A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний ту
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 сарын 20 өдөр

  Дугаар  67  

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудад заасан дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийг 2013 оны 2 дугаар сард багтаан батлах;

2/энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад заасан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн актыг нийтэд таниулах, сургалт, сурталчилгааг сонирхогч талуудтай хамтран зохион байгуулах;

3/стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрлийн хураамж, түүний хэмжээг тогтоохтой холбогдсон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналаа 2013 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд ирүүлэх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД