A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ, АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ, АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 07

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

16.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Д.Одхүү, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн нар оролцов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө:

“Улсын Их Хурлаас 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө”, мөн 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал,…ийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, ...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болох нь:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаваргүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа үйлдэл, ялгаварлан гадуурхах явдал, тэгж ялгаварлан гадуурхах аливаа турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”, 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлүүлэх эрхтэй”;

Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Энэ утгаар аливаа төрлийн ялгаварлан гадуурхлыг хуулиар хориглосон байх ёстой бөгөөд хуулиар бүх хүн ямар ч шинж тэмдгээр, тухайлбал, арьс үндэс, арьс өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал буюу бусад нөхцлөөр, ялгаварлахын эсрэг тэгш, үр нөлөөтэй хамгаалалтыг баталгаатай болгоно”;

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2-т “Энэхүү пактад оролцогч улсууд арьс үндэс, арьс өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал байдал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал, бусад нөхцөл байдлаар ялгаварлахгүйгээр энэхүү Пактад тунхаглан зарласан эрхийг хэрэгжүүлэх баталгаа гаргах үүрэгтэй”, 6 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр аж төрөхдөө ажил хөдөлмөрөө өөрөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох бололцоог олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ”, 7 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр шударга, аятай таатай хөдөлмөрийн нөхцлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэх үндэслэлээр нотлогдож байна. Түүнчлэн Алагчилахгүй байх тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцид Монгол улс нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцид “алагчилах” гэсэн нэр томъёо нь 1 дүгээр зүйлийн:

“а/ арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл.

б/ ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага буюу тохиолдолд тус байгууллагууд болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл” гэжээ.

Мөн 2 дугаар зүйлд “энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэй холбогдсон аливаа алагчиллыг бүрмөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж байх үүрэг хүлээнэ”;

3 дугаар зүйлийн с/-д “энэхүү бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, практикийг өөрчлөх” гэж тус тус заажээ.

Уг конвенцийн “Бодлого боловсруулах болон түүнийг хэрэглэх” гэсэн 2 дугаар хэсгийн 2-т “Гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахаас урьдчилан сэргийлэх үндэсний бодлогыг боловсруулна. Энэхүү бодлого хууль тогтоомж болон ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллагын хооронд байгуулсан хамтын хэлэлцээр, эсхүл үндэсний нөхцөл практикт тохирох бусад аргаар хэрэгжих бөгөөд түүнд дараахь зарчмыг тусгасан байвал зохино:

a) ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш боломж, хандлагыг дэмжихийг нийтийг хамарсан асуудал болгох.

b) хүн бүрт дараахь зүйлийн хувьд тэгш эрх, хандлага олгож алагчлахгүй байх. Энэ хүрээнд:

-мэргэжлийн баримжаа болон ажлын байрны үйлчилгээ үзүүлэх

-тухайн сургалт, ажилд хувь хүн тохирох эсэхэд үндэслэн сонголтынх нь дагуу ажил олгож, сургалтад хамруулах.

c) засгийн газрын байгууллагууд бүх үйл ажиллагаандаа хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байх бодлогыг баримтална.

d) ажил олгогч аливаа хүнийг ажилд авах, сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийг тодорхойлохдоо алагчилах аливаа үйлдлийг гаргахгүй буюу дэмжихгүй бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд аливаа хүн, байгууллага ажил олгогчтой хамтран шууд болон шууд бусаар саад учруулах, эсхүл зөрчиж болохгүй.

e) хамтын хэлэлцээ болон аж үйлдвэрийн харилцаанд талууд ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш эрх, хандлагатай байх зарчмыг хүндэтгэх бөгөөд хамтын хэлэлцээрт ажилд орох, сургалтад хамрагдах, албан итушаалд дэвших болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийн хувьд алагчилах шинж бүхий заалт оруулахгүй байхыг хангана.

f) ажил олгогч болон ажилчдын байгууллага нь ажилд авах, гишүүнчлэлийг хадгалах болон байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудал дээр ялгавартай хандах аливаа үйл ажиллагааг явуулахгүй байна.

Мөн 5 дугаар зүйлд “Гишүүн улс бүр дээрх бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, дадлыг өөрчилнө” гэж заасан.

Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 122 дугаар конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-ын а/-д “ажил эрж байгаа ба ажилд ороход бэлэн бүх хүнийг зохих ажлаар хангах”, с/-д “ажилчдыг арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл, нийгмийн байдал, гарал үүсэл, хүйсээр үл ялгаварлан өөрт нь тохирох ажлаар хангах, ажил сонгож авах эрх чөлөөг эдлүүлэн, ажилчин бүрийг мэргэжил эзэмших буюу авьяас чадлаа дүүрэн ашиглах бололцоогоор хангана” гээд Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 122 дугаар зөвлөмжид хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилгыг “Эдийн засгийн өсөлт хөгжлийг түргэтгэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах болон ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах зорилгоор гишүүн орон бүр бүрэн, үр бүтээлтэй чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гол зорилго бүхий идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлбэл зохино” гэж заасан.

Энэ бодлогын зорилт нь: “а/ ажил эрж байгаа болон ажил хийх чадвартай хүн бүрийг ажлаар хангах, с/ үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон нийгмийн гарал үүслээс үл шалтгаалан ажлаа чөлөөтэй сонгох, сурсан мэдлэг авъяас чадвартаа тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглах өргөн боломжоор хүн бүрийг хангах явдал болох”-ыг тодорхойлоод, энэхүү зөвлөмжийн 29 дүгээр зүйлийн 2-т “Энэ хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авна: g/ хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1985 оны конвенц, зөвлөмжийн заалтуудын дагуу ажил эрхлэлт, мэргэжил дээр адил тэгшээр хандах зарчмыг хүндэтгэх зэрэг болно” гэжээ.

Дээрх Монгол Улсын Олон улсын гэрээ, конвенцийн дагуу Монгол Улс нь “Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хүн бүрийг аливаа хэлбэрээр алагчилах, ялгаварлан гадуурхахгүйгээр хөдөлмөрлөх тэгш бололцоог хангах” үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж “хүн бүр ажлаа чөлөөтэй сонгох, өөрт тохирсон ажил эрхлэх тэгш боломжоор хангагдах” эрх зүйн орчин бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Хүний эрхийн билль болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид ялгаварлан гадуурхах явдлаас ангид байх, хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоход тэгш бололцоогоор хангагдах талаар тусгахдаа зөвхөн тухайн улсын иргэнд бус, тухайн улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрт энэхүү эрхийг тэгш эдлүүлэх талаар тусгасан.

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар гадаадын иргэнийг ажиллуулсны төлөө ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөхөөр байгаа нь хэдийгээр ажил олгогчид ногдуулж буй төлбөр мэт боловч энэхүү төлбөрөөс шууд үүдэлтэйгээр гадаадын иргэдийг ажиллуулах, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангагдах эрхийг эдлүүлэх боломжгүйд хүргэж байгаа болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно” гэснээс үзэхэд зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь харагдаж байгаа болно. Гадаадын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг шууд хориглох эрх зүйн үндэслэлгүй тул тэдгээрийг тухайн хуулийн этгээдэд 10-аас дээш хувиар ажиллуулахгүй байх үүднээс ажлын байрны төлбөрийг өндөр хувь хэмжээгээр ногдуулах болсноор алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль баталсан байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал, …-г хангах, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн болох нь:

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал ашиглахтай холбоотой салбар буюу уул уурхайн салбарт гадаадын иргэдийг авч ажиллуулахдаа нийт ажиллагсдын 10-аас дээшгүй хувиар ажиллуулахаар хязгаарласан ба үүнээс дээш гарсан тохиолдолд гадаадын иргэнийг ажиллуулж буй ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөр төлнө.

Гэтэл бусад салбар /тухайлбал, барилгын салбар, үйлдвэрлэл, үйлчилгээ гэх мэт/-т ажиллаж буй гадаадын иргэд нь нийт ажиллагсдын хэдэн хувь байх талаар хуулиар ямар нэгэн хязгаарлалт тавиагүй, хоёрдугаарт гадаадын иргэд нийт ажиллагсдын хэдэн хувийг эзэлж байгаагаас үл шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сар тутамд 10 дахин нэмэгдүүлэх биш тогтмол 2 дахин нэмэгдүүлсэн төлбөр төлж байгаа нь Үндсэн хуулийн “шударга ёс, тэгш байдал, …-г хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хуулиар хүлээгээгүй бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын хэдэн хувь нь гадаадын иргэд ажиллуулах талаар ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй, түүнчилэн гадаадын иргэдийг ажиллуулсны ажлын байрны төлбөрт сар бүр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр” төлж байгаа атал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хязгаарлалт тавьж, ажлын байрны төлбөрт сар бүр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр” ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал, …-г хангах, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг шууд зөрчсөн байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн болох нь:

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл гадаадын иргэдийн ажлын байрнаас авч буй төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль зэрэг татварын бус хуулиар авч байгаа нь Татварын Ерөнхий хуулийн дээрх заалттай зөрчилдөж улмаар хууль тогтоомж нь нэг мөр ойлгогдох, өөр хоорондоо зөрчилгүй байх тухай “хууль дээдлэх зарчим”-ыг зөрчсөн байна.

4.Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн болох нь:

Хууль ёсоор оршин суугаа хүн бүр гэдэгт: 1/ Монгол Улсын иргэн, 2/ гадаадын иргэн, 3/ харьяалалгүй хүн багтах бөгөөд иргэний статусын хувьд өөр хэдий ч тус улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа тул Үндсэн хуулийн дагуу хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.

Гэтэл Монгол улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэдийн ажлын байр тутамд ажил олгогчид “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр” ногдуулж байгаа нь “хуулийн өмнө эрх тэгш байх” тухай Үндсэн хууль шууд зөрчих үндэслэл болж байна.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, …, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэснийг зөрчсөн болох нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно” гэж заасан байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уул уурхайн салбарт хуулийн этгээд байгуулан ажиллахдаа ажиллагсдын 10-аас дээш хувьд нь гадаадын иргэн ажиллуулах нь үндэсний аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэрэв уул уурхайн салбарт ажилладаг хуулийн этгээд нийт ажиллагсдынхаа 10-аас дээш хувиар гадаадын иргэдийг авч ажиллуулах нь үндэсний болон хүн амын аюулгүй байдал алдагдах, нийгмийн хэв журам зөрчигдөх нөхцөл байдалд хүргэнэ гэж хууль тогтоогч үзсэн бол 10-аас дээш хувийг төлбөртэйгээр ажиллуулахгүйгээр шууд хориглосон зохицуулалт хийх байсан.

Иймээс гадаадын иргэдийг 10-аас дээш хувиар авч ажиллуулах нь үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд харшлахгүй тул Үндсэн хуульд заагдсан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдах” гэсэн иргэний үндсэн эрхийг гадаадын иргэд Монгол Улсын иргэний нэгэн адил эдлэх эрхтэй.

Түүнчилэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” заасан. Гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болсон тул тэднийг ажиллуулахад эдийн засгийн хүндрэл учирч, ажилд авахаас ажил олгогч татгалзах, ингэснээр уул уурхайн салбарт ажиллах гадаадын мэргэжилтнүүдийн ажлын байранд хязгаарлалт хийж “хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдах” иргэний үндсэн эрхийн эдийн засгийн баталгааг бүрдүүлээгүй байна.

Төрөөс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв хэдий ч иргэдийг ажлын байраар хангахыг дэмжих, хөхиүлэх, хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажиллах ёстой байтал гадаадын иргэдийн эрхийг хязгаарлах хэлбэрээр дээрх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь буруу юм. Гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажил олгогчид ногдуулж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөр нь татвар гэхээсээ илүүтэйгээр торгуулийн хэлбэртэй, санкцийн шинж чанартай “гадаадын иргэдийг авч ажиллуулахыг хориглосонтой адил” утгатай, тэгш байдлыг алдагдуулсан эдийн засгийн хориг болсон байна” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Д.Одхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“Өргөдөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль болсон, гадаадын ажиллагсдын тоо 10 хувиас илүү байх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэтэл 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төлбөр авах нь торгуулийн хэлбэртэй, тэгш байдлыг алдагдуулсан эдийн засгийн хориг болсон байна гэж тус тус дурджээ.

Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын “Ажиллах хүчний талаар тавигдах шаардлага” гэсэн нэртэй 43 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт:

“43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно.

43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж заасан бөгөөд энэ хуультай холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зарим хууль батлагдсаны нэг нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд дараахь агуулгатай 9.3 дахь хэсэг нэмсэн юм:

“9.3.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө”.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “хуулийн этгээд нь зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль баталжээ” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт: “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т: “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй” гэж тус тус заасан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тус тус батлагдан гарч гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохих хязгаар, хүрээний дотор тогтоон мөрдүүлж байна.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц” гэсэн нэртэй 6 дугаар бүлэгт:

“6.1.”Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.

6.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Мөн хуулийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх” гэсэн 8 дугаар зүйлд:

“8.1.Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална” гэж заасан.

Үүний дагуу Улсын Их Хурал 1994 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд түүний 8-д: “Монгол Улсад оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, тэдний зорчин явах журмыг хуульчилан тогтоож, хяналт тавих, Монгол Улсад хууль бусаар оршин суух явдлыг гаргуулахгүй байх хяналтын тогтолцоотой болох”;

34-ын 8-д: “Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох дотоод хүчин зүйлүүд: гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монголд олноороо суурьших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин олноороо гадаадад цагаачлах”,

Гуравын 10-т: “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дараахь чиглэл баримтлах: нэг орноос авах стратегийн ач холбогдолтой түүхий эд, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, ажилчдын тоо хэмжээг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүй байх хэмжээнд байлгах” гэж тус тус заасан.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т: “эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах эрхийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон байна.

Энэ хуулийн 8.1-т “Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна” гэж тодруулан заажээ.

Түүнчилэн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг төрийн захиргааны албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэний нэгэн адил эдэлж, үүрэг хүлээнэ”, 11.2-т: “Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, албан тушаал эрхлэх, гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, эсхүл төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно” гэж тодорхой заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасны дагуу тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан нь энэхүү тодорхой хувь хэмжээнд тохируулан гадаадын иргэдийг ажиллуулж болох одоогийн нөхцөл байдалд тохируулсан заалт юм.

Харин энэ хуулийн 43.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг мөн хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж заасан асуудал бол ашигт малтмалын салбарын онцлогийг харгалзан тогтоосон төлбөр юм. Үүнийг өргөдөлд “эдийн засгийн хориг болжээ” гэж дурдсан тухайд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д Улсын Их Хурал нь “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох…” бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал байна.

Ашигт малтмалын салбар дахь ажлын байрны төлбөр бусад салбарынхаас өндөр тогтоогдсон асуудлыг буруу гэж өргөдөл гаргагч үзэж байгаа бол энэ нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын асуудал биш, Улсын Их Хурал өөрөө хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудал болно.

Татварын ерөнхий хуулийн 2.3-т татвар бий болгохтой холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасан заалт зөрчигдсөн гэж өргөдөлд бичсэн тухайд мөн хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар энэхүү төлбөр нь албан татвар биш тул ямар нэг хууль зөрчигдөөгүй байна.

Өргөдөлд дурдсан Монгол Улсын олон улсын гэрээнүүдийн заалт зөрчигдсөн гэсэн тухайд эдгээр заалтууд нь Монгол Улсад хууль ёсоор буюу холбогдох хууль тогтоомжуудын дагуу оршин суугаа гадаадын иргэдийн эрх, үүргийг баталгаажуулсан заалтууд болохоос биш гадаадаас чөлөөтэй орж ирэн, ямар ч хязгаарлалтгүйгээр ажил, хөдөлмөр эрхлэх тухай ойлголт хараахан биш гэдэг нь тодорхой билээ. Тэгээд ч конвенцүүдэд дараахь хязгаарлалт хийж болохыг шууд дурдсан байна:

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал:

8 дугаар зүйл: Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

29 дүгээр зүйл: 2.Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.

-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт:

6 дугаар зүйл 2: Энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Пактад оролцогч улсуудын авах арга хэмжээ нь техник мэргэжлийн дадлага, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлын хэлбэрэлтгүй хөгжлийг хангах арга замыг хэрэгжүүлэх хувь хүний улс төр, эдийн засгийн үндсэн эрх чөлөөг баталгаажуулах нөхцөлд үр ашигтай ажлаар бүрэн хангах алхмыг хамаарна.

-Алагчилахгүй байх /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц”:

3 дугаар зүйл: Энэхүү конвенц хүчин төгөлдөр үйлчилж буй гишүүн улс бүр үндэсний нөхцөл байдал, практикт нийцсэн арга замаар:

-Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц.

1 дүгээр зүйл: 1.Гишүүн орон бүр бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийг устгах, ажиллах хүчний хэрэгцээг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжил, түүний өсөлтийг урамшуулах зорилгоор үр ашигтай, бүрэн чөлөөт хөдөлмөр эрхлэлтийн сонголтод дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн идэвхитэй бодлогыг гол зорилго болгон зарлаж, хэрэгжүүлнэ” гэх мэт.

Дэлхийн улс орнуудад ялангуяа, хөгжиж байгаа орнуудад гадаадаас ажиллах хүч авахад зохих хязгаарлалт, квот тогтоосон байдаг бөгөөд энд ОХУ, Казакстан, Белорусь зэрэг улсуудыг нэрлэж болно.

Ийнхүү дээр дурдсан Үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжийн заалтууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллах гадаадын иргэдийн эрх, үүргийг тодорхой зааглан тогтоож өгсөн болохыг харуулж байгаа тул Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.3, Ашигт малтмалын тухай хуулийн 43.1, 43.2 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактуудад дурдсан хүний угаас заяасан “салшгүй” эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг эдгээр пактад нэгдэн орсон гишүүн орны хувьд Монгол Улс Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно” гэж заажээ.

Ийнхүү үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хүний салшгүй эрхээс бусад эрхийг дотоодын эрх зүйн хүрээнд зохих хэмжээгээр хязгаарлал тогтоож болохоор заасан нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 3-ын “Хөгжиж байгаа улсууд хүний эрх болон үндэсний эдийн засгаа зохих ёсоор харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн эрхийг өөрийн улсын иргэн бус хүмүүст хэрэгжүүлэх баталгааг ямар хэмжээгээр бий болгохоо тодорхойлж болно” гэсэн заалттай уялдаж байна.

Хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах нь хүний салшгүй эрхэд үл хамаарах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө”, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэсэн нь Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтад нийцэж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дээр дурдсан заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн,

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө”, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, ...тэгш байдал, ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, ...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авч 15 хоногийн дотор хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ: Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД: П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ, АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот