Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ / Нийслэлийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2004 оны 2 дугаар

сарын 10-ны өдөр                                                                                         Дугаар 49                                                                                                   Улаанбаатар хот


 

ЖУРАМ БАТЛАН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ 

 

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2, "Авто замын тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журмыг 1 дүгээр хавсралт, төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тээврийн хэрэгслээс тасалбар авах цэгийн байршил, тасалбар хураагчийн тусгай таних тэмдэг, зориулалтын хувцасны загварыг тогтоож хэрэгжүүлэхийг Нийслэлийн Зам тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т даалгасугай.

3.Нийслэлийн нутаг дэвсгэрийн төв хэсгийн хүн ам, тээврийн хэрэгслийн төвлөрөл ихтэй худалдаа, соёл, үйлчилгээний төвүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын орчимд 2004 оны 1 дүгээр улиралд багтаан 5-аас доошгүй авто машины зогсоолын талбайн газрын асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Газрын алба /Б.Төмөрхуяг/-д даалгасугай.

4.Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс зам, зогсоол, талбай ашигласны төлбөр авч байгааг хүчингүй болгож энэхүү захирамжийн дагуу зохицуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замаар зорчиж байгаа авто тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлыг зохион байгуулах ажилтнуудын зардлыг төлбөрийн орлогоос гаргахаар тооцож бүтэц зохион байгуулалтыг баталж хэрэгжүүлэхийг Хотын ерөнхий менежер /Т.Бадамжунай/-т даалгасугай.

6.Энэхүү захирамжийг зөрчсөн иргэн, албан тушаалтанд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байхыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасугай.

7. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Г.Галсанпунцаг/, Татварын газар /С.Энхбаатар/, Зам тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т тус тус үүрэг болгосугай.


 

 

 

                                                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                                                                  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                 М.ЭНХБОЛД