A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ТӨРИЙН САНГИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 36.1, 37.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны төв байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэгт төрийн сангийн зарим чиг үүргийг хамааруулан, төрийн захиргааны төв байгууллага, харьяа төсвийн байгууллагын төрийн сангийн үйлчилгээг хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

2. Төрийн захиргааны төв байгууллагад төрийн сангийн программ суурилуулж яамдын санхүү, хөрөнгө оруулалтын газар, хэлтсийг Сангийн яамтай Кибер аюулгүй байдлын газрын сүлжээгээр холбон төрийн сангийн мэргэжилтнүүдийг системтэйгээр сурган мэргэшүүлж, төсвийн хэрэгжилт, төлбөр тооцоог шуурхай болгох арга хэмжээ авч, 2013 оны төсөвт тодотгол хийх хүртэл хугацаанд ажиллах мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн даатгалын зардлыг Сангийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, төрийн сангийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд "Хууль зүйн яам 113" гэснийг "Хууль зүйн яам 116", "Боловсрол, шинжлэх ухааны яам 71" гэснийг "Боловсрол, шинжлэх ухааны яам 74" гэж өөрчилж, бусад яам тус бүрт 2 мэргэжилтэн ажиллахаар тооцон, орон тоог нь нэмсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2014-12-15-ны өдрийн 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН