Хэвлэх DOC Татаж авах
ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж

2.1.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Хот байгуулалтын тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Авто замын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим

3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:

3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх;

3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;

3.1.3.хаяг давхардахгүй байх;

3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;

3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;

3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;

3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах

4.1.Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.

4.2.“Үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг ойлгоно.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь дараах мэдээллээс бүрдэнэ:

4.3.1.нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл;

4.3.2.энэ хуулийн 4.3.1-д зааснаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл.

4.4.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.

4.5.Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.

4.6.Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

4.7.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

4.8.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

4.9.Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

5.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД