 


Монгол Улсын “Үнэт цаасны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жилийн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайн төсөлд зарцуулах Нийслэлийн тусгай зориулалтын бонд гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс /Д.Ганболд/-т даалгасугай.

Хоёр.“Нийслэлийн тусгай зориулалтын бондыг арилжаалах, бүртгэх, төлбөр тооцоо хийх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Бонд гаргаж төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Бондыг гаргах, арилжаалах, төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зарцуулах, бондын төлбөрийн явцад хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх үүрэг бүхий хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Нийслэлийн тусгай зориулалтын бондыг нэг бүр нь 10000 төгрөгийн үнэтэйгээр 620000 ширхэг буюу нийт 6,2 тэрбум төгрөгийн бондыг дундаж нь 1,65 хувийн хүүтэйгээр 3-12 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эхний багцыг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Үнэт цаасны мэргэжлийн байгууллагаар зуучлуулан нийтэд санал болгон арилжаалахыг Хяналтын зөвлөл /Ч.Сумаахүү/-д зөвшөөрсүгэй.

Дөрөв. Нийслэлийн тусгай зориулалтын бондын төвлөрсөн мөнгөн хөрөнгийг холбогдох журмын дагуу төсөлд зарцуулахдаа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль"-ийн дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажлын явцад өдөр тутам хяналт тавин ажиллахыг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар /М.Цэлмэг/-т даалгасугай. 

Тав. Нийслэлийн тусгай зориулалтын бондын борлуулалт, төлбөр тооцоо, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Хяналтын зөвлөл /Ч.Сумаахүү/-д даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 

                                    УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                                                 М.ЭНХБОЛД