A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 6

Улаанбаатар хот

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь асуудлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Балгансүрэн)-нд даалгасугай:

1.1. Мэдээлэл холбооны сүлжээг давхардуулан байгуулж байгаа зохисгүй үзэгдлийг зогсоож, давхардуулан сүлжээ байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах;

1.2. Мэдээлэл холбооны сүлжээг эзэмших, ашиглах ажлыг харилцаа холбооны үйлчилгээ явуулах бизнесийн үйл ажиллагаанаас салгаж, дагнан эрхэлдэг болгох зарчмыг баримталж, давхардуулан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг салган, цаашид сүлжээ болон үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх;

1.3. Харилцаа холбооны үндсэн сүлжээг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, салбарын эдийн засгийн урт хугацааны үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр сүлжээ байгуулах, ашиглах, өргөтгөх үйл ажиллагаанд зохицуулалт хийж ажиллах.

2. Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр байгуулсан шилэн кабелийн сүлжээг төрийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаа, Төрийн өмчийн хороонд даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Балгансүрэн)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ