Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ
ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ
ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тогтооход оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль тогтоомж

2.1.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа” /цаашид “хууль зүйн туслалцаа” гэх/ гэж төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын өмгөөлөгчөөс үзүүлж байгаа хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг;

3.1.2.“төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулж туслахыг;

3.1.3.“төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцохыг;

3.1.4.“улсын өмгөөлөгч” гэж төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бүхий, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг;

3.1.5.“төлбөрийн чадваргүй яллагдагч” гэж энэ хуулийн 7.1-д заасан хүнийг;

3.1.6.“хууль зүйн туслалцааны төв” /цаашид “Төв” гэх/ гэж төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хууль зүйн туслалцааны зарчим

4.1.Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

4.1.2.шуурхай, бүрэн, тууштай байх;

4.1.3.нууцыг чанд хадгалах.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА

5 дугаар зүйл.Хууль зүйн туслалцааны төрөл

5.1.Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна:

5.1.1.хууль зүйн зөвлөгөө өгөх;

5.1.2.өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн

6.1.Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн /цаашид “үйлчлүүлэгч” гэх/ нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Яллагдагчийн төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлох

7.1.Төлбөрийн чадваргүй яллагдагчид гэмт хэрэгт холбогдсон дараах хүн хамаарна:

7.1.1.Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн;

7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн;

7.1.3.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд.

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан хүн нь төлбөрийн чадваргүй болохоо өөрөө тодорхойлно.

7.3.Улсын өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа авахыг хүссэн үйлчлүүлэгчид төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан бичгээр сануулна.

7.4.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлох өргөдлийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.5.Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй эсэхэд эргэлзээ төрвөл төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлсон өргөдөлд заасан нөхцөлийг шалгаж, төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг бичгээр гаргаж, хувийг үйлчлүүлэгчид өгнө.

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргахтай холбоотой харилцааг Төвийн дүрмээр зохицуулна.

7.7.Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлох өргөдлийн мэдээллийг шалгах зорилгоор холбогдох байгууллагаас лавлагаа авах эрхтэй бөгөөд тухайн байгууллага энэ хуулийн 7.1.1, 7.1.3-т заасан асуудлаар лавлагаа, мэдээллийг нэн даруй, үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

Хэвлэх

8 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

8.1.Үйлчлүүлэгч нь дараах эрх эдэлнэ:

8.1.1.хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах;

8.1.2.улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийн талаар Төвд, өмгөөллийн үйлчилгээний талаар Хуульчдын холбоонд, Төвийн шийдвэр, үйл ажиллагааны талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.

8.2.Үйлчлүүлэгч нь төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО

9 дүгээр зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

9.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн туслалцааны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.Төвийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;

9.1.2.төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах;

9.1.3.төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

9.1.4.хууль зүйн туслалцааны хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангуулах;

9.1.5.хуульд заасан бусад чиг үүрэг.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

10.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.Төвийн ажлын албаны бүтэц, орон тоог санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтоох;

10.1.2.Төвийн захирлыг томилох, чөлөөлөх, халах;

10.1.3.Төвийн саналыг үндэслэн салбарын байршил, бүтэц, тоо, тухайн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог тогтоох, салбарыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран шийдвэрлэх;

10.1.4.үйлчлүүлэгчтэй болон хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загварыг батлах;

10.1.5.үйлчлүүлэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг тооцоолох, үнэлэх үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг батлах;

10.1.6.Төвийн дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг батлах;

10.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

10.2.Төвийн дүрэмд дараах зүйлийг тусгана:

10.2.1.Төв, түүний ажлын алба, салбарын эрх, үүрэг;

10.2.2.Төвийн захирал, Төвийн салбарыг ахлах улсын өмгөөлөгчийн захиргааны чиг үүрэг;

10.2.3.улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлын зохион байгуулалт;

10.2.4.ажлын байрны нөхцөл, стандарт;

10.2.5.энэ хуульд заасан бусад зүйл.

10.3.Улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх цалин хөлсний жишгийг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Төвийн удирдлага, зохион байгуулалт

11.1.Төв нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.

11.2.Төв нь ажлын алба, салбараас бүрдэнэ.

11.3.Төвийн ажлын алба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

11.4.Төвийн салбар нь энэ хуулийн 5.1-д заасан хууль зүйн туслалцааг үйлчлүүлэгчид үзүүлнэ.

11.5.Төвийн салбарт улсын өмгөөлөгч ажиллана.

11.6.Улсын өмгөөлөгч нь ажил үүргийн болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны зарчмаар зохион байгуулагдан ажиллана.

11.7.Төв нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл.Төвийн ажлын алба, түүний чиг үүрэг

12.1.Төвийн ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, гэмт хэргийн гаралт, төлбөрийн чадваргүй яллагдагчийн эзлэх хувь, улсын өмгөөлөгчийн ажлын ачаалал зэргийг харгалзан Төвийн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог тогтоох, шинэчлэн тогтоох, Төвийн салбар байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах эсэх асуудлаар санал боловсруулах;

12.1.2.улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

12.1.3.улсын өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

12.1.4.улсын өмгөөлөгчийн хуульчийн үргэлжилсэн сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

12.1.5.Төвийн салбар байгуулагдаагүй нутаг дэвсгэрт төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;

12.1.6.нийслэлээс бусад газарт байрлах Төвийн салбарыг нүүдэллэн ажиллах үед удирдлага, зохион байгуулалтаар хангах;

12.1.7.хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;

12.1.8.хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг тооцоолох, үнэлэх үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

12.1.9.өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх.

12.2.Төвийн ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагч байна.

12.3.Төвийн ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Төвийн захирлын чиг үүрэг

13.1.Төвийн захирал нь энэ хууль болон дүрмээр олгогдсон эрх хэмжээний дотор Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

13.2.Төвийн захирал нь багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

13.3.Төвийн захирал нь ажлын албаны дарга байна.

13.4.Төвийн захирал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.4.1.Төвийн дүрмийг боловсронгуй болгох санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

13.4.2.Төвийн салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгөх;

13.4.3.Төвийн үйл ажиллагааг сайжруулахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээний талаарх саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх;

13.4.4.улсын өмгөөлөгчийн цалин хөлсний талаар санал боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;

13.4.5.хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гэрээ байгуулах шийдвэр гаргах;

13.4.6.Төв, түүний салбарын үйл ажиллагааны тайлан, мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, нийтэд ил тод хүргэх;

13.4.7.хууль зүйн туслалцааны статистик мэдээг гарган түүнд дүн шинжилгээ хийх;

13.4.8.улсын өмгөөлөгч, Төвийн ажлын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, халах;

13.4.9.Төвийн салбарыг ахлах улсын өмгөөлөгчийг ажлын туршлага, мэдлэг, ур чадварыг нь харгалзан томилох, чөлөөлөх, халах;

13.4.10.хувийн өмгөөлөгчийн зардал, тайлангийн загварыг батлах;

13.4.11.улсын өмгөөлөгчийн энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг хянах, энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

13.4.12.улсын өмгөөлөгчийн тухайн нутаг дэвсгэртээ нүүдэллэн ажиллах хуваарь, удирдамжийг Төвийн салбарын саналыг харгалзан батлах;

13.4.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тайлагнах хэлбэр

14.1.Төв нь санхүүгийн болон үйл ажиллагааны улирал, хагас, бүтэн жилийн тайланг батлагдсан маягтын дагуу, тогтоосон хугацаанд гаргаж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хориглох зүйл

15.1.Төвийн захирал болон салбарыг ахлах улсын өмгөөлөгч нь дотоод зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаанаас бусад асуудлаар улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ,

БАТАЛГАА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

16 дугаар зүйл.Улсын өмгөөлөгч, түүнийг сонгон шалгаруулах

16.1.Улсын өмгөөлөгч гэж энэ хуулийн 3.1.4-т заасан хуульчийг хэлнэ.

16.2.Улсын өмгөөлөгч нь Төвийн салбарт ажиллах хуульч байх бөгөөд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

16.3.Төвийн ажлын алба нь улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна.

Хэвлэх

17 дугаар зүйл.Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл

17.1.Улсын өмгөөлөгч нь дараах чиг үүрэгтэй:

17.1.1.хууль зүйн туслалцааг үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үзүүлэх;

17.1.2.үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах;

17.1.3.энэ хуулийн 7.4-т заасан өргөдлийг хүлээн авч, холбогдох маягт, бүртгэлийг хөтлөх;

17.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

17.2.Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд дараах үйлдлийг хориглоно:

17.2.1.энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хууль зүйн туслалцаа үзүүлэх;

17.2.2.энэ хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх;

17.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх;

17.2.4.энэ хуулийн 7.7-д заасан мэдээллийг өөр зорилгоор ашиглах.

17.3.Улсын өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа Хуульчийн мэргэжлийн дүрэмд нийцүүлэн явуулна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, баталгаа

18.1.Улсын өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан өмгөөллийн үйлчилгээний баталгаанаас гадна дараах баталгаагаар хангагдана:

18.1.1.хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах нөхцөлөөр хангагдах;

18.1.2.өмгөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангагдах;

18.1.3.хуульд заасан үндэслэл журмын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө хариуцлага хүлээхгүй байх.

18.2.Улсын өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу туслахтай байж болно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ОРОЛЦУУЛАХ

19 дүгээр зүйл.Хувийн өмгөөлөгчийг оролцуулах нөхцөл

19.1.Хувийн өмгөөлөгчийг дараах нөхцөлд төлбөрийн чадваргүй яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллуулна:

19.1.1.улсын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй;

19.1.2.нэг хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хоёр ба түүнээс дээш үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авах өргөдөл гаргасан;

19.1.3.үйлчлүүлэгч нь холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын өмгөөлөгчөөс татгалзсан;

19.1.4.тухайн нутаг дэвсгэрт Төвийн салбар байхгүй.

19.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45.1.11-д заасан Хуульчдын холбооны чиг үүргийг хувийн өмгөөлөгчийн төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй уялдуулан зохицуулна.

19.3.Төв нь хувийн өмгөөлөгчийг ажиллуулахдаа төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлэх хувийн өмгөөлөгчдөөс, байхгүй тохиолдолд үйлчлүүлэгч нь тухайн нутаг дэвсгэрт өмгөөллийн үйлчилгээ явуулж байгаа өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар оролцуулна.

19.4.Төвийн салбар нь хувийн өмгөөлөгчийг ажиллуулах нөхцөл бий болсон тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулна.

19.5.Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний ажлын хөлсний жишгийг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан жишгийг тогтоохдоо Төвд ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Төлбөрийг гүйцэтгэх, түүний санхүүжилтийн хэлбэр

20.1.Энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн хувийн өмгөөлөгч нь холбогдох стандартын дагуу хэргийн материалыг бүрдүүлж, өмгөөллийн үйлчилгээний тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд тухайн Төвийн салбарт ирүүлнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан материалтай тухайн Төвийн салбарыг ахлах улсын өмгөөлөгч танилцаж, гэрээний гүйцэтгэлийг дүгнэх бөгөөд энэ нь төлбөр гүйцэтгэх үндэслэл болно.

20.3.Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн ажлын хөлсийг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ

21 дүгээр зүйл.Санхүүжилтийн эх үүсвэр

21.1.Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

22 дугаар зүйл.Хууль сурталчлах үйл ажиллагаанд оролцох

22.1.Төв, түүний салбар нь төлбөрийн чадваргүй иргэдэд хууль сурталчлах, орон нутгийн хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийн 8.2-т заасныг зөрчсөн иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийн 16.1, 16.2, 17.2-т заасан шаардлага хангаагүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдох аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Төв нь Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих