Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН ХЭРЭГЦЭЭНД НӨӨЦӨЛСӨН МАХЫГ БОРЛУУЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2004 оны 3 дугаар

сарын 24-ний өдөр                                                                                      Дугаар 123                                                                                          Улаанбаатар хот

 




УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН

ХЭРЭГЦЭЭНД НӨӨЦӨЛСӨН МАХЫГ БОРЛУУЛАХ ТУХАЙ

 

 

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Нийслэл хотын хүн амын махны хангамжийг тогтмолжуулах, үнийн хөөрөгдөл гаргахгүй байлгах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах ерөнхий хуваарийг 1 дүгээр хавралтаар, мах худалдаалах худалдааны төвүүдийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, нөөцийн махыг борлуулах журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

Хоёр.Мах борлуултын зүй зохистой зохион байгуулах, нөөцийн махыг шууд хэрэглэгчдэд хүргэх бөөний үнийг 1250-1300 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс /Ш.Гантөмөр/, Багахангайн Мах боловсруулах үйлдвэр /Б.Содномцог/-т тус тус даалгасугай.  

Гурав. Нөөцөд бэлтгэсэн махыг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд саадгүй оролцуулах, мах борлуулах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Ц.Амгаланбаяр/, Нийслэлийн цагдаагийн газар /Н.Ганболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Г.Галсанпунцаг/-т тус тус даалгасугай.

Дөрөв.Нөөцийн махын борлуулж байгаа аж ахуйн нэгжид өөрийн худалдааны төвд мах худалдах байр, талбайн хөлс болон мал эмнэлэг, ариун цэврийн хураамжаас бүрэн чөлөөлж, махны үнийг тогтвортой барих зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлд үйл ажиллагааг явуулдаг худалдааны төвүүдийн дарга нарт даалгасугай. /Энэ хэсгийн 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон/.

Тав.Нөөцийн махнаас гадна Улаанбаатар хотод орон нутгаас ирж байгаа махыг нийслэлийн худалдааны төвүүдэд бөөний үнээр шат дамжлагагүй лангуу болон хэрэглэгчдэд шууд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Тохижилт үйлвэрлэл, үйлчилгээний хэлтэс, холбогдох хяналтын байгууллагуудад үүрэг болгосугай.

Зургаа.Үнийн хөөрөгдөл гаргуулахгүй байх зорилгоор худалдаалах нөөцийн махны нэмэгдэл өртгийг татвараас чөлөөлж тооцохыг Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай. /Энэ хэсгийг 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон/.

Долоо.Энэ захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД          

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                      М.ЭНХБОЛД