Хэвлэх DOC Татаж авах
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ

САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж

2.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“мөнгө угаах” гэж илт хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилснийг;

3.1.2.“терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист байгууллага, террорист хүн, эсхүл террорист үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг;

3.1.3.“бэлэн мөнгөний гүйлгээ” гэж үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглаж хийсэн гүйлгээг;

3.1.4.“бэлэн бус мөнгөний гүйлгээ” гэж олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, инкасс, төлбөрийн карт, цахим төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр хийсэн гүйлгээг;

3.1.5.“улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээдийг;

3.1.6.“эцсийн өмчлөгч” гэж харилцагчийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүнийг;

3.1.7.“халхавч банк” гэж аливаа нэг улсад бүртгэлтэй боловч тухайн улсдаа бодит байдлаар оршин байдаггүй банкийг;

3.1.8.“харилцагч” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдээр үйлчлүүлж байгаа этгээдийг;

3.1.9.“хөрөнгө” гэж Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасныг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээд

4.1.Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.1.1.банк;

4.1.2.банк бус санхүүгийн байгууллага;

4.1.3.даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;

4.1.4.хөрөнгө оруулалтын сан;

4.1.5.үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

4.1.6.хадгаламж, зээлийн хоршоо;

4.1.7.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага;

4.1.8.нотариатч.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглахыг хориглоно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Харилцагчийг таньж мэдэх

5.1.Дараах тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй:

5.1.1.санхүүгийн харилцаа үүсгэхийн өмнө;

5.1.2.дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө;

5.1.3.харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь энэ хуулийн 5.1.2-т заасан хэмжээнээс бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй бол;

5.1.4.харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн тохиолдолд;

5.1.5.тухайн харилцагч, тухайн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн тохиолдолд.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу харилцагчийг таньж мэдэхийн тулд энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараах арга хэмжээ авна:

5.2.1.харилцагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхийн, эсхүл гадаад паспортын хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулж авах;

5.2.2.харилцагч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газрын хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг гаргуулж авах;

5.2.3.эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах;

5.2.4.харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах;

5.2.5.харилцагч нь хуулийн этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол түүний нэрийн өмнөөс харилцах этгээд нь тийм эрхтэй эсэхийг нягталж уг этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, баримт бичигтэй нь тулгаж шалгах;

5.2.6.банк, санхүүгийн байгууллагын хоорондын шилжүүлэг хийгч, хүлээн авагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаарыг тодруулах.

5.3.Харилцагчийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгахтай холбоотой бусад шаардлагыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу зохицуулна.

5.4.Харилцагч энэ хуулийн 5.2-т заасан мэдээлэл өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.

5.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд шинэ технологи ашиглан хийгдэж байгаа гүйлгээнд онцгой анхаарч, уг гүйлгээнээс үүсч болох мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.6.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банкинд харилцах данс нээхээс өмнө дараах мэдээллийг олж авна:

5.6.1.тухайн банкны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох мэдээлэл;

5.6.2.тухайн банкны харьяалагдах гадаад улсын холбогдох эрх бүхий байгууллага болон олон нийтийн мэдээллийн эх үүсвэрээс тухайн банк, байгууллагын нийтэд танигдсан байдлын талаарх мэдээлэл;

5.6.3.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, дотоод хяналтын хөтөлбөртэй эсэх;

5.6.4.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд холбогдож, шалгагдаж байсан эсэх талаарх лавлагаа.

5.7.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд халхавч банк болон халхавч банктай харилцаа тогтоосон банкинд харилцах данс нээхийг хориглоно.

5.8.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж тодорхойлсон бизнесийн харилцаа, гүйлгээнд холбогдох харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Тусгай хяналт

6.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараах гүйлгээнд тусгайлан хяналт тавих үүрэгтэй:

6.1.1.огцом өөрчлөгдсөн их дүнтэй;

6.1.2.эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй;

6.1.3.улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн;

6.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж тодорхойлогдсон улсаар дамжуулан хийсэн.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан гүйлгээний талаар энэ хуулийн 4.1-д заасан этгээд нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг бичгээр хадгална.

Хэвлэх

7 дугаар зүйл.Гүйлгээний талаар мэдээлэх

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.

7.2.Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ.

7.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд мэдээллийг факс, цахим хэлбэрээр, эсхүл бичгээр Санхүүгийн мэдээллийн албанд түүний баталсан маягт, журмын дагуу хүргүүлэх үүрэгтэй.

7.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Монголбанкны Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан мэдээлэл өгөх журмын дагуу тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын тухай мэдээллийг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргаж өгнө.

Хэвлэх

8 дугаар зүйл.Харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах

8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлтээр шуурхай гаргаж өгөхөд бэлэн байдалтай хадгална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл

9.1.Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл дараах агуулгатай байна:

9.1.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг болон мэдээлэл хүргүүлсэн албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.1.2.харилцагч, хүлээн авагчийн талаарх мэдээлэл;

9.1.3.тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, он, сар, өдөр, дансны дугаар, гүйлгээний бусад оролцогч болон данс эзэмшигчийн талаарх мэдээлэл;

9.1.4.тухайн гүйлгээг сэжиглэх болсон үндэслэл, нөхцөл байдлын тухай товч тайлбар;

9.1.5.холбогдох бусад баримт бичиг.

Хэвлэх

10 дугаар зүйл.Дансанд хяналт тавих

10.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл байгаа бол Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн харилцагчийн дансанд хяналт тавьж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэх

11.1.Хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бичгээр, боломжгүй бол утсаар мэдэгдэж, шийдвэрийг 24 цагийн дотор хүргүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг түдгэлзүүлэх хугацаанд Санхүүгийн мэдээллийн алба дараах арга хэмжээ авна:

11.3.1.тухайн гүйлгээний талаар гадаад, дотоодын холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулах;

11.3.2.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдсон бол энэ тухай эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг нэн даруй шилжүүлэн шалгуулах;

11.3.3.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдвол гүйлгээг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг цуцалж, энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд нэн даруй мэдэгдэх.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хариуцлагаас чөлөөлөх

12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий байгууллагад энэ хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгснийг банкны болон мэргэжлийн нууц задруулсан гэж үзэхгүй.

12.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн өгсөн мэдээлэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсныг тогтоосон нь тухайн мэдээлэл өгсөн этгээдийг хариуцлагад татах үндэслэл болохгүй.

12.3.Тодорхой гүйлгээг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу түдгэлзүүлснээс иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан нь энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн албыг хариуцлагад татах үндэслэл болохгүй.

12.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн албаны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан бол хохирлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Мэдээллийн нууцлалыг хадгалах

13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 7.4-т зааснаас бусад этгээдэд харилцагчийн гүйлгээний талаарх мэдээлэл өгөх, дамжуулахыг хориглоно.

13.2.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээч, ажилтан албан үүргийнхээ дагуу олж авсан харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хугацаанд болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахыг хориглоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт

14.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж, мөрдүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

14.1.1.сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх журам;

14.1.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 14.1.1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

14.1.3.энэ хуулийн 14.1.2-т заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах төлөвлөгөө, арга хэмжээ;

14.1.4.өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээ.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан хөтөлбөрийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж бүртгүүлнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл.Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах

15.1.Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу мэдүүлсэн бэлэн мөнгөний мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж, сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан мэдүүлгийн маягтын загварыг Санхүүгийн мэдээллийн албаны даргатай зөвшилцөж Гаалийн ерөнхий газрын дарга батална.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

16 дугаар зүйл.Санхүүгийн мэдээллийн алба

16.1.Санхүүгийн мэдээллийн алба нь энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байна.

16.2.Санхүүгийн мэдээллийн алба нь Монголбанкны дэргэд ажиллана.

16.3.Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 22.1-д заасан Хамтын ажиллагааны зөвлөлийн саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална.

16.4.Санхүүгийн мэдээллийн албаны даргыг эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргатай зөвшилцөн Монголбанкны Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө.

16.5.Санхүүгийн мэдээллийн албаны дарга дараах шаардлагыг хангасан байна:

16.5.1.банк, санхүү, эсхүл хууль зүйн салбарт таваас доошгүй жил ажилласан;

16.5.2.зээлийн болон баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй.

16.6.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч, шинжээч дараах шаардлагыг хангасан байна:

16.6.1.банк, санхүү, эсхүл хууль зүйн салбарт хоёроос доошгүй жил ажилласан;

16.6.2.зээлийн болон баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй.

16.7.Санхүүгийн мэдээллийн албаны дарга нь санхүүгийн мэдээллийн улсын ахлах байцаагч, хянан шалгагч, шинжээч нь санхүүгийн мэдээллийн улсын байцаагч байна.

16.8.Санхүүгийн мэдээллийн албаны улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч, улсын байцаагчийн эрхийг улсын ахлах байцаагч олгоно.

16.9.Санхүүгийн мэдээллийн албаны дарга болон хянан шалгагч, шинжээч шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагаас лавлагаа гаргуулж авах бүрэн эрхтэй.

Хэвлэх

17 дугаар зүйл.Эрх бүхий хууль сахиулах байгууллагын чиг үүрэг

17.1.Санхүүгийн мэдээллийн албанд эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөллийг ажиллуулна.

17.2.Эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөлөл нь энэ хуулийн 16.9-д заасны дагуу хяналт шалгалт хийх, санхүүгийн лавлагаа гаргуулж авах эрхтэй.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан төлөөллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргын саналыг үндэслэн Санхүүгийн мэдээллийн албаны дарга томилж, чөлөөлнө.

17.4.Шаардлагатай тохиолдолд эрх бүхий хууль сахиулах байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж болно.

Хэвлэх

18 дугаар зүйл.Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

18.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх;

18.1.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх;

18.1.3.сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар ирүүлсэн мэдээллийн дагуу авсан арга хэмжээний тухай энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон эрх бүхий хууль сахиулах байгууллагад тухай бүр мэдээлэх;

18.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;

18.1.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах.

18.2.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгахыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс шаардах, эсхүл эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлж шалгуулах буюу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах талаар санал боловсруулж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх эрхтэй.

18.3.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний албан тушаалтныг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.

18.4.Санхүүгийн мэдээллийн алба өөрийн үйл ажиллагааны талаарх тайланг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд жил бүр танилцуулна.

18.5.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын бүртгэл, хилээр нэвтэрсэн тухай бүртгэл, хөрөнгө оруулалтын бүртгэл, банк хоорондын гүйлгээний бүртгэлийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулж авах эрхтэй.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих

19.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголбанк, энэ хуулийн 4.1.2-4.1.7-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албатай хамтран хэрэгжүүлнэ.

19.2.Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдуулж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

19.2.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн удирдлага, үйл ажиллагаанд шууд ба шууд бус байдлаар оролцох, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шалгуурыг бий болгох;

19.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх;

19.2.3.энэ хуульд заасан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд холбогдуулж заавар, дүрэм, журам, удирдамж, зөвлөмж гаргах;

19.2.4.эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

19.2.5.сэжигтэй гүйлгээг мэдээлэхэд тохирсон стандарт, шалгуурыг Санхүүгийн мэдээллийн алба эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

19.2.6.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ болон хариуцлагын талаарх статистик мэдээг нийтэд түгээх.

Хэвлэх

20 дугаар зүйл.Мэдээллийн сан

20.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуульд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сантай байна.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл хадгалах, түүнийг ашиглах журмыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга батална.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Гадаад улсын ижил төстэй байгууллагатай харилцах

21.1.Санхүүгийн мэдээллийн алба ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг, нууцлалын байдлаар ижил түвшний, гадаад улсын болон олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

21.2.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 21.1-д заасан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүнд шаардлагатай мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгч болно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

22 дугаар зүйл.Хамтын ажиллагааны зөвлөл

22.1.Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл ажиллана.

22.2.Хамтын ажиллагааны зөвлөлд гадаад харилцаа, санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, гаалийн байгууллага, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ажиллана.

22.3.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлнэ.

22.4.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн, түүний удирдлагыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

Хэвлэх

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД