A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "Мянганы сорилтын гэрээ"-ний 5.1 (c), 7.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын Мянганы сорилтын санг татан буулгасугай.

2. Монголын Мянганы сорилтын сангийн хөтөлбөрийн хөрөнгийг Мянганы сорилтын гэрээ болон Удирдах зөвлөлөөс баталсан "Хөтөлбөрийн хаалтын төлөвлөгөө"-ний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үе шаттайгаар шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар нарт даалгасугай.

3. 2008-2013 оны хооронд Монголын Мянганы сорилтын сангаас гадаад, дотоодын гэрээлэгчидтэй байгуулсан ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх гэрээнд заагдсан гүйцэтгэлийн баталгаа болон баталгаат хугацааны эрх, үүргийг шилжүүлэн авах төрийн байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ