A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 429

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7.2, Төсвийн тухай хуулийн 7.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэлийг хангаж, дараах ажлыг шуурхай зохион байгуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай. Үүнд:

1.1. хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2014 оны 3 дугаар сарын 1-ний дотор эцэслэж бэлэн болгох, 1.2. хөрөнгө оруулалтын 2014 оны төлөвлөгөөнд багц дүнгээр тусгагдсан төсөл, арга хэмжээ нэг бүрийн байршил, хүчин чадал, санхүүжих дүнг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний дотор нарийвчлан тодорхойлж баталгаажуулан Эдийн засгийн хөгжлийн яаманд мөн оны 1 дүгээр сарын 5-ны дотор хүргүүлэх, 1.3. хөрөнгө оруулалтын 2014 оны төлөвлөгөөнөөс орон нутаг, харъяа агентлагт эрхийг шилжүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2014 оны 1 дүгээр сарын 7-ны дотор гарган Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх, нэгтгэн боловсруулсан саналыг мөн оны 1 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах, 1.4. хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шуурхай зохион байгуулах.

2. Орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл зэрэг бусад шаардлагатай бэлтгэл хангах арга хэмжээг 2014 оны 1 дүгээр сард багтаан шийдвэрлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажлын байр, шаардагдах түүхий эд, материалын нийлүүлэлт, үнэ ханш, тоног төхөөрөмж, техник, хэрэгсэл болон төслийг хэрэгжүүлсний үр дүнд шинээр бий болох ажлын байрны судалгааг багтаасан мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулахад шаардагдах санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР