A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

УЛААН БУУДАЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 151.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудай үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 70.0 (далан) мянган төгрөгөөр тогтоож, 2012 оны төсөвт тусгагдаагүй санхүүжилтийг 2013 оны улсын төсөвт тусган, мөн оны I улиралд багтаан олгохыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай. /Энэ заалтад ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 31-р тогтоолоор өөрчлөлт орсон/ (Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор 2011 онд улсын төсвөөс санхүүжүүлсэн 35.0 (гучин таван) тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулан 2013 онд багтаан төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.

3. Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолын дагуу Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулсан 80.8 (наян мянга найман зуун) мянган тонн хүнсний буудайн борлуулалт, үүссэн өр, авлагатай холбоотой асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Тариаланг дэмжих санд хадгалагдаж байгаа хүнсний буудайг гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах бодлого, зохицуулалтын хүрээнд дотоодод болон гадаадад зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА