Хэвлэх DOC Татаж авах
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж

2.1.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

3.1.2.“хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө” гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;

3.1.3.“хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө” гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;

3.1.4.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчим

4.1.Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

4.1.1.сайн дурын гишүүнчлэлтэй байх;

4.1.2.гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;

4.1.3.гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;

4.1.4.хараат бус бие даасан байх;

4.1.5.гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;

4.1.6.нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих;

4.1.7.ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.8.санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

4.1.9.бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

5 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах

5.1.Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болно.

5.2.Үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаснаар үүсгэн байгуулах хурал хуралдуулах шийдвэр гаргана:

5.2.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;

5.2.2.хуульд нийцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төслийг боловсруулсан;

5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ

6.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:

6.1.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал;

6.1.2.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр;

6.1.3.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оршин байх газрын хаяг;

6.1.4.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;

6.1.5.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;

6.1.6.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.

Хэвлэх

7 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайлан

7.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайланд дор дурдсан зүйлийг тусгана:

7.1.1.үүсгэн байгуулагчдын оруулсан хувь хөрөнгө болон тухайн хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн талаарх мэдээлэл;

7.1.2.үүсгэн байгуулагчдын үйл ажиллагааны улмаас үүссэн бөгөөд хадгаламж, зээлийн хоршоонд шилжих эрх, үүргийн талаарх мэдээлэл, холбогдох баримт.

Хэвлэх

8 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурал

8.1.Энэ хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангасан үүсгэн байгуулагчид хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлыг зарлан хуралдуулж болно.

8.2.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хуралд бүх гишүүд оролцсоноор тухайн үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болно.

8.3.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлын дарга, нарийн бичгийн даргыг хуралд оролцогчдын олонхийн саналаар сонгоно.

8.4.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлын дарга нь шударга, нээлттэй байх зарчмыг баримтлан хурлын дэгийг хэлэлцүүлэн тогтоож, хурлыг удирдан явуулна.

8.5.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ:

8.5.1.хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулах эсэх;

8.5.2.хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төсөл;

8.5.3.хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох.

8.6.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлын явцад тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд хурал удирдсан дарга, нарийн бичгийн дарга болон хуралд оролцсон бусад үүсгэн байгуулагч гарын үсэг зурж баталгаажуулна.

8.7.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлын тэмдэглэлд дор дурдсан зүйлийг тусгасан байна:

8.7.1.хуралдсан он, сар, өдөр, газар;

8.7.2.хуралд оролцсон үүсгэн байгуулагчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

8.7.3.хурлын ирц;

8.7.4.хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан санал, дэмжсэн саналын хувь, шийдвэр.

8.8.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

8.9.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурал хуралдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан үүсгэн байгуулагчид үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайлан болон төвлөрсөн хөрөнгийг Тэргүүлэгчдийн зөвлөлд хүлээлгэн өгнө.

8.10.Тэргүүлэгчдийн зөвлөл нь энэ хуулийн 8.9-д заасан баримт бичиг, хөрөнгийг хүлээн авч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандана.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэм

9.1.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэм нь түүний үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг бөгөөд түүнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

9.1.1.хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

9.1.2.хадгаламж, зээлийн хоршоог тодорхой хугацаагаар байгуулж байгаа бол уг хугацаа;

9.1.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;

9.1.4.гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, идэвхтэй болон идэвхгүй гишүүний эрх, үүрэг, хариуцлага;

9.1.5.хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, гарах болон гишүүнээс хасах;

9.1.6.хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулах хувь хөрөнгийн доод хэмжээ, энэ хуулийн 43.2-т заасан хязгаарын хүрээнд нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ, оруулсан хувь хөрөнгийг бусдад шилжүүлэх;

9.1.7.бүх гишүүдийн хурлын эрх хэмжээ, хурлыг хуралдуулах, санал хураах;

9.1.8.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах журам;

9.1.9.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагаа;

9.1.10.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хугацаа, хариуцлага;

9.1.11.жил, улирлын тайлан гаргах, бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлд тайлагнах;

9.1.12.тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдлыг нөхөх хэлбэр;

9.1.13.нөөцийн санг бүрдүүлэх, түүнийг зарцуулах асуудал;

9.1.14.хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн асуудал;

9.1.15.нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлтэй гишүүнд хүлээлгэх хариуцлага;

9.1.16.данс нээх, хаах, дансны мэдээлэлтэй танилцах;

9.1.17.сонирхлын зөрчил бүхий үйлдлийн талаарх зохицуулалт;

9.1.18.хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

9.1.19.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

9.1.20.холбогдох шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг гишүүд, холбогдох бусад этгээдэд хүргэх, мэдээлэх;

9.1.21.нууцад хамаарах мэдээлэл.

9.2.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд энэ хуулийн 9.1-д зааснаас бусад зүйлийг хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж болно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх

10.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/-нд хандана.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны нэр

11.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард “Хадгаламж, зээлийн хоршоо” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ХЗХ” гэсэн товчилсон тэмдэглэгээ заасан байна.

11.2.Хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэрд хэн нэг үүсгэн байгуулагч гишүүний нэр, эсхүл өөр хуулийн этгээдийн төрөл, зохион байгуулалтыг илэрхийлсэн нэр, тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно. 

11.3.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршооноос бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэртэй хамт энэ хуулийн 11.1-д заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.

11.4.Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн оноосон нэрийг Хорооны зөвшөөрлөөр өөрчилж болно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны оршин байгаа газар

12.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн оршин байгаа газрын хууль ёсны хаяг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын долоон өдрийн дотор Хороо болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ. 

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

13 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа

13.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхэлнэ.

13.2.Хадгаламж, зээлийн хоршоо улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй.

13.3.Хадгаламж, зээлийн хоршоог тодорхой хугацаагаар, эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тодорхой хугацаа заагаагүй бол тухайн хадгаламж, зээлийн хоршоог тодорхой бус хугацаагаар байгуулсанд тооцно.

13.4.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ.

13.5.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.

13.6.Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хуулийн 13.4, 13.5-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

13.7.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж, ажиллана.

13.8.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн үүргийг эхний ээлжинд хоршооны гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгөөр хангана.

13.9.Хадгаламж, зээлийн хоршооны салбар байгуулах асуудлыг Хорооноос баталсан журмаар зохицуулна.

13.10.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

13.11.Хадгаламж, зээлийн хоршоо нь бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй бөгөөд төр нь хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

14.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 30 өдөрт хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан болохыг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ:

14.1.1.Хорооноос баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

14.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

14.1.3.үүсгэн байгуулах хурлаас гаргасан үүсгэн байгуулах тухай шийдвэр;

14.1.4.үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан үүсгэн байгуулах тухай гэрээ;

14.1.5.үүсгэн байгуулагчдын талаарх мэдээлэл;

14.1.6.хадгаламж, зээлийн хоршооны дүрэм;

14.1.7.хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээ;

14.1.8.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;

14.1.9.хадгаламжийн үйл ажиллагааны журам;

14.1.10.зээлийн хороо болон зээлийн үйл ажиллагааны журам;

14.1.11.эхлэлтийн баланс;

14.1.12.тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн мэргэжил, мэргэшил, ур чадварын талаарх мэдээлэл;

14.1.13.үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээний талаарх мэдээлэл;

14.1.14.энэ хуулийн 15.3-т заасан журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох бусад баримт бичиг.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

15.1.Хороо нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг бүрэн гүйцэд баримт бичиг хүлээн авснаас хойш ажлын 45 өдрийн дотор шийдвэрлэнэ.

15.2.Энэ хуулийн 13.4-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, тэдгээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, хэрэгжилтэд хяналт тавих, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон нөхцөл, шаардлагыг Хороо тогтооно.

15.3.Хороо нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олгоно:

15.3.1.өргөдөл, түүний бүрдэл баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан;

15.3.2.тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, тэдгээрийн гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангасан;

15.3.3.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө нь бодитой, үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг тусгасан;

15.3.4.энэ хуулийн 15.2-т заасны дагуу Хорооноос тогтоосон, энэ хуулийн 13.4-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй хадгаламж, зээлийн хоршоонд Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, энэ тухай үндэслэл бүхий хариу өгнө.

15.5.Тусгай зөвшөөрлийг гурав хүртэл жилийн хугацаатай олгох ба уг зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

15.6.Өргөдөл гаргагч нь Хорооны тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэр хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор гомдлоо Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд гаргана.

15.7.Хорооноос тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт энэ хуулийн 15.6-д заасан хугацаанд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн, эсхүл уг гомдлыг шийдвэр хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дахин тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргаагүй бол Хороо нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд, мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

15.8.Хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш энэ хуулийн 14.1-д заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргаагүй, эсхүл уг хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршооны эрх бүхий этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог шүүх татан буулгах үндэслэл болно.

15.9.Хорооноос тусгай зөвшөөрөл олгосноос хойш нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагааг эрхлээгүй, эсхүл эрхэлсэн боловч үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд тасалдсан хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг Хороо хүчингүй болгож болно. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсноос хойш гурван сарын дотор тусгай зөвшөөрөл авахаар Хороонд дахин хандаагүй, эсхүл хандсан боловч Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол уг хадгаламж, зээлийн хоршоог Хорооны хүсэлтээр шүүх татан буулгаж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа

16.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно.

16.2.Хадгаламжийн үйл ажиллагааны бодлогыг хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурлаас батална.

16.3.Хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгөд хамаарахгүй бөгөөд уг хөрөнгийг зөвхөн зээлийн болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээний эх үүсвэр болгон ашиглахаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

16.4.Гишүүний хадгаламжийг барьцаалж, түүнд зээл олгож болно.

16.5.Хадгаламжийг хамтран эзэмшиж болох бөгөөд хамтран эзэмшигч нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байх эсэх асуудлыг тухайн хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр зохицуулна.

16.6.Нэг гишүүнээс авч болох хадгаламжийн хэмжээнд Хороо хязгаарлалт тогтоож болно.

16.7.Хадгаламж, зээлийн хоршоо гишүүдийнхээ хадгаламжийн баталгааг хангах үүрэгтэй.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа

17.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.

17.2.Зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож болно.

17.3.Хадгаламж, зээлийн хоршоо олгосон зээлийнхээ чанарт тогтмол хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн санг зохих журмын дагуу тогтоосон хэмжээгээр тухай бүр байгуулж, ажиллах үүрэгтэй.

17.4.Нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээг Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр тогтооно.

17.5.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байна.

17.6.Энэ хуулийн 16.4-т заасны дагуу зээл олгосон тохиолдолд тухайн гишүүний хадгаламжаас хийж болох гүйлгээг түүнд олгосон зээлийн төлөгдөөгүй хэмжээгээр хязгаарлана.

17.7.Гишүүний оруулсан хувь хөрөнгийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

17.8.Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй.

17.9.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгоход тэдгээрийн хашиж буй албан тушаалаас нь хамаарч аливаа давуу байдал, эсхүл хөнгөлөлт эдлүүлж болохгүй.

17.10.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл олгох асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд тухайн албан тушаалтан оролцохыг хориглоно.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

18.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно:

18.1.1.энэ хуулийн 13.4-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосноос хойш хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;

18.1.2.гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах;

18.1.3.банк, санхүүгийн байгууллага, төсөл болон хөтөлбөрөөс бусад этгээдээс зээл, зээлтэй адилтгах нөхцөлөөр аливаа хөрөнгө татан төвлөрүүлэх;

18.1.4.хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайланд тусгагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд ашиглах;

18.1.5.зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад зорилгоор ашиглах, захиран зарцуулах;

18.1.6.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны амжилт, орлогын талаар таамаглал дэвшүүлсэн, эсхүл орлого, хонжвор амласан, татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон зээлийн хүүг нийтэд сурталчлах;

18.1.7.татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гишүүд болон нийтийн дунд төлбөрт таавар, бооцоот тоглоом болон аливаа хэлбэрийн хонжвор бүхий сугалаа зохион байгуулах;

18.1.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл нийтэд тараах;

18.1.9.хуулийн этгээдэд хувь нийлүүлэх;

18.1.10.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд хандив өгөх.

18.2.Хадгаламж зээлийн хоршооны гишүүний талаарх мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад задруулахыг хориглоно:

18.2.1.тухайн гишүүн зөвшөөрсөн;

18.2.3.Хороо, шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

18.3.Энэ хуулийн 18.1, 18.2-т заасныг зөрчсөн үйлдэл нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно.

18.4.Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон өдрөөс эхлэн тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүдээсээ нэмж хадгаламж авах, зээл олгохыг хориглоно. Гагцхүү тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон өдрөөс өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг хангах, уг өдрөөс өмнө татан төвлөрүүлсэн хадгаламжийг эргэн төлөх ажиллагааг эрхэлж болно.

18.5.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүдэд хадгаламж, зээлийн хоршооноос цалин олгохгүй бөгөөд тэдгээрийн сонгуульт үүрэгтэй холбогдон гарсан зардлыг хадгаламж, зээлийн хоршооноос олгоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

19 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл

19.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь 20-оос доошгүй гишүүнтэй байна.

19.2.Энэ хууль болон түүнд нийцүүлэн баталсан тухайн хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон шаардлагыг хангасан эрх зүйн бүрэн чадамж бүхий Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хоршооны гишүүнээр элсэж болно.

19.3.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн дор дурдсан нөхцөлийн аль нэгийг нь хангасан байна;

19.3.1.ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг;

19.3.2.үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/;

19.3.3.нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг.

19.4.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүмүүс тухайн хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэж болно. Энэ тохиолдолд нэгдмэл сонирхолтой этгээд болохоо хадгаламж, зээлийн хоршоонд урьдчилан мэдэгдэнэ.

19.5.Нийт гишүүний 10-аас дээшгүй хувь нь хуулийн этгээд байж болно.

19.6.Энэ хуулийн 19.1-19.4-т заасан гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагад нийцүүлэн бусад шаардлагыг хадгаламж, зээлийн хоршоо өөрийн дүрмээр тогтоож болно.

19.7.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо энэ хуулийн 19.1-д заасан хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор хуралдуулж, татан буулгах эсэх асуудлыг хэлэлцүүлнэ.

19.8.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн өөрийн хадгаламж, зээлийн хоршоонд төлөх өр төлбөр, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол түүний хадгалуулсан хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож, үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр аливаа гүйлгээ хийхийг хориглоно. 

Хэвлэх

20 дугаар зүйл. Гишүүний бүртгэл

20.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ.

20.2.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсч болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна. 

20.3.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал болон албан тушаалтан нь тухайн этгээдэд хамаарах гишүүний бүртгэлд туссан мэдээллийг саадгүй гаргаж өгөх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор саадгүй, шуурхай хангах үүрэгтэй.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Гишүүнээр элсэх

21.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно.

21.2.Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана.

21.3.Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

21.4.Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүн элсүүлэхдээ гишүүний заавал оруулах хувь хөрөнгө, гишүүний хураамжаас бусад төлбөр шаардах эрхгүй.

21.5.Энэ хуулийн 20.2-т заасан шаардлагыг хангасан.

Хэвлэх

22 дугаар зүйл.Гишүүнчлэлээс гарах

22.1.Гишүүн нь өөрийн хүсэлтээр хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлээс гарч болох ба энэ тухай тэргүүлэгчдийн зөвлөлд 30 хоногийн өмнө урьдчилан бичгээр мэдэгдэнэ.

22.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүнээс энэ хуулийн 22.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тооцоог 30 хоногийн дотор хийнэ.

22.3.Энэ хуулийн 19.2-т заасан шаардлагыг хангахгүй болсон гишүүн энэ тухайгаа хадгаламж, зээлийн хоршоонд сайн дураар мэдэгдэж, гишүүнчлэлээс гарах мэдэгдэл өгөх үүрэгтэй.

22.4.Энэ хуулийн 22.3-т заасан үүргийг биелүүлээгүй нь тухайн гишүүнийг гишүүнчлэлээс хасах үндэслэл болох бөгөөд түүний гишүүний бүрэн эрхийг энэ хуулийн 22.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон өдрөөр дуусгавар болсонд тооцно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Гишүүнээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх

23.1.Гишүүн нь энэ хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрэм болон бусад журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаатай зөрчсөн, заавал оруулах хувь хөрөнгийг бүрэн оруулаагүй, гишүүний эрх, үүрэг, хувь хөрөнгөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны бусад гишүүнд шилжүүлэх замаар гишүүнчлэлээс гарсан, эсхүл идэвхгүй гишүүнд тооцогдсоноос хойш тогтоосон хугацаанд гишүүнээр үлдэх тухай хүсэлтээ хадгаламж, зээлийн хоршоонд гаргаагүй бол тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр гишүүнээс түдгэлзүүлэх, гишүүнээс хасч болно.

23.2.Хадгаламж, зээлийн хоршоо энэ хуулийн 23.1-д заасан гишүүнд түүний гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэх тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд оролцох боломжийг олгоно.

23.3.Гишүүнээс хассан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл түдгэлзүүлсэн буюу хасагдсан тухайн гишүүн энэ тухай шийдвэр гарснаас хойш бүх гишүүдийн хуралд гомдол гаргаж болно.

23.4.Түдгэлзүүлсэн гишүүн бүх гишүүдийн хурлаар түүний гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан гишүүний эрхийг эдлэхгүй.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх дуусгавар болох

24.1.Дор дурдсан тохиолдолд хоршооны гишүүний эрх нь дуусгавар болно:

24.1.1.хоршооны гишүүний гишүүнчлэлээс гарах хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөл зөвшөөрсний дагуу гишүүнчлэлийн бүртгэлээс хассанаар;

24.1.2.хоршооны гишүүн нь эрхээ бусдад шилжүүлсний дагуу гишүүнчлэлийн бүртгэлд өөрчлөлт хийснээр;

24.1.3.тухайн хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр давхар гишүүнчлэлийг зөвшөөрөөгүй тохиолдолд, эсхүл өөр хадгаламж, зээлийн хоршоонд давхар гишүүнчлэлтэй болсон.

24.2.Дор дурдсан тохиолдолд хоршооны гишүүний эрх дуусгавар болсонд тооцогдоно:

24.2.1.гишүүн эрх зүйн бүрэн чадамжаа алдсан;

24.2.2.гишүүн нас барсан буюу нас барсан гэж тооцогдсон;

24.2.3.гишүүн хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан.

24.3.Хадгаламж, зээлийн хоршоо татан буугдсанаар гишүүнчлэл дуусгавар болно.

Хэвлэх

25 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх нь дуусгавар болсон этгээдтэй тооцоо хийх

25.1.Гишүүний эрх нь дуусгавар болсон, дуусгавар болсонд тооцогдсон гишүүнтэй хийх оруулсан хувь хөрөнгөтэй холбоотой төлбөр тооцооноос бусад өр төлбөрийн тооцоог тухайн гишүүний эрх нь дуусгавар болсон буюу дуусгавар болсонд тооцогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

25.2.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан этгээдэд ногдох хувь хөрөнгийг тухайн жилийн санхүүгийн тайлангаар нэг гишүүнд ногдох хувь хөрөнгийн хэмжээтэй хувь тэнцүүлэн тодорхойлсны дараа Иргэний хуульд заасны дагуу холбогдох этгээдэд шилжүүлнэ.

25.3.Энэ хуулийн 25.2-т заасан хөрөнгийг хүлээн авах этгээд байхгүй бол уг хөрөнгийг идэвхгүй гишүүний хөрөнгийн адил тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгана. 

25.4.Гишүүний эрх нь дуусгавар болсон буюу дуусгавар болсонд тооцогдсон этгээдтэй хийх тооцоотой холбогдсон гомдлыг зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.

Хэвлэх

26 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх, үүрэг

26.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн дор дурдсан эрх эдэлнэ.

26.1.1.бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох;

26.1.2.бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах саналыг гаргах;

26.1.3.тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүнийг сонгох, сонгогдох;

26.1.4.гишүүнчлэл бүхий хадгаламж, зээлийн хоршоондоо мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах;

26.1.5.бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны талаар Хороонд гомдол гаргах;

26.1.6.гишүүнчлэлээс гарах;

26.1.7.энэ хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон хязгаарын хүрээнд хувь хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах;

26.1.8.хадгаламж, зээлийн хоршоо татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгөөс оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хувь хөрөнгө авах;

26.1.9.өөрийн оруулсан хувь хөрөнгөө хууль, журмын дагуу бусдад шилжүүлэх, өв залгамжлуулах;

26.1.10.хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад эрх.

26.2.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ:

26.2.1.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, түүний санхүү, эдийн засгийн болон хөрөнгийн байдал, жил, улирлын санхүүгийн тайлан, мэдээ, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны тайлан, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн бүртгэлтэй тогтмол танилцах;

26.2.2.хувь хөрөнгийг тогтоосон хугацааны дотор оруулах;

26.2.3.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэрийг биелүүлэх;

26.2.4.хадгаламж, зээлийн болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

26.2.5.гишүүний бүртгэлд тусгагдсан мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр шуурхай мэдэгдэх.

26.3.Хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр зөвшөөрөөгүй бол тухайн хоршооны гишүүн нь өөр хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байхыг хориглоно.

Хэвлэх

27 дугаар зүйл.Гишүүний хүлээх хариуцлага

27.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр бүрэн барагдуулна.

27.2.Хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх хариуцлагыг гишүүн нь зөвхөн өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хариуцах ба хувийн өмчийн хөрөнгөөрөө хариуцахгүй.

27.3.Хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон ашиг, орлого, эд хөрөнгөө бусдын өмчлөлд буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийн улмаас гишүүнээс хассан буюу гишүүний эрхийг түдгэлзүүлсэн нь тухайн гишүүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА, ДОТООД ХЯНАЛТ

28 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны зохион байгуулалт

28.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, ажилтантай байна.

28.2.Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хуулийн 28.1-д зааснаас гадна бусад зохион байгуулалтын бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно. 

Хэвлэх

29 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурал

29.1.Хадгаламж, зээлийн хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

29.2.Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал дор дурдсан бүрэн эрхтэй байна:

29.2.1.хадгаламж, зээлийн хоршооны дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

29.2.2.хадгаламж, зээлийн хоршооны бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн жилийн үйл ажиллагааны төсвийг баталгаажуулах;

29.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, батлах;

29.2.4.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;

29.2.5.хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг батлах;

29.2.6.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, бусад үйл ажиллагааны дотоод журмыг батлах;

29.2.7.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагааны талаар гишүүдээс гаргасан гомдол, саналыг авч хэлэлцэх;

29.2.8.гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд ба доод хэмжээг энэ хуулийн 43.2-т заасан хязгаарын хүрээнд тогтоох, өөрчлөх;

29.2.9.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, дотоод аудитын үйл ажиллагааны зардлын хязгаар, урамшууллын хэмжээг тогтоох;

29.2.10.хуульд өөрөөр заагаагүй бол хадгаламж, зээлийн хоршоодын холбоонд гишүүнээр элсэх, гишүүнээс гарах асуудлыг шийдвэрлэх;

29.2.11.хадгаламж, зээлийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

29.2.12.жилийн санхүүгийн тайлан тэнцлийг батлах, тухайн жилийн хоршооны орлого хуваарилах, алдагдал нөхөх талаар шийдвэр гаргах;

29.2.13.өөрийн хөрөнгийн болон нөөц хөрөнгийн хэмжээг тогтоох, алдагдлыг нөөц хөрөнгөөс нөхөх талаар шийдвэр гаргах;

29.2.14.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

29.2.15.өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

29.2.16.хууль, дүрэмд заасан бусад асуудал.

29.3.Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлаар хадгаламж, зээлийн хоршооны дотоод ил тод байдлын талаарх энэ хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээний хэрэгжилт, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, Хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаарх дүгнэлтийг заавал хэлэлцүүлнэ.

Хэвлэх

30 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах

30.1.Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

30.2.Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргана.

30.3.Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, эсхүл нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувийн бичгээр гаргасан саналыг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл зарлан хуралдуулна.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах саналд хурал хуралдуулах үндэслэл, хэлэлцэх асуудлын төслийг хавсаргасан байна.

30.5.Дараах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулна:

30.5.1.хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах;

30.5.2.хадгаламж, зээлийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон;

30.5.3.энэ хуулийн 30.3-т заасан эрх бүхий этгээд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах санал гаргасан;

30.5.4.бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах талаар Хорооны, эсхүл шүүхийн шийдвэр гарсан.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах

31.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулна.

31.2.Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.

31.3.Бүх гишүүдийн хурлын зарыг нэгэн зэрэг хүргэх боломжийг хангаж, мэдээллийн дараах арга, хэрэгслийг ашиглана:

31.3.1.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл;

31.3.2.захидал болон хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад арга хэрэгсэл.

31.4.Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний гишүүдийн бичгээр гаргасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, эсхүл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай Хороо, шүүхийн шийдвэрийг хүлээн авсан тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор зарлан хуралдуулна.

31.5.Шаардлагатай гэж үзвэл тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болох ба хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг ажлын 10 өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ.

Хэвлэх

32 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлын ирц, хурлаас шийдвэр гаргах

32.1.Нийт саналын эрхтэй гишүүн бүрт бүх гишүүдийн хурлын зарыг албан ёсоор хүргэсэн байх ба хурлын зарын талаар хуралд ирсэн гишүүдэд танилцуулна. Хадгаламж, зээлийн хоршоо 100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан ирц хүрээгүй бүх гишүүдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор дахин зарлан хуралдуулах ба хурал хуралдахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ.

32.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

32.4.Оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр саналын нэг эрхтэй оролцоно.

32.5.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтын үндсэн дээр сонгох ба бусад асуудлыг дүрэмд заасан санал хураах журмын дагуу шийдвэрлэнэ.

32.6.Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно.

32.7.Бүх гишүүдийн хурлын зарыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч хуралд ирээгүйгээс үүсэх хариуцлагыг хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.

32.8.Гишүүн нь энэ хуулийн 26.2.5-д заасны дагуу өөрийн оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтийг мэдэгдээгүйгээс үүсэх хариуцлагыг тухайн хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.

Хэвлэх

33 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлын дэг, хурлын тэмдэглэл

33.1.Бүх гишүүдийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, түүний эзгүйд тэргүүлэгчдийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч удирдана.

33.2.Бүх гишүүдийн хурлаас хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг сонгоно.

33.3.Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:

33.3.1.бүх гишүүдийн хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа;

33.3.2.бүх гишүүдийн хурлын ирц;

33.3.3.энэ хуулийн 33.2-т заасан гишүүдийн нэр, сонгосон саналын хувь;

33.3.4.бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлууд;

33.3.5.бүх гишүүдийн хурлын санал хураалтын арга, хэлбэр;

33.3.6.хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр гаргах.

33.4.Хурлын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн гишүүн болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Тэргүүлэгчдийн зөвлөл

34.1.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдаж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

34.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гурваас доошгүй сондгой тооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг бүх гишүүдийн хурлаас сонгоно.

34.3.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр дор дурдсан шаардлагыг хангасан тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнийг сонгоно:

34.3.1.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

34.3.2.ял шийтгэлгүй;

34.3.3.тухайн сонгуульт ажлыг хашихад харшлах зүйлгүй;

34.3.4.сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаагүй.

34.4.Хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай байвал зохино.

34.5.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр хяналтын зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтныг сонгохыг хориглоно.

34.6.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байна.

34.7.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн болон нөөц гишүүнтэйгээр сонгож болно. Энэ тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн сонгох, нөөц гишүүн сонгох болон уг гишүүний бүрэн эрх үүсэхтэй холбогдсон зохицуулалтыг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тусгана. 

34.8.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн даргыг сонгоно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна.

34.9.Тэргүүлэгчдийн зөвлөл нь 30 хоногт нэгээс доошгүй удаа хуралдах ба олонхийн саналаар шийдвэр гаргана. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

34.10.Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд гурав буюу түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөл бусад гишүүдийнхээ дийлэнх олонхийн саналаар эрхийг нь түдгэлзүүлж болох ба түдгэлзүүлснээс хойш ажлын 45 өдрийн дотор түүнийг эргүүлэн татах асуудлыг тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй.

34.11.Тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй тэргүүлэгчдийн зөвлөлөөс бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд саналын эрх эдлэхгүй.

34.12.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.

34.13.Тэргүүлэгчдийн зөвлөл, түүний гишүүний бүрэн эрх, тэргүүлэгчдийн зөвлөлийн ажиллах зарчмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр нарийвчлан тодорхойлно.

Хэвлэх

35 дугаар зүйл.Тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн эрх

35.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна:

35.1.1.хадгаламж, зээлийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг боловсруулж бүх гишүүдийн хурлаар батлуулах;

35.1.2.хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, журмын хэрэгжилтийг нь хангуулах;

35.1.3.хадгаламж, зээлийн хоршоо нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

35.1.4.хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох;

35.1.5.нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;

35.1.6.жилийн орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн шимтгэлийг бүрдүүлэх, гишүүдэд хүртээх хувь хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;

35.1.7.жил, улирлын санхүүгийн тайлан болон урьдчилсан тооцоогоор үүсэж болзошгүй алдагдлыг нөөцийн сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй, эсхүл хадгаламж, зээлийн хоршоо нь санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон бол энэ тухай Хороонд мэдэгдэж, бүх гишүүдийн хурлаар уг асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх;

35.1.8.бүх гишүүдийн хурлаас баталсан үйл ажиллагааны жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;

35.1.9.сүүлчийн санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх;

35.1.10.бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;

35.1.11.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заагаагүй бол шинэ гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, идэвхгүй гишүүнд тооцох;

35.1.12.хадгаламж, зээлийн хоршооны гишүүн гишүүнээс гарах, эсхүл өөрийн оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх;

35.1.13.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан этгээдтэй зохих журмын дагуу тооцоо хийх;

35.1.14.гишүүний бүртгэлийг хөтлөх, холбогдох өөрчлөлтийг тухай бүрд хийж, гишүүдийн тоо хуулиар тогтоосон доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд энэ талаар Хороонд мэдэгдэж зохих арга хэмжээг авах;

35.1.15.дүрэмд бүх гишүүдийн хурлаас байгуулахаар заагаагүй бол зээлийн хороо болон бусад хороог байгуулах, тэдгээрийн гишүүдийг томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

35.1.16.гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;

35.1.17.үүсгэн байгуулах хурлаас үүсгэн байгуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх, өөрчлөлт гарсан тухай бүр холбогдох өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх;

35.1.18.хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгох зөвшөөрлийг олгох, зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

35.1.19.хуулиар бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад асуудлыг авч хэлэлцэх, шийдвэр гаргах;

35.1.20.төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, эсхүл төсөл, хөтөлбөрийн хүрээнд богино хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй авах шийдвэр гаргах.

Хэвлэх

36 дугаар зүйл.Хяналтын зөвлөл

36.1.Хяналтын зөвлөл нь хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

36.2.Хяналтын зөвлөлийг гурваас доошгүй сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүх гишүүдийн хурлаас байгуулна.

36.3.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол хяналтын зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн болон нөөц гишүүнтэйгээр сонгож болно. Энэ тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн сонгох, нөөц гишүүн сонгох болон уг гишүүний бүрэн эрх үүсэхтэй холбогдсон зохицуулалтыг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тусгана. 

36.4.Хяналтын зөвлөлийн гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, ажилтан байхыг хориглох ба заавал тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байна.

36.5.Хяналтын зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 34.3, 34.4, 34.11-д заасан шаардлага нэг адил хамаарна.

36.6.Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байна. Хяналтын зөвлөлийн гишүүдээс Хяналтын зөвлөлийн даргыг сонгоно.

36.7.Хяналтын зөвлөлийн хурлыг дарга, түүний эзгүйд түүний томилсон хяналтын зөвлөлийн гишүүн зарлан хуралдуулна.

36.8.Хяналтын зөвлөлийн хурал нь гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно.

36.9.Хяналтын зөвлөл нь хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах ба тухайн шийдвэрт дэмжсэн санал өгсөн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

36.10.Хяналтын зөвлөл нь улиралд хоёроос доошгүй удаа хуралдана.

36.11.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх нь хяналтын зөвлөлийг хуралдуулах тухай санал гаргасан, эсхүл хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хяналтын зөвлөлийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

Хэвлэх

37 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн бүрэн эрх

37.1 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна:

37.1.1.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, Хороо, бүх гишүүдийн хурал болон хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг хангуулах;

37.1.2.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах, удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх;

37.1.3.хадгаламж, зээлийн хоршооны бодлогын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргаж бүх гишүүдийн хуралд танилцуулах;

37.1.4.жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн орлого хуваарилалт, алдагдлыг нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;

37.1.5.хяналтын зөвлөл нь гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах, тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах боломжгүй бол гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлэх;

37.1.6.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

37.1.7.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа нь хууль бус, тухайн хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, залруулга хийхийг шаардах;

37.1.8.хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд сануулга өгөх, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд зохих хариуцлага тооцуулахаар санал тавих;

37.1.9.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал болон ажилтанд зээл олгох ажиллагаанд хяналт тавих, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнд зээл олгох асуудлыг шийдвэрлэх;

37.1.10.хяналтын зөвлөл болон эрх бүхий бусад байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон ажилтан биелүүлээгүйгээс хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдэд хохирол учруулсан бол уг асуудлаар хадгаламж, зээлийн хоршооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх ажиллагаанд оролцох;

37.1.11.тэргүүлэгчдийн зөвлөлийн болон зээлийн хорооны хуралд саналын эрхгүй оролцох;

37.1.12.шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулах;

37.1.13.хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

Хэвлэх

38 дугаар зүйл.Зээлийн хороо

38.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн хороотой байна.

38.2.Зээлийн хороог тэргүүлэгчдийн зөвлөл гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба зээлийн хороо нь үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана.

38.3.Зээлийн хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь банк, санхүү, эдийн засаг, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай байна.

38.4.Хадгаламж, зээлийн хоршоо зээлийн хороог бүх гишүүдийн хурлаар байгуулахаар дүрэмдээ зааж болно. Энэ тохиолдолд зээлийн хорооны даргыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс сонгох бөгөөд үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

38.5.Зээлийн хорооны гишүүнд 34.3, 34.4, 34.11-д заасан шаардлага нэгэн адил хамаарах бөгөөд зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

38.6.Зээлийн хорооны хуралдах хугацааг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд нарийвчлан заах ба зээлийн хорооны хуралд гишүүдийн олонх нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

38.7.Зээлийн хороо нь шийдвэрээ хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах ба гарсан шийдвэрийг дэмжсэн санал өгсөн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

38.8.Зээлийн хороо дараах бүрэн эрхтэй байна:

38.8.1.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, тэргүүлэгчдийн зөвлөлд санал оруулах; 

38.8.2.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах;

38.8.3.зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих;

38.8.4.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргах;

38.8.5.хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Гүйцэтгэх захирал

39.1.Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

39.2.Гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилж, гэрээ байгуулах ба үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана. 

39.3.Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэргийг тусгана.

39.4.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.

39.5.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирал нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлгүй байж болно.

39.6.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:

39.6.1.банк, санхүү, эдийн засаг, хууль, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай;

39.6.2.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

39.6.3.ял шийтгэлгүй;

39.6.4.тухайн албан тушаалыг хашихад харшлах зүйлгүй;

39.6.5.сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаагүй.

39.7.Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхтэй байна:

39.7.1.тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад, дотоод харилцаанд хадгаламж, зээлийн хоршоог төлөөлөх;

39.7.2.ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах, түүнтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

39.7.3.хадгаламж, зээлийн хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох;

39.7.4.сүүлийн санхүүгийн тайлангаар баталгаажсан нийт активын 10 хувиас доош хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах.

39.8.Гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 35.1.7-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд энэ талаар тэргүүлэгчдийн зөвлөл болон Хороонд нэн даруй мэдэгдэж цаашид авах арга хэмжээний талаарх санал гаргах үүрэгтэй.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх хариуцлага

40.1.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь хадгаламж, зээлийн хоршооны хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг буруутай этгээд өөрийн хувийн өмчийн хөрөнгөөр хариуцна.

40.2.Хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон ашиг, орлого, эд хөрөнгөө бусдын өмчлөлд буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс нөхөн гаргуулна.

40.3.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тус бүрийн дээд шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь хадгаламж, зээлийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүйг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан боловч уг шийдвэрийг хэрэгжүүлснээс үүссэн хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

40.4.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь хууль бус болон хадгаламж, зээлийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн, шийдвэрийг эс зөвшөөрсөн, тухайн шийдвэр гарахад оролцоогүй, эсхүл эсрэг санал өгсөн нь баримтаар нотлогдож байгаа бол учирсан хохирлыг хариуцахгүй.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг

41.1.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болон хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдэд хохирол учруулж болзошгүй шийдвэрийн талаар мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор дээд шатны байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эсрэг саналаа тухайн шийдвэрийг гаргаж байгаа хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх үүрэгтэй.

41.2.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны нууц мэдээллийг чандлан хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Хэвлэх

42 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл

42.1.Хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан, гишүүний зүгээс өөрт нь, эсхүл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд ашигтай буюу илт давуу байдал тогтоох зорилгоор хийсэн, хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл /эс үйлдэхүй/ илэрвэл тухайн этгээд энэ тухай тэргүүлэгчдэд бичгээр мэдэгдэж, уг асуудлаар шийдвэр гаргах, гэрээ, хэлцэл байгуулахаас татгалзах үүрэгтэй.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасныг зөрчиж хийсэн ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр, гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хариуцна.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН

43 дугаар зүйл.Өөрийн хөрөнгө

43.1.Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийг Хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу бүртгэнэ.

43.2.Хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрч болохгүй.

43.3.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн хөрөнгөд гарсан өөрчлөлт болон гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн талаар хагас, бүтэн жилээр Хороонд мэдэгдэнэ.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Гишүүний оруулсан хувь хөрөнгө, жилийн орлогоос хувь хүртэх

44.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь тухайн хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг заавал оруулна.

44.2.Хадгаламж, зээлийн хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа хуваарилж болно.

44.3.Тухайн жилд гишүүдэд хүртээх хөрөнгийн хэмжээг бүх гишүүдийн хурал тогтооно.

44.4.Тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн бүртгэлийг хөтлөх ба гишүүдийн оруулсан хувь хөрөнгөд ногдох хувь хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа хувь тэнцүүлэн хуваарилна.

Хэвлэх

45 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны идэвхгүй гишүүний хөрөнгө

45.1.Гишүүн нь дараалсан 12 буюу түүнээс дээш сарын хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцоогүй бол уг гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр идэвхгүй гишүүнд тооцож, гишүүний эрхийг түдгэлзүүлж болно.

45.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр мэдэгдэнэ.

45.3.Энэ хуулийн 45.2-т заасан мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан, эсхүл хүлээн авсан боловч ажлын 15 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг идэвхгүй гишүүнд тооцож, түүний оруулсан хувь хөрөнгөтэй дүйцэх хөрөнгө, хадгаламжийн үлдэгдэл, тухайн жилийн орлогоос хүртэх хувь хөрөнгө, хүүгийн төлбөр зэргийг тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгайлан тусгана.

45.4.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу идэвхгүй гишүүнд тооцох тухай тэргүүлэгчдийн шийдвэр гарсан өдрөөс хойш тухайн гишүүний оруулсан хувь хөрөнгөд ногдол хувь хуваарилахгүй, хадгалуулсан мөнгөн хөрөнгөд нь хүү тооцохгүй.

45.5.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу идэвхгүй гишүүнээр тооцогдсон гишүүнийг тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн гишүүн энэ тухай шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар заавал хэлэлцүүлэх бөгөөд бүх гишүүдийн хурлын шийдвэр гарах хүртэлх хугацаанд тухайн гишүүн хүсвэл тэргүүлэгчдийн зөвлөлд хүсэлт гаргаж, гишүүний эрхээ сэргээлгэж болно.

45.6.Идэвхгүй гишүүнтэй хийх төлбөр тооцоог энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

Хэвлэх

46 дугаар зүйл.Санхүүгийн тайлан

46.1.Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна.

46.2.Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ. Хороо нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг шаардан авах эрхтэй.

46.3.Санхүүгийн тайлан дахь үзүүлэлт, тоон мэдээлэл буруу, алдаатай, эсхүл зохих журмыг зөрчиж гаргасан бол холбогдох зөрчлийг арилгах, залруулга хийхийг Хороо тухайн хадгаламж, зээлийн хоршооноос шаардаж болно.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

47 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах

47.1.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

47.2.Хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасны дагуу хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулна.

47.3.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах зөвшөөрөл авахад Хороонд дор дурдсан баримт бичгийг ирүүлнэ:

47.3.1.өргөдөл;

47.3.2.өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;

47.3.3.өөрчлөн байгуулах болсон үндэслэл, шаардлага, өөрчлөн байгуулагдаж байгаа хэлбэр, нөхцөл, хугацаа, өөрчлөн байгуулагдах төлөвлөгөө, үе шат, өөрчлөн байгуулагдан татан буулгасны дараа гишүүдэд ногдох хөрөнгийн тооцоо зэргийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэр, санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;

47.3.4.өөрчлөн байгуулагдсанаас үүсэх санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулагдсаны дараах хуулийн этгээдийн эхлэлтийн тайлан тэнцэл.

47.4.Хороо нь холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэж, шийдвэрийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

47.5.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.

47.6.Хороо шаардлагатай гэж үзвэл хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах ажиллагааны явцад газар дээрх хяналтыг хэрэгжүүлж, арга зүйн зөвлөгөө өгч болно.

Хэвлэх

48 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах

48.1.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгахтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

48.2.Хадгаламж, зээлийн хоршоог дараах тохиолдолд татан буулгана:

48.2.1.шүүхийн шийдвэрээр;

48.2.2.Хорооноос бичгээр зөвшөөрсөн тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэрээр.

48.3.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай асуудлыг санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

48.4.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгийг Хороонд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор татан буулгах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Хороо хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

48.5.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.

48.6.Дараах тохиолдолд Хороо хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана:

48.6.1.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба хадгаламж, зээлийн хоршоо өөрийн санаачилгаар татан буугдаагүй.

48.6.2.Энэ хуулийн 15.8, 15.9-д заасан үндэслэлээр.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОЛБОО

49 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо

49.1.Хадгаламж, зээлийн хоршоод хамтран ажиллах, харилцан туслалцах зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо /цаашид Холбоо гэх/-г энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үүсгэн байгуулж болно.

49.2.Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан холбоо Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны эрх, үүргийг хэрэгжүүлж хоршоодын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг төрийн байгууллага болон гадаад харилцаанд төлөөлөх эрхийг эдэлнэ. Бусад холбоо нь “үндэсний” гэх тодотголыг оноосон нэрд хэрэглэхийг хориглоно.

49.3.Холбоо нь оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байна.

49.4.Холбоо нь хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулна.

49.5.Холбоо нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. 

Хэвлэх

50 дугаар зүйл.Холбооны дүрэм

50.1.Хадгаламж, зээлийн хоршоодын төлөөлөгчдийн хурлаар хуралд оролцогчдын олонхийн саналаар Холбоог үүсгэн байгуулж, Холбооны дүрмийг батална.

50.2.Холбооны дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:

50.2.1.Холбооны дүрмийн зорилт;

50.2.2.Холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

50.2.3.Холбооны үүсгэн байгуулсан он, сар, өдөр;

50.2.4.Холбооны зорилго;

50.2.5.Холбооны бүх гишүүдийн хурлын бүрэн эрх, хурал хуралдуулж, хурлаас шийдвэр гаргах журам;

50.2.6.Холбооны тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох журам;

50.2.7.тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрх;

50.2.8.тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа;

50.2.9.тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар, хурлыг хүчинтэйд тооцох ирц, хурлаас шийдвэр гаргах журам;

50.2.10.гишүүн хадгаламж, зээлийн хоршооноос авах гишүүний татвар, тогтворжилтын үйлчилгээний шимтгэлийг тогтоох журам;

50.2.11.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах журам;

50.2.12.гишүүний эрх, үүрэг, гишүүн элсүүлэх, гишүүнээс гарах журам, дүрэм зөрчсөн тохиолдолд гишүүнд хүлээлгэх хариуцлага;

50.2.13.холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай.

Хэвлэх

51 дүгээр зүйл.Холбооны бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэн эрх

51.1.Холбооны бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

51.1.2.Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

51.1.3.Холбооны жилийн төсвийг батлах;

51.1.4.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх,

51.1.5.Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар тэргүүлэгчдийн зөвлөлийн эрх, хэмжээг тогтоох;

51.1.6.Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.

51.2.Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Холбооны дарга байна.

51.3.Тэргүүлэгчдийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.3.1.гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;

51.3.2.Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;

51.3.3.Холбооны гүйцэтгэх албаны бүтэц, орон тоог тогтоох;

51.3.4.гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх албаны ажилтнуудад олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

51.3.5.тогтворжилтын сангаас санхүүгийн туслалцааг олгох санал гаргах;

51.3.6.Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.

51.4.Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.4.1.тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих;

51.4.2.Холбооны тогтворжилтын үйлчилгээ гишүүн хадгаламж, зээлийн хоршоодод шударга, хүртээмжтэй хүрч байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах;

51.4.3.Холбооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах;

51.4.4.Холбооны жил, улирлын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;

51.4.5.гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах;

51.4.6.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

51.4.7.тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль бус, Холбоо болон гишүүн хадгаламж, зээлийн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах.

Хэвлэх

52 дугаар зүйл.Холбооны хөрөнгийн эх үүсвэр

52.1.Холбооны хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

52.1.1.гишүүний татвар, хандив;

52.1.2.гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

52.1.3.дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

52.1.4.зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.

Хэвлэх

53 дугаар зүйл.Хадгаламж зээлийн хоршоодын холбооны чиг үүрэг

53.1.Холбоо нь гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад туслах, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гишүүддээ үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

53.1.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын боловсон хүчин бэлтгэх асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, гишүүн хоршоодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, харилцан туршлага солилцох, боловсон хүчнийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах, хоршооллын хөдөлгөөний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хоршоог хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх;

53.1.2.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодод мэдээллийн технологийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх бодлого боловсруулж, программ, техник хангамжийг бүрдүүлж, өгөгдлийг нэгдсэн журмаар боловсруулах, мэдээллийн дундын төв байгуулах, мэдээллийн болон техникийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж хамгаалах, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээний мэдээллийн тогтолцоотой холбох;

53.1.3.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн бодлого тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх, санхүү, менежментийн заавар, зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах;

53.1.4.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын аудит, нягтлан бодох бүртгэлийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөлгөө өгөх, хоршоодод хэрэглэгдэх бүртгэлийн болон үйл ажиллагааны нэгдсэн маягт, хадгаламжийн дэвтэр, гэрээний загвар зэргийг боловсронгуй болгон маркетингийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх;

53.1.5.холбоо нь дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтворжилтын үйлчилгээ үзүүлэх.

Хэвлэх

54 дүгээр зүйл.Холбооны үзүүлэх тогтворжилтын үйлчилгээ

54.1.Холбоо нь тогтворжилтын сан байгуулж, санхүүгийн тогтворжилтын үйлчилгээ үзүүлэхэд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

54.1.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийн түвшин, тогтвортой байдалд мониторинг хийх;

54.1.2.хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн байдлыг тогтворжуулах үүднээс санхүүгийн туслалцаа үзүүлэх.

54.2.Тогтворжилтын сангаас санхүүгийн хүндрэлтэй хадгаламж, зээлийн хоршоонд санхүүгийн туслалцаа үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:

54.2.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршоо санхүүгийн туслалцаа авах хүсэлтээ холбоонд гаргах;

54.2.2.холбоо нь тогтворжилтын сангаас санхүүгийн туслалцаа хүссэн хадгаламж, зээлийн хоршооны зээл болон хадгаламжийн багцад хяналт хийх;

54.2.3.холбоо тухайн хадгаламж, зээлийн хоршоонд тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг Хорооны зөвшөөрлөөр олгох.

54.3.Тогтворжилтын сан нь гишүүн хадгаламж, зээлийн хоршоодоос жил бүр төвлөрүүлэх шимтгэл, гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж, үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

54.4.Тогтворжилтын санд татан төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих журам, заавал байх нөөцийн доод хэмжээг Хороо батална. 

54.5.Холбоо нь тогтворжилтын үйлчилгээг Хорооноос баталсан журмын хүрээнд үзүүлнэ.

54.6.Санхүүгийн тогтворжилтын үйлчилгээ авах эрх нь гишүүн хадгаламж, зээлийн хоршооноос шимтгэлийг тогтворжилтын санд бүрэн төлсөн өдрөөс эхлэн үүснэ.

54.7.Тогтворжилтын сангаас олгох санхүүгийн туслалцааны дээд хэмжээ нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тогтворжилтын санд төлсөн нийт шимтгэлийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүүгүй байна.

54.8.Тогтворжилтын сангийн заавал байх нөөцийн хэмжээ нь доод хэмжээнд хүрээгүй бол санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.

54.9.Холбоо тогтворжилтын сангийн улирал, жилийн санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ.

Хэвлэх

55 дугаар зүйл.Хадгаламж хамгаалалтын тогтолцоо

55.1.Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн хадгаламж даатгалтай байна. Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн даатгалтай холбогдсон харилцааг хадгаламжийн даатгалын хуулиар зохицуулна.

Хэвлэх


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

56 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, албадлагын арга хэмжээ

56.1.Хороо хууль тогтоомжид заасны дагуу хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавина.

56.2.Хороо нь шаардлагатай гэж үзвэл дараах албадлагын арга хэмжээг авна:

56.2.1.албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

56.2.2.хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг эгүүлэн татах, хариуцлага тооцох талаар эрх бүхий дээд шатны байгууллага, шүүхэд хүсэлт гаргах;

56.2.3.хадгаламж, зээлийн хоршооны хууль бус, эсхүл гишүүдийн эрх ашигт илт сөргөөр нөлөөлөх шийдвэрийг цуцлах, холбогдох залруулга хийхийг шаардах;

56.2.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд сэргээх;

56.2.5.татан буулгах зөвшөөрөл олгох.

56.3.Энэ хуулийн 56.2-т заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хороо батална.

56.4.Хороо шаардлагатай гэж үзвэл тухайн хадгаламж, зээлийн хоршоо, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл бүхий дундын хоршоон дахь хадгаламжийн данснаас зарлага хийх, зээл олгохыг хориглож болно.

56.5.Санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон тухай бүр хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд Хорооноос хяналт шалгалтыг хийнэ.

56.6.Энэ хуулийн 56.5-т заасан хяналт, шалгалтын дүнгээс хамаарч гарсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх, эсхүл бүх гишүүдийн хурал хуралдуулахыг тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлөөс шаардаж болно.

56.7.Энэ хуулийн 56.6-д заасны дагуу гаргасан Хорооны шаардлагыг тухайн хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл биелүүлээгүй бол тэдгээрийн хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг барагдуулахаар тухайн хадгаламж, зээлийн хоршоо болон түүний гишүүдийн нэрийн өмнөөс Хороо итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Хэвлэх


АРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

57 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

57.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

57.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ