A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 370

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай:

1.1. Хамтын хэлэлцээр байгуулсан яамдын сайдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлд салбар, тухайн нутаг дэвсгэрийн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын төлөөллийг оруулна. Энэ заалтад Батлан хамгаалахын сайдын зөвлөл хамаарахгүй; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 386 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.2. Аймаг, нийслэл, салбарын түвшинд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтын хэлэлцээр байгуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг нийгмийн түншлэгч талууд хамтран дүгнэлт гаргах; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 386 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын хяналтыг өндөржүүлэх чиглэлээр тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулах.

2. Эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын бодит орлогыг хамгаалах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийгмийн түншлэлийн оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай:

2.1. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр, арга хэмжээнд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын оролцоог хангаж ажиллах;

2.2. Инфляцийн түвшин, салбарын онцлог, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

3. Нийгмийн түншлэлийн талаар хэрэгжүүлсэн ажил, үр дүнг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлт болгон тооцож, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт, мөн энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ