A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дотоодын аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон давуу эрх олгож ажиллахыг захиалагч нарт үүрэг болгосугай.

2. Тендерт оролцогчдод давуу эрх олгосон талаархи мэдээг худалдан авах ажиллагааны улирлын тайланд дэлгэрэнгүй тусган Сангийн яаманд тухай бүр хүргүүлж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ тогтмол дэмжихийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарт уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН