A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 74

Төрийн ордон, Улаанбаатар хот

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан малчин, мал бүхий этгээдэд үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгох;

/Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2/малчин, мал бүхий этгээдэд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

/Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3/хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

/Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох;

5/арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах.

3."Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн" гэсэн тодотголыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД