A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль , Эрүүгийн байцаан шийтгэх хууль, энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа

Хэвлэх

3.1. Энэ хууль 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс / 6 сарын 22-ны 24.00 цагаас / өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ

4 дүгээр зүйл. Ялаас өршөөн хэлтрүүлэх

Хэвлэх

4.1.Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ:

4.1.1. арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

4.1.2. арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд;

4.1.3. өөрийн шууд асрамжид байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд;

4.1.4. ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс;

4.1.5. жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд;

4.1.6. арван найман насанд хүрээгүй хүүхэд.

4.2. Энэ хуулийн 4.1.6-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй.

4.3. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

4.4. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

5 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах

Хэвлэх

5.1.Дор дурдсан ялтны эдлээгүй үлдсэн ялыг дараахь байдлаар өршөөн хасна:

5.1.1.хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг;

5.1.2. онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг.

6 дугаар зүйл. Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

6.1. Дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:

6.1.1. энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.2. хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.3. хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.4. насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.

7 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

7.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

8 дугаар зүйл. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал

Хэвлэх

8.1. Дор дурдсан этгээдийг өршөөлд хамааруулахгүй:

8.1.1.цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;

8.1.2. онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

8.1.3. гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн;

8.1.4. урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;

8.1.5. Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн;

8.1.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;

8.1.7.төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг /Монгол Улсын Эрүүгийн хуулийн 79-85 дугаар зүйл/, хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, хүн хулгайлах /108 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг/, хүн худалдах, худалдан авах / Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг/, хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/ , хээл хахууль өгөх / Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /, хээл хахууль зуучлах / Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / -т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хууль хүчин төгөлдөр болох

9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

Хэвлэх

9.1.Энэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

9.2.Хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2006 оны 7 дугаар сарын 10-ны дотор багтаан гүйцэтгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ