Хэвлэх DOC Татаж авах
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах, хууль бус хэрэглээг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж

2.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хүрээнд үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг;

4.1.2.“тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг;

4.1.3.“пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг;

4.1.4.“тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагааг;

4.1.5.“тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах” гэж шатаах, тэслэх, уусгах арга технологийг ашиглан хор хөнөөлгүй болгохыг;

4.1.6.“тэсэлгээний ажил гүйцэтгэх” гэж тэсэлгээний ажлыг удирдах, тэсэлгээ хийх, тэсрэх материалыг бүртгэх үйл ажиллагааг гүйцэтгэхийг;

4.1.7.“мэдээллийн нэгдсэн сан” гэж төрийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдээс энэ хуульд заасны дагуу ирүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн талаарх мэдээ мэдээлэл, тайлангийн нэгтгэлийг;

4.1.8.“мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага” гэж Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын бааз бүхий хуулийн этгээдийг;

4.1.9.“Мэргэжлийн зөвлөл” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг;

4.1.10.“шинжээч” гэж бие даан мэргэжлийн дүгнэлт гаргах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

5.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн талаарх төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

5.1.2.тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг батлах;

5.1.3.Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг батлах;

5.1.4 пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрмийг батлах;

5.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг батлах;

5.1.6.мэдээллийн нэгдсэн сан хөтлөхтэй холбогдсон журмыг батлах.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

6.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран тооцоогоор тогтоох;

6.1.2.тэсэлгээний ажил гүйцэтгэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгох;

6.1.3.Мэргэжлийн зөвлөлийг 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулах.

Хэвлэх

7 дугаар зүйл.Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар Мэргэжлийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

7.1.2.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах.

7.2.Мэргэжлийн зөвлөл нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг шинжээчээр ажиллуулж болно.

7.3.Төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Мэргэжлийн зөвлөлийн гишүүд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар харьяа байгууллагын удирдлагадаа тухай бүр тайлагнаж байна.

Хэвлэх

8 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

8.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

8.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын газрын байнгын байршлыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу тогтоож мэдээллийн нэгдсэн санд ажлын таван өдрийн дотор бүртгүүлэх;

8.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ

9 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс

9.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах нь аюулгүйн бүстэй байна.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан аюулгүйн бүсийг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу тогтооно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүй ажиллагаа

10.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааны журмыг геологи, уул уурхайн болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран батална.

10.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтыг Засгийн газар тогтооно.

10.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

10.4.Хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж тухай бүр нь мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавих шаардлага

11.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

11.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбайтай байх;

11.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулах, ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, дотоодын тээврийн хэрэгсэлтэй байх;

11.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;

11.1.4.шинэ төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу туршилт хийлгэн, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлт гаргуулж, стандартаа баталгаажуулсан байх;

11.1.5.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх;

11.1.6.Зэвсэгт хүчний жанжин штаб, цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал авсан байх;

11.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх;

11.1.8.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр, агуулахад гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх.

11.2.Үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл сери /цуврал/ дугаар бүхий сав, баглаа боодолтой байх ба сери /цуврал/ дугаарыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

11.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байна.

11.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэрийг шинээр байгуулж, ашиглалтад оруулахад мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага, Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг гаргуулсан байна.

11.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшинэ.

11.6.Энэ хуулийн 11.1.5-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

12.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулахтай байх, мэргэжлийн боловсон хүчний талаар мэргэжлийн хяналтын төв байгууллагын тодорхойлолт авсан байх;

12.1.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штабын санал авсан байх.

12.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг импортлоход энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг нэгэн адил тавина.

12.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл экспортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

12.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

12.3.2.экспортлох бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаарх мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ;

12.3.3.худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, иргэний зориулалтын батламж, тээвэрлэлтийн нөхцөлийг тусгасан баримт бичиг;

12.3.4.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, зэвсэгт хүчний жанжин штабын санал авсан байх ба санал өгөх хугацааг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэж байх.

Хэвлэх

13 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага

13.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээд тэдгээрийг зөвхөн энэ хуулийн 15.1-д заасан хуулийн этгээдэд худалдана.

13.2.Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор тэсэлгээний ажил явуулах эрх бүхий байгууллагад худалдах буюу шинэчлэн сэлгэн сольж байршуулж болох ба энэ тухайгаа энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нэгдсэн мэдээллийн санд тухай бүр мэдэгдэнэ.

13.3.Энэ хуулийн 12.1-д заасан этгээд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн борлуулалт, зарцуулалтын тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүрээр гарган хүргүүлнэ.

13.4.Хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр худалдаж болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага

14.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу тээврийн стандартыг баримтлан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрут, харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага олгож, аюулгүй байдалд хяналт тавина.

14.2.Тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэхийг хориглоно.

14.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх зааварчилгааг тээврийн хэрэгслийн жолооч болон дагалдан яваа хүн бүрд танилцуулж, аюулгүй байдлыг хангасан байна.

14.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хот, тосгон, бусад суурин газраар тээвэрлэхдээ онц аюултай ачаа тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан байна.

14.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын талбайд ачиж, буулгана.

14.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг төмөр замаар тээвэрлэхдээ төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын төв байгууллагын хамтран баталсан Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг баримтална.

14.7.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журмыг цагдаагийн төв байгууллага мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран батална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага

15.1.Тэсэлгээний ажлыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гүйцэтгэнэ.

15.2.Тэсэлгээний ажил явуулах хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

15.2.1.мэргэжлийн ажиллах хүчинтэй байх;

15.2.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх;

15.2.3.тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, харуул хамгаалалт бүхий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахтай байх.

15.3.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь мэргэжлийн хяналтын төв байгууллагаас олгосон хяналтын хуудсыг үндэслэн үйл ажиллагаа явуулна.

Хэвлэх

16 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

16.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашигт малтмалын хайгуул, уул уурхай, зам, барилгын үйлдвэрлэлийн зориулалтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.4-т заасан эрх бүхий хуулийн этгээд ашиглана.

16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад хуулийн этгээд нь тэсэлгээний ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

16.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

Хэвлэх

17 дугаар зүйл.Пиротехникийн хэрэгсэл

17.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах асуудлыг тусгай дүрмээр зохицуулна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, хамгаалахад тавих шаардлага

18.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тус тусад нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

18.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар хамгаалуулна.

18.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлага, үлдэгдлийн бүртгэлийг тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу хөтөлж, улирал тутам тооллого явуулна.

18.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл алдагдсан, үрэгдсэн тохиолдолд цагдаагийн болон тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэх бөгөөд эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд түүнийг эзэмшигч хуулийн этгээд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Даатгал

19.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байна.

Хэвлэх

20 дугаар зүйл.Хориглох зүйл

20.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зүйлийг хориглоно:

20.1.1.өөрийн эзэмшлийн газар, зориулалтын байр, тээврийн хэрэгсэл, мэргэжлийн ажиллах хүчин, галт зэвсэг бүхий харуул хамгаалалтгүй хуулийн этгээдэд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхимпортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгох;

20.1.2.зориулалтын бус газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах;

20.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

20.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

20.1.5.энэ хуулийн 9.1-д заасан аюулгүйн бүсэд хүн, тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй нэвтрэх, түр буюу байнга суурьших, бүсийн дэглэм зөрчих; 

20.1.6.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тэсэлгээний ажлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах;

20.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах;

20.1.8.хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, бусдад дамжуулан худалдах, шилжүүлэх.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах

21.1.Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын төв байгууллага болон гамшгаас хамгаалах байгууллагын хяналтын дор устгана.

21.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгасан тухай үйлдсэн нотолгоог геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад долоо хоногийн дотор хүргүүлж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

21.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой гарсан дуудлага, мэдээлэл болон зөрчил, аюул илэрсэн тохиолдолд гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага аюулгүй болгох арга хэмжээг авна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

Хэвлэх

22 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан

22.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг нарийвчлан тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

22.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас санхүүжүүлнэ.

22.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлагын мэдээг тухай бүр энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ.

22.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдолтой мэдээллийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллага, гамшгаас хамгаалах байгууллага, цагдаагийн болон тагнуулын байгууллага авч ашиглана.

22.5.Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээ, тайланг сар тутам тагнуулын байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО

23 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд тавих хяналт

23.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

23.2.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалт болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж, журам, технологийн горимын биелэлтэд дотоод хяналт тавина.

23.3.Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн марк, ангилал, хүчин чадал, ашиглах хугацаа, стандартын чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын туслалцааг авна.

23.4.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь хууль бусаар бусад гишүүндээ нөлөөлөхийг хориглоно.

23.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллагыг төлөөлөн албан үүргээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй.

23.6.Шинжээч нь гаргасан дүгнэлтээ Мэргэжлийн зөвлөлийн өмнө бүрэн хариуцна. Шинжээч нь санаатайгаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу түүний мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцлуулахаар холбогдох байгууллагад хандана.

23.7.Энэ хуулийн 23.6-д заасан тохиолдолд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцална.

23.8.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь гаргасан дүгнэлтээ бүрэн хариуцах ба үндэслэлгүй дүгнэлт гаргавал эрхийг нь цуцална.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

24.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

24.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгахад тавих шаардлагыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

24.1.3.энэ хуулийн 20.1.1-20.1.5, 20.1.8-д заасныг зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.

24.2.Хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД