Хэвлэх DOC Татаж авах
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 1, 16 ДУГААР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 1, 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 9, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1-ИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ / Дүгнэлт /

1998 -06-03 Улаанбаатар хот





Дугаар 06

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1998 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өрийн ордны 251 тоот өрөөнд үйлдэв.
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Бямбаа, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Т.Ядамсүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар оролцов.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух иргэн Т.Ядамсүрэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: "Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "засгийн эрх ард түмний мэдэлд байна. …ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй", мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д "…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" хэмээн монголын иргэд тэгш эрх эдэлж төрийн хэрэгт, төрийг удирдахад оролцох эрх, эрх чөлөөг тов тодорхой заасан билээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д "…төлөөлөгчдийн тоо нь гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна" гэсэн заалт нь Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг /дээр дурьдсан/ хааж байна" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандан иргэн Т.Ядамсүрэн бичгээр гаргасан тайлбартаа: "Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан эрх дараахь байдлаар хэрэгждэг гэж би ойлгодог. Үүнд:
а/…өөрийн итгэж, найдвар хүлээлгэж чадах хүнээ өөрөө мэдэж, чөлөөтэй, шууд сонгох, эгүүлэн татах явдал мөн.
б/Төр засгийн болон орон нутгийн удирдлагад сонгосон байнгын төлөөлөгчтэй байж, тэдэнд санал бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцох ёстой.
в/УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч болон орон нутгийн Хурал, удирдлагаа шууд сонгох;
г/…төлөөллийн тоог тодорхой хэмжээгээр хуульчлан тогтоож байгаа нь иргэний эрх, хуулийн өмнө тэгш байх зарчмыг баталгаажуулсан хэм хэмжээ мөн.
Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтад заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
Архангай аймгийн Батцэнгэл сумын 262 иргэн нөхөн сонгууль явуулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тэдний хүсэлтийг хуулийн дээрх заалт хааж байна" гэжээ.
Улсын Их урлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар бичгээр гаргасан тайлбартаа: "Тус хуулийн үзэл баримтлал нь сонгууль явуулахдаа пропорциональ зарчмыг илүү эрхэмлэсэн тул сонгуулийн үед намын жагсаалтанд багтаж байсан нэр дэвшигчдийг автоматаар нөхөн сонгох онцлогтой гэдгийг тусгайлан анхаарах нь зүйтэй бөгөөд сум бүрээс заавал тогтмол төлөөлөлтэй байна гэсэн хатуу зарчмыг аль ч хуулинд мөрдлөг болгож баримталдаггүй болохыг анхааран үзэхийг хүсье" гэжээ.
Иргэн Т.Ядамсүрэн Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: "Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг, төрөөс баталсан хуулиар сонгогдож байгуулагддаг ийм л байгууллага. Төрийн дээд болон бусад байгууллагатай иргэдийг холбож байдаг ганц байгууллага юм шүү. Хэрэв төрийн биш байгууллага юм бол бүх ажиллагааг нь хуульчлалгүй бидэнд эрхийг нь өгөхгүй яасан юм бэ? Тоог нь хуулиар тогтоосон атлаа хасагдахаар нь нөхөж болдоггүйн учир юу вэ?" гэжээ.
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчимд тулгуурлаж, сонгогчийн идэвхтэй, идэвхгүй эрхийг хэрэгжүүлэх бололцоогоор хангагддаг. Ер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль маань хувь тэнцүүлсэн пропорциональ системээр хийгдсэн. Түүнийг энэхүү хуулийн 17, 18, 29, 32, 35 дугаар зүйлүүд ч үүнийг баталсан. Сонгуульд оролцогч иргэн хоёр санал өгч байгаа нь үнэн. Нам, эвслийн нэрийн жагсаалтаар орон нутаг, нэгжийн төлөөлөл хангагдсан. Сонгуулийн эцсийн үр дүн намуудад өгсөн саналаар пропорциональ тогтолцооноос хамаарч байгаа юм" гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь иргэд өөрсдийн төлөөлөгчдийг сонгох пропорциональ системд үндэслэсэн нь тогтоогдов.
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 18 3 дахь заалтууд "Төрийн хэрэгт шууд оролцох /сонгогдож/ эсхүл төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх" зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэж үзсэн иргэн Т.Ядамсүрэнгийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахьхэсгийн "…иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан бол Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна" гэсэн заалт Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна.
2.Энэ дүгнэлтийг хүлээн авснаас хойш хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан хугацаанд ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.


ДАРГА Л.БААСАН