A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

TӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус төвийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

3. Монгол Улс ба Нордикийн хөгжлийн сан хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдлийн тооцоог гаргаж баталгаажуулах, Автотээврийн үндэсний төвтэй дамжуулан зээлдүүлэх гэрээг шинэчлэн байгуулж зээлийн эргэн төлөлтийг тус төвийн жил бүрийн зорилтот түвшинд тусган барагдуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

4. Зам, тээврийн сайдын төсвийн багцыг 2014 оны төсвийн жилээс эхлэн "Автотээврийн үндэсний төв"-ийн үйл ажиллагааны орлого, зардлыг бууруулсан хэмжээгээр төлөвлөхийг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 27 дугаар тогтоолын 1, 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ