Хэвлэх DOC Татаж авах
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2000 оны 3 дугаар                                                                                                                                                                                                       Улаанбаатар 

сарын 15-ны өдөр                                                                                 Дугаар 80/А/35                                                                                                     хот 

 
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ
ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Автотээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох, автотээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:
НЭГ. Нийслэл хотын авто замын нөхцөл байдал болон нийтийн тээврийн үйлчилгээнд зориулалтын бус бага оврын автобуснууд олноор оролцож байгаагаас шалтгаалан төв замуудын хөдөлгөөний ачаалал ихсэж, нийтийн тээврийн хэрэгслүүд буудал, зогсоол дээрээ багтахгүй замын хөдөлгөөнд саатал учруулж, зам тээврийн хэрэг, зөрчил нэмэгдэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөн дэх баруун, зүүн 4 замын уулзвараас дотогш, Бага тойруу, Ард-Аюушийн болон Хувьсгалчдын гудамж, Энхтайвны гүүрнээс Чингисийн өргөн чөлөөгөөр Төв шуудангийн уулзвар хүртэлх замаар дайран өнгөрөх маршрутуудад зөвхөн Монгол улсын стандарт MNS 4598-98-ын 5.1.1-д заасан шаардлагыг хангасан автобусаар 3 дугаар сарын 25-наас эхлэн үйлчилгээг явуулахаар тогтоосугай.
ХОЁР. Хот, хот орчмын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн тээврийн хэрэгсэлд олгох "Тусгай зөвшөөрөл"-ийг 1 дүгээр хавсралтаар, картын загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
ГУРАВ. Автотээврийн тухай хуулийн 15.5.1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх, авто аж ахуйн нэгжээс төр, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, соёлч байдлыг дээшлүүлэх зорилгоор нийтийн зорчигч тээвэрлэлтэд оролцох аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн чадавх, ажлын байр, тоног, төхөөрөмж зэргийн шаардлагыг хангах үзүүлэлтүүдийг 3 дугаар хавсралтаар баталж мөрдүүлсүгэй.
ДӨРӨВ. Автотээврийн тухай хуулийн 15.5.1 дүгээр заалт, Автотээврийн хэрэгслээр нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмын 2.7-г үндэслэн аж ахуйн нэгжийн авто тээврийн дээд, тусгай дунд боловсролтой хүмүүсийг тээвэрлэгч-менежерээр, жолоочийг тээвэрлэгч-жолоочоор, мөнгө хураагчийг тээвэрлэгч-кондуктороор мэргэшүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагын сургалтад хамруулан гэрчилгээ авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг нийтийн зорчигч, такси тээвэрлэлтийн үйлчилгээнд ажиллуулж байхаар 2000 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.
ЗУРГАА. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн зориулалтын их багтаамжит автобусны парк шинэчлэлтийг төвлөрсөн хөрөнгө оруулалтаар хийх эдийн засгийн боломжгүй байгааг үндэслэн импортоор оруулж ирэх их багтаамжит автобусны гаалийн татвар, НӨТ-ийг тэглэх, хотын нийтийн тээврийн зориулалтын бус бага оврын автобусны гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар асуудал боловсруулж энэ оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлэхийг ДБХЯ-ны Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газар /н.Буд/-т даалгасугай.
ДОЛОО. Цахилгаан тээврийн ажил үйлчилгээний онцлог, санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан Цахилгаан тээвэр компанийн төлөх эрчим хүчний үнийг хөнгөлөх чиглэлээр зохицуулалт хийх асуудлыг 2000 оны 3 дугаар сард багтаан шийдвэрлэж өгөхийг ДБХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (н.Батжав), Эрчим хүчний удирдах газар (н.Ёндонгомбо)-т даалгасугай.
НАЙМ. Нийтийн зорчигч тээврийн байгууллагуудыг хувьчлах зарчим, арга хэлбэрийн талаар ДБХЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Өмчийн газрын хамтарсан ажлын хэсгийн боловсруулж, ДБХ-ийн Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж гаргасан бодлого чиглэлийн дагуу хувьчлах асуудлыг энэ оны II улиралд багтаан шийдвэрлүүлэхийг Нийслэлийн өмчийн газар (н.Буянмөнх)-т даалгасугай.
EC. Автотээврийн газар/н.Ориг/-т даалгах нь:
1.Нийтийн тээвэрт оролцдог аж ахуйн нэгж,байгууллагын жолооч, кондуктор нарын үйлчилгээний соёлыг дээшлүүлэн сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор ажлын тусгай хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журмыг гарган хэрэгжүүлэх арга хэмжээг 2000 оны 7 дугаар сарын 1-ний дотор авсугай.
2. Аймаг, нийслэлийн засаг дарга нартай зөвшилцөн улсын чанартай төв замыг түшиглэн шаардлагатай газарт АТШБТ байгуулж, ажиллуулан түүний үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлж байсугай.
АРАВ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /н.Гомбожав/-д даалгах нь:
1. Энэхүү хамтарсан шийдвэрийн 1 дүгээр заалтыг шуурхай хэрэгжүүлэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд оролцох автобусны техникийн байдалд 2000 оны 3 дугаар сарын 25-наас эхлэн үзлэг оношилгоо хийж, карт олгохын хамт нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохих журмын дагуу 2000 оны 5-р сард багтаан зохион байгуулсугай.
2. Хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний буудлууд эцсийн зогсоолуудын талбай болон үйлчилгээнд хяналт тавих диспетчерийн байруудын байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой тогтоож тэдгээрийг барьж байгуулах тохижуулах хөрөнгийг хотын төсөвт тусгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч байсугай.
АРВАН НЭГ. Нийслэлийн Цагдаагийн газар (н.Ганболд), Тээвэр зохицуулалтын газар (н.Нямдаваа)-т даалгах нь:  
1.Автотээврийн тухай хуулийн 7.1.2, 7.1.4 дүгээр заалтыг үндэслэн Нийслэл хот болон түүний дэвсгэр нутгийн харьяалалд байгаа алслагдсан дүүрэг, хороодын оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр үйлчилгээний чиглэл, маршрут шинээр нээх, өөрчлөх ажлыг зохион байгуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан хяналт тавьж хэрэгжүүлсүгэй.
2.Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цаашид зориулалтын их оврын автобусаар үйлчлэх чиглэл, маршрутыг өргөжүүлж байх, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хяналт тавих, хөдөлгөөний зохицуулалт хийх зориулалттай замын гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлээр хангах чиглэл маршрутын зөвшөөрөл, хаяг, дугаар зэрэг үйлчилгээний мэдээллийг буудал зогсоол, тээврийн хэрэгсэл бүрт бий болгох арга хэмжээ авсугай.
3."Нарантуул" Олон улсын худалдааны төв зах хүртэл буюу бусад шаардлагатай чиглэлд чиглэлийн таксины үйлчилгээг тусгайлан тогтоосон буудал зогсоолоос зорчигчдыг тээвэрлэж байхаар зохион байгуулсугай.


                                                         

                                                          ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 



                                                                              Г.БАТХҮҮ                                                                                  М.ЭНХБОЛД