A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 421

Улаанбаатар хот

ГАДААДААС 2014 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2014 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралтад заасан ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллага нь 30-аас доош тооны гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол тухай бүр салбарын сайдын хүрээнд шийдвэрлэж, 30-аас дээш бол тухай бүр Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгасугай.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендэр зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ