A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Тамхины хяналтын тухай хуулийн 6.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний хяналтын үр дүнгийн талаар салбар дундын мэдээллийн сан, сүлжээ байгуулж ажиллaхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тамхин бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын хэмжээг тодорхойлох мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагын лабораторийн хүчин чадлыг олон улсын жишигт хүргэн сайжруулах арга хэмжээ авч, тамхины үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, үйлчилгээн дэх хууль бус тамхин бүтээгдэхүүнийг илрүүлэх дэлхийн дэвшилтэт арга барилыг хяналтын байгууллагын тогтолцоонд нэвтрүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд тусган шийдвэрлэж байхыг холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.6 дахь хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

6. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ