A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

УДИРДАХ ХОРООГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэлтийг дэмжих талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газраас бизнес эрхлэлтийг дэмжих талаар явуулж байгаа бодлогын хүрээнд "Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонх"-ны системийг бий болгон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Удирдах хороог мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гаалийн ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, холбогдох бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийн төлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Удирдах хороо байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ