A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 6.2.5, 44.4, 47.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэлт хөрөнгө шаардагдаж байгаа 1 дүгээр хавсралтад заасан зарим арга хэмжээг хянаж, 2014 оны төсвийн төсөлд тусган батлуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах нэмэлт зардлыг төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зарчим баримтлан ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Төсвийн жилийн явцад бий болох туслах үйл ажиллагааны нэмэлт орлого, зарлагын тэнцвэрийг хадгалан төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг үндэслэн нэмэлт төсөв батлан санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

4. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2011 оны 368 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг эргэн авч үзэж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

5. Тогтоолын 2 дугаар хавсралтад заасан нийт 42.2 (дөчин хоёр тэрбум хоёр зуун сая) тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багц дахь хөрөнгийн зардлын дүнд нь багтаан "хөрөнгө оруулалт"-ын зардлын ангиллаас "хөрөнгийн бусад зардал"-ын ангилалд шилжүүлэн зарцуулахыг Сангийн сайд Ч.Улаан, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН