A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

МАЛЧДЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хоршооны талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, бараа, түүхий эдийн бирж байгуулах, орон нутгийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хоршоог хөгжүүлэх асуудал болон "Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөө" боловсруулж 2013 оны I улиралд Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.

2. Малчдын хоршоог дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж Засгийн газарт оруулахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Хоршооны хөдөлмөрийн давуу тал, ач холбогдлыг орон нутагт сурталчлан хэрэгжүүлэх арга хэмжээг хоршооллын болон хоршоог дэмжигч бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА