A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ОРОН ТООНЫ АЖЛЫН АЛБАДЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажил үүргийн давхардлыг арилгаж шат дамжлагыг цөөлөх, давхар бүтэц бий болгохгүй байх зорилгоор Хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн явцад хяналт тавих үүрэг бүхий орон тооны зөвлөл, Хөрөнгө оруулалтын зөвлөлдөх зөвлөлийн ажлын алба, Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын алба, Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба, "Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлын алба (Төв), "Ногоон хэрэм" Үндэсний хөтөлбөрийн удирдах зөвлөлийн ажлын алба, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны ажлын алба, Сангийн яаман дахь Ядуурлын судалгааны нэгж, Хүний хөгжлийн сангийн ажлын албыг тус тус татан буулгасугай.

2. Дээр дурдсан албадыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь тухайн асуудлыг эрхэлсэн нэгж, ажилтанд хариуцуулахыг холбогдох сайд нарт даалгасугай.

3. Ойн үндэсний хороо, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын үүргийг яамныхаа эрхэлсэн нэгж, ажилтанд хариуцуулж орон тоог нь цомхотгохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

4. Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд усны нэгдсэн бодлого, газар зохион байгуулалтын асуудал хамаарах болсонтой холбогдуулан Усны үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 9, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 5 байхаар тус тус тогтоосугай.

/Энэ заалтыг ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 323-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан ажлын албадын 2012 оны үйл ажиллагааны зардлыг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт, 2013 оны үйл ажиллагааны зардлыг татан буугдсан ажлын албадын үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан болон холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

6. Дараахь арга хэмжээг авч дүнг Засгийн газрын хуралдаанд оруулахыг сайд нарт даалгасугай:

-Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг нэгтгэх, цэгцлэх ажлын хүрээнд өөрийн эрхлэх асуудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн ажлын албадын орон тоог оновчтой тогтоох, цөөрүүлөх;

-Засгийн газрын шийдвэрээр байгуулсан зарим Үндэсний хороо, зөвлөлийн дэргэд орон тооны ажлын алба байгуулсан, ажилтан ажиллуулсан тушаал, шийдвэрээ хянаж үзэх.

7. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын орон тоо хасагдсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралтын "Нарийн бичгийн дарга-Орон тооны" гэснийг "...Нарийн бичгийн дарга–Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга" гэж өөрчилсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар тогтоолоор баталсан "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-ийн Долдугаар бүлгийн 1 дэх заалтын "Хорооны нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан байна" гэснийг, "Хөтөлбөр, журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан, мэдээ гаргах журам"-ын 7, 8 дахь заалт, "Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан "Ногоон хэрэм" Үндэсний хөтөлбөрийн 5 дугаар бүлгийн 1-ийн "б" заалтын 2 дахь өгүүлбэр, "Орон тооны хязгаарыг баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг, "Дүрэм батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 214 дүгээр тогтоол, "Бүтэц батлах тухай" Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол, "Зөвлөл байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 40 дүгээр тогтоол, "Үндэсний хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 289 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 197 дугаар тогтоол, "Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 209 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ