Хэвлэх DOC Татаж авах
ХҮНСНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хүнсний тухай хууль тогтоомж

2.1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг;

3.1.2.“хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг;

3.1.3.“хүнсний чанар” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг;

3.1.4.“хүнсний эрүүл ахуй" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5-д заасныг;

3.1.5.“органик хүнс” гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг;

3.1.6.“стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг;

3.1.7.“шим тэжээллэг хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг;

3.1.8.“шинэ технологиор үйлдвэрлэсэн” гэж Монгол Улсад урьд өмнө нь үйлдвэрлэж, практикт хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн, эсхүл шинэ технологийг импортлон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь батлагдсан, хуульд заасны дагуу эрхийн хамгаалалт хийгдсэнийг;

3.1.9."хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;

3.1.10.“бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө” гэж хүнсийг боловсруулах шатанд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг бичил биетэн, тэдгээрийн биомасс бэлдмэлийг;

3.1.11.“хүнсний сүлжээ” гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.6-д заасныг;

3.1.12.“хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийг;

3.1.13.“зохистой дадал” гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.19-4.1.21–д заасныг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангах зарчим

4.1.Хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:

4.1.1.хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх;

4.1.2.хүнс нь хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээллэг найрлагатай байх;

4.1.3.хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх;

4.1.4.хүнсний талаарх мэдээлэл үнэн зөв, ил тод, бодитой байх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНСНИЙ ХАНГАМЖ

5 дугаар зүйл.Хүнсний хангамжийг тодорхойлох

5.1.Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний хангамжийг тодорхойлно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хүнсний нөөц

 6.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ.

 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Засгийн газар хүнсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас хамааран энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.

6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.

6.6.Хүн амын эмзэг бүлгийг тодорхойлох аргачлал гаргаж, судалгаа хийх, тэдний хүнсний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.

6.7.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно.

6.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно.

6.9.Энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

6.11.Гадаадын зээл, тусламжаар хүнс авахтай холбогдсон харилцааг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс

7.1.Удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ.

7.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14.1-д заасан журмын дагуу хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг бүртгэнэ.

7.3.Хувиргасан амьд организмаас гаралтай импортын хүнсний талаар хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх/ болон биоаюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

7.4.Гадаадын зээл, тусламжаар хувиргасан амьд организмаас гаралтай хүнс авахыг хориглоно.

Хэвлэх

8 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал

8.1.Төрөөс дор дурдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг, урамшуулал үзүүлж болно:

8.1.1.стратегийн хүнсний үйлдвэрлэл;

8.1.2.дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний хүнсний импорт;

 8.1.3.хүүхдийн хоол тэжээл болон органик хүнсний үйлдвэрлэл;

8.1.4.хүний бие махбодийг бүхэлд нь, эсхүл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий биологийн идэвхт бодис, баяжуулсан, ашигтай бичил биетэн агуулсан зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэл;

8.1.5.үйл ажиллагаандаа зохистой дадал, энэ хуулийн 10.2.1-д заасан хяналтыг нэвтрүүлсэн;

8.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалсан;

8.1.7.дотоодын түүхий эд ашиглан шинэ технологиор импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

8.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд олгох урамшуулалтай холбогдсон харилцааг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.

8.3.Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно.

8.4.Энэ хуулийн 8.1.2-т заасан өргөн хэрэглээний хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.5.Энэ хуулийн 8.1, 8.3-т заасан үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, урамшууллын хэлбэр, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах

9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 9.1.1.хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд гаргаж, дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;

9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан судалгаанд үндэслэн хүн амын зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

9.1.3.шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний эрсдэлийг үнэлэх журам батлах.

9.2.Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай биологийн идэвхт хүчин зүйлээр баяжуулах, эсхүл илүүдэл бодисын агууламжийг багасган зохицуулж болно.

9.3.Хүнсийг баяжуулах, найрлагыг нь зохицуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА

10 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага

10.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина:

10.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах; 

10.1.2.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;

10.1.3.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;

10.1.4.үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх;

10.1.5.боловсруулах болон нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;

10.1.6.үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

10.1.7.хуульд заасан бол тусгай зөвшөөрөл авсан байх.

10.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно:

10.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;

10.2.2.хүнсний чанарын удирдлага;

10.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.

10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага

11.1.Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

11.2.1.экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;

11.2.2.импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;

11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;

11.2.4.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.

11.3.Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ

12 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт

12.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг Засгийн газар батална.

12.3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт

13.1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт дараах үйл ажиллагаагаар хэрэгжинэ:

13.1.1.зах зээл дэх хүнсний чанар, шим тэжээллэг байдалд хийх тандалт судалгаа;

13.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;

13.1.3.хүнс экспортлох, импортлоход тавих гаалийн болон хорио цээрийн хяналт;

13.1.4.стратегийн хүнс экспортлох, импортлох тохиолдолд энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олголт.

13.2.Энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

13.3.Хуульд заасан хүрээ, хязгаарын дотор мэргэжлийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, иргэн хүнсний аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавьж болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо

14.1.Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно:

14.1.1.хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

14.1.2.хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах;

14.1.3.хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хооллолтыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

 14.1.4.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад үзүүлэх хэрэглэгчийн дэмжлэг

15.1.Хэрэглэгч дараах оролцоогоор хүнсний чанар, эрүүл ахуй, хангамж, хүртээмжийг хангах үйл ажиллагааг дэмжинэ:

15.1.1.гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах;

15.1.2.нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмших;

15.1.3.хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, бэлтгэх, боловсруулах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд хэвшүүлэх.

Хэвлэх

16 дугаар зүйл.Бүртгэл

16.1.Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.3.Хүнсэн дэх цацрагийн түвшинг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.

16.4.Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

17 дугаар зүйл.Баталгаажуулалт

17.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 10.1.4, 10.2-т заасан зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулж болно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллага болон баталгаажуулалт авсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

18 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

18.1.Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл гэх”/ Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд байна.

18.2.Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий нарийн бичгийн дарга орон тооны байна.

18.3.Үндэсний зөвлөл нь мэргэжлийн салбар зөвлөл, шинжээчдийн багтай байж болно.

18.4.Засгийн газар Үндэсний зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг баталж, бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө.

18.5.Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.5.1.хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

18.5.2.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

18.5.3.хүнсний аюулгүй байдлын талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлж, чиглэл өгөх;

18.5.4.хүн амын хүнсний бодит хэрэглээ, хангамжийн болон чанар, эрүүл ахуйн төлөв байдал, хүнсний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа, цаашид авах арга хэмжээний талаар жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;

18.5.5.хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын талаарх тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

19.1.1.энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн стратегийн хүнс экспортолсон, импортолсон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс дөчин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого болон хүнсийг хураах;

19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6, 10.1.7-д заасныг зөрчсөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, үйл ажиллагааг нь зогсоох;

19.1.3.энэ хуулийн 10.1.5-д заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, үйл ажиллагааг нь түр зогсоох;

19.1.4.энэ хуулийн 10.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, үйл ажиллагааг нь зогсоох;

19.1.5.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн экспортлогч, импортлогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хүнсийг хураах.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан нь буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэвлэх

 19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

20.1.Энэ хуулийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

20.2.Энэ хуулийн 10.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Хэвлэх