Хэвлэх DOC Татаж авах
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны зарчим

3.1.Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:

3.1.1.хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3.1.2.нууцлалыг хамгаалах;

3.1.3.шуурхай байх;

3.1.4.хамтран ажиллах.

3.2.Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь хамгаалалтад байгаа хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн эрүү шүүлт тулгах болон хүнлэг бус, хэрцгий хандах явдлаас ангид байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хязгаарлахгүй.

3.3.Хамгаалалтад байгаа хүн мэдээллээр хангагдах, мэдээлэл задрахаас хамгаалагдах, өмч болон ажлын байраа хадгалуулах эрхтэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”гэрч, хохирогч” гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэрч, хохирогчийг;

4.1.2.”хамгаалалтын арга хэмжээ” гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг;

4.1.3.”эрх бүхий албан тушаалтан” гэж энэ хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/.

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

Хэвлэх

5 дугаар зүйл.Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

5.1.Энэ хуулийн зохицуулалтад гэрч, хохирогч хамаарна.

5.2.Шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулж болно.

5.3.Энэ хуулийн 5.2-т заасан гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.

5.4.Гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн энэ хуульд хамаарагдаж болно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ, ТУСЛАЛЦАА

6 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээний төрөл

6.1.Хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:

6.1.1.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ;

6.1.2.сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ.

Хэвлэх

7 дугаар зүйл.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ

7.1.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна:

7.1.1.урьдчилан сануулах;

7.1.2.тодорхой үйлдлийг хязгаарлах;

7.1.3.биечилсэн хамгаалалт;

7.1.4.мэдээллийн нууцлалыг хангах;

7.1.5.нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;

7.1.6.аюулгүй газарт түр байрлуулах;

7.1.7.нүүлгэн шилжүүлэх;

7.1.8.баримт бичгийг солих;

7.1.9.гадаад төрхийг өөрчлөх.

7.2.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хамтатган хэрэглэж болох бөгөөд хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сонгож хэрэглэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл.Урьдчилан сануулах

8.1.Гэрч, хохирогчийг алах, бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн нь тогтоогдвол тухайн этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

Хэвлэх

9 дүгээр зүйл.Тодорхой үйлдлийг хязгаарлах

9.1.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

9.2.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, түүнд хяналт тавина.

Хэвлэх

10 дугаар зүйл.Биечилсэн хамгаалалт

10.1.Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Мэдээллийн нууцлалыг хангах

11.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх хөрөнгө, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд халхавч нэр хэрэглэх, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчлөх зэрэг арга хэмжээг эрх бүхий албан тушаалтан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

11.2.Эрх бүхий албан тушаалтан иргэний бүртгэлийн, автотээврийн болон бусад байгууллагын мэдээлэл, лавлагааны сангаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг задруулахыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаж болно.

11.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой онцгой тохиолдолд, эсхүл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх явцад хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ Үндсэн хуулийн цэц болон шүүх эрх бүхий байгууллагад бичгээр гаргана.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах

12.1.Гэрч, хохирогчийг Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулж болно.

12.2.Тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

13 дугаар зүйл.Аюулгүй газарт түр байрлуулах

13.1.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насанд хүрсэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Нүүлгэн шилжүүлэх

14.1.Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлнэ.

14.2.Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэхэд түүний болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн ажил, сургууль, амьдрах орон байр болон шаардлагатай бусад асуудлыг хамтад нь шийдвэрлэж болно.

Хэвлэх

15 дугаар зүйл.Баримт бичгийг солих

15.1.Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солино.

15.2.Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд дараах баримт бичгийн өөрчлөлт хамаарна:

15.2.1.иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, диплом болон бүх төрлийн зөвшөөрөл зэрэг албаны баримт бичиг;

15.2.2.эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл, эдгээртэй адилтгах нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад баримт бичиг;

15.2.3.хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн гэрчилгээ;

15.2.4.шаардлагатай бусад баримт бичиг.

15.3.Гэрч, хохирогч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх тохиолдолд урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүргийнхээ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг Засгийн газар хариуцахгүй.

Хэвлэх

16 дугаар зүйл.Гадаад төрхийг өөрчлөх

16.1.Гэрч, хохирогчийнаюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.

16.2.Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх /үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт/ хамгаалалтын арга хэмжээ авч болно.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй гэрч, хохирогчид хэрэглэхгүй.

16.4.Энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бол тухайн гэрч, хохирогчийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авна.

Хэвлэх

17 дугаар зүйл.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

17.1.Энэ хуулийн 5.1-д заасан гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авна.

17.2.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд дараах арга хэмжээ хамаарна:

17.2.1.гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;

17.2.2.гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

17.2.3.шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

17.2.4.шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;

17.2.5.шаардлагатай бусад арга хэмжээ.

17.3.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

18.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид дараах туслалцаа үзүүлж болно:

18.1.1.хууль зүйн туслалцаа;

18.1.2.сэтгэл зүйн туслалцаа;

18.1.3.эрүүл мэндийн туслалцаа.

18.2.Гэрч, хохирогчид энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан туслалцаа болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон бол эрүүл мэндийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

18.3.Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

18.4.Энэ хуулийн 18.1.1-д заасан хууль зүйн болон 18.1.2-т заасан сэтгэл зүйн туслалцааг энэ хуулийн 23.4-т заасан нэгж тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

19 дүгээр зүйл.Хамгаалуулах эрх үүсэх

19.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүснэ.

Хэвлэх

20 дугаар зүйл.Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх, цуцлах үндэслэл

20.1.Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогчийн хүсэлт, эсхүл өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчийн бичгээр гаргасан санал байна.

20.2.Аюулгүй байдлын хамгаалалтыг дараах үндэслэлээр цуцална:

20.2.1.хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт;

20.2.2.аюулгүй байдлын хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны албан тушаалтны шийдвэр.

20.3.Энэ хуулийн 20.2.2-т заасан албан тушаалтан дараах үндэслэлээр аюулгүй байдлын хамгаалалтыг цуцлах шийдвэр гаргана:

20.3.1.гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал арилсан;

20.3.2.хамгаалуулагч нь аюулгүй байдлын хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх журам

21.1.Эрх бүхий албан тушаалтан гэрч, хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх баримтыг үндэслэн энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг нэн даруй гаргана.

21.2.Дараах албан тушаалтан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана:

21.2.1.энэ хуулийн 16.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, эсхүл түүний өмгөөлөгчийн хүсэлтээр мөрдөн байцаагч;

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

21.2.2.энэ хуулийн 7.1.2-7.1.6-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурор, шүүхийн шатанд шүүгч;

21.2.3.энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг прокурор, мөрдөн шалгах болон тагнуулын байгууллагын гаргасан саналыг үндэслэн шүүгч.

21.3.Энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан арга хэмжээ нь аюулгүй байдлын онцгой арга хэмжээ бөгөөд эдгээрийг Мөрдөх албаны харьяалах хэргийн гэрч, хохирогчид тэдний аюулгүй байдлыг хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэн хамгаалж чадахгүй нөхцөлд хэрэглэнэ.

21.4.Энэ хуулийн 7.1.6-7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх явцад тухайн хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг өмнө ажиллаж байсантай

ижил хэмжээний цалин хөлс бүхий ажлын байраар хангана. Хэрэв ийм боломжгүй бол өмнө авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх нөхөн олговрыг хамгаалалтад байх хугацаанд олгоно.

21.5.Энэ хуулийн 7.1.3-7.1.9-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.6.Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний талаар мэдсэн иргэн, албан тушаалтан бусдад энэхүү мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

21.7.Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажиллагаа дууссаны дараа үргэлжлүүлж болно.

Хэвлэх

22 дугаар зүйл.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл

22.1.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

22.1.1.гэрч, хохирогчийн аюулгүй байдалд учирч болох эрсдэл;

22.1.2.хамгаалалтад авснаар олон нийтэд учирч болох эрсдэл;

22.1.3.гэрч, хохирогчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын ач холбогдол;

22.1.4.нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдэлийн түвшин;

22.1.5.хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;

22.1.6.хамгаалах арга хэмжээ хэрэглэх эсэхийг тодорхойлох сэтгэл зүйн сорилын үр дүн;

22.1.7.бусад нөхцөл.

22.2.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг нь шаардлагатай тохиолдолд хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 22.1.6-д заасан сэтгэл зүйн сорилыг авч, хамгаалалтын хэлбэрийг сонгох зөвлөмж гаргана.

Хэвлэх

23 дугаар зүйл.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, түүний үүрэг

23.1.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг дараах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ:

23.1.1.цагдаагийн алба;

23.1.2.мөрдөх алба;

23.1.3.Тахарын алба;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

23.1.4.Авлигатай тэмцэх газар;

23.1.5.Тагнуулын ерөнхий газар.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай нэгжтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан хамгаалалтын тусгай нэгж нь гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

23.3.1.гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах;

23.3.2.гэрч, хохирогчийг мэдээллээр хангах;

23.3.3.нүүлгэн шилжүүлэх, баримт бичиг солих, мэс заслын аргаар гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

23.3.4.шинээр ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах;

23.3.5.хууль зүйн туслалцаа болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх;

23.3.6.шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлын хамгаалалтын хэлбэрийг өөрчлөх тухай саналаа холбогдох албан тушаалтанд гаргах;

23.3.7.энэ хуулийн 5.3-т заасан гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах, энэ хуульд заасан туслалцаа үзүүлэх;

23.3.8.хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;

23.3.9.шаардлагатай бусад.

23.4.Энэ хуулийн 23.2-т заасан тусгай нэгжийн дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйчийн баг ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

23.5.Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар энэ хуулийн 7.1.1-7.1.6-д заасан арга хэмжээг өөрийн харьяалах асуудлын хүрээнд хэрэгжүүлнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах

24.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч энэ хуулийн 21.2-т заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргана.

24.2.Шүүх гомдлыг ажлын таван өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг

25.1.Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

25.1.1.гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;

25.1.2.гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгах.

25.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

25.2.1.гэрч, хохирогчийг хамгаалах талаар гадаад улстай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах;

25.2.2.энэ хуулийн 25.1.1-д заасан хөтөлбөрийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг уялдуулан зохицуулах.

25.3.Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамгаалалтад байгаа болон хамгаалалтад байсан гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор Тахарын албыг дараах мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй:

25.3.1.яллагдагчид авсан, өөрчилсөн таслан сэргийлэх арга хэмжээний талаар;

25.3.2.өршөөсөн, уучилсан шийдвэрийн талаар;

25.3.3.сулласан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон талаар;

25.3.4.ялтан хорих байгууллагаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдсөн талаар.

/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

25.4.Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гэрч, хохирогчтой харьцах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөгчийг чадвар сайжруулах сургалтад хамруулж, хохирогч, гэрчтэй харьцахад баримтлах журам боловсруулж, мөрдүүлнэ.

25.5.Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр энэ хуулийн 23.2-т заасан байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

25.6.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болон уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан хохирогч, гэрчийн хувийн байдлын тухай мэдээллийг задруулахыг хориглоно.

Хэвлэх

26 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох

26.1.Гэмт хэргийн хохирогчид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөр олгоно.

Хэвлэх

27 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД