A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

УДИРДЛАГЫН АКАДЕМИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчдыг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын академийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулсугай. (Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 106 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Удирдлагын академийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 106 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Удирдлагын академийн орон тооны хязгаарыг тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 106 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Удирдлагын академид 2013 оноос өмнө элсэн бакалаврын зэрэг олгох сургалтад суралцаж байгаа суралцагчдын хичээлийн хөтөлбөрийг хэвээр үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захиралд даалгасугай.

5. Тус академийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын академи болгох, түүний дүрмийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ