A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХООЛНЫ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 83 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 106 Улаанбаатар хот

ХООЛНЫ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 83 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 600 (зургаан зуун) төгрөгөөр, ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр тогтоосугай. /Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 162 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2017-9-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 1650 (нэг мянга зургаан зуун тавин) төгрөгөөр, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 2315 (хоёр мянга гурван зуун арван таван) төгрөгөөр тогтоосугай. (Энэ заалтын зарим хэсгийг Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр хянаж, зөрүүг нь тооцож байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоолны зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар тогтоол, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 85 дугаар тогтоол, "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 342 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.