A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 2 ДУГААР БҮЛГИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУР
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 2 ДУГААР БҮЛГИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН

1 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 1994 ОНЫ 60, 61 ДҮГЭЭР ТОГТООЛ,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1995 ОНЫ 104, 105, 146 ДУГААР ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ/ Дүгнэлт/

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, С.Жанцан, Д.Чилхаажав /шалгагч/, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Цэен, Л.Дашзэвэг, Х.Загд, Д.Дашдаваа, Т.Батсүх, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Т.Сүхбаатар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нар оролцов.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, өндөр настан Д.Цэен, Л.Дашзэвэг нар Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "... Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоогдсон тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг Төсвийн хуульд жил бүр тусгах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэх гэж заажээ.

Энэ тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолууд гарч 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ 1997 онд хүрсэн байвал зохих хэмжээг тогтоов. Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолд зааснаар 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгогчид 1997 онд сард 7200-14400 төгрөгийн тэтгэвэртэй болох юм. Энэ нь 1995 оноос хойш тэтэгэвэр тогтоолгогчдоос даруй 2-4 дахин бага байхаар тогтоогджээ. Энэхүү утгаар нь үзэхэд Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолууд нь тэтгэврийн насны иргэдийг 1995 оноос өмнөх ба хойшхи гэх мэт хугацаагаар ялгаварлан өөр өөр хэмжээтэй тэтгэвэр тогтоож, иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тухай Монгол Улсын үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Улсын Их Хурлаас 1996 онд батлан гаргасан "Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай" хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад ... төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд орон сууцны талбай ... халаалт, цэвэр бохир усны хөлсний 50 хувь, гэр, ердийн халаалттай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4м.куб түлээ, 4 тонн нүүрсний үнийн /тээврийн хөлсийг оруулж тооцсон/ 50 хувийг тус тус нөхөн олгоно ... гэсэн заалт нь ... өндөр настан тэтгэвэр авагчдыг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан үзэл мөн тул Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ.

Үндсэн хууль зөрчсөн эдгээр зөрчлийг хянан үзэж албан ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье" гэжээ.

2. Мөн дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Загд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө: "... Монгол Улсын тэтгэврийн хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудад 45 нас хүрсэн эрэгтэйчүүд 40 нас хүрсэн эмэгтэйчүүд гэх мэт нас хүйсээр нь ялгаварласан нь Үндсэн хуулийг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104 дүгээр тогтоолын 2 дахь заалтад ... 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 1997 онд авбал зохих тэтгэврийн түвшинг тогтоон хавсралтаар баталжээ. Энэ тогтоолоор 55, 60-аас дээш насны эмэгтэй, эрэгтэйчүүд гэж ялгаа зааг тогтоосон нь тэтгэврийн насны хүмүүсийг насаар нь ялгаварлажээ.

Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай 1996 оны хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд орон байрны болон түлээ нүүрсний хөнгөлөлтийг тогтоохоор заасан нь ажил, албан тушаалаар нь иргэдийг ялгаварлан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд эдгээр асуудлыг хууль зүйн үүднээс хянан үзэж, зохих дүгнэлт гаргаж өгөхийг хүсье..." гэжээ.

3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Д.Дашдаваа Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "... Тэтгэврийн насны хүмүүсийг Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолоор 1995 оноос өмнөх ба хойшхи гэсэн цаг хугацаагаар зааглан хоёр ялгаатай тэтгэвэр тогтоож 1995 оноос өмнөх үед тэтгэвэр тогтоолгогчид бага тэтгэвэр авах болов.

Улсын Их Хурлаас 1996 онд баталсан Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд зааснаар гавъяат цолтон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан өндөр настанд орон сууцны болон бусад хөнгөлөлт тогтоожээ. Ингэснээр "гавъяат цолтон болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан өндөр настанд хөнгөлөлт эдлүүлэх тухай" заалт нь тэтгэврийн иргэдийг алдар цол, албан тушаалаар нь ялгаварлажээ.

Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ бол зөвхөн миний хүсэлт биш өргөн олон түмний хүсэлт болно ... гэжээ.

4. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны өндөр настан Д.Гоош Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: "Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 123 дугаар тогтоолд 55, 60-аас дээш насны тэтгэвэр авагчдад 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс 300 төгрөг, 4 дүгээр сарын 1-нээс 500 төгрөг нэмэгдүүлж олгохоор заасан нь Тэтгэврийн хуульд заасан үндэслэлээр 50, 55 насандаа тэтгэвэр тогтоолгосон хүмүүст хамаарахгүй болжээ. Энэ утгаар дээрх тогтоол нь тэтгэврийн насны иргэдийг насаар нь ялгаварлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд буй "иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг зөрчжээ.

Засгийн газрын 1993 оны 184 дүгээр тогтоол гарч 55, 60 наснаас дээш тэтгэврээс өөр орлогогүй хүнд 800 төгрөг нэмэн олгохдоо нэг өрхөд 20-оос доошгүй толгой малтай буюу өрхийн орлого жилд 180.0 төгрөгөөс хэтрэхгүй байх журмыг баримтлахаар зохицуулжээ. Энэ нь иргэдийг нас, эд хөрөнгө, малтай эсэхээр ялгаварлажээ.

Засгийн газрын 1995 оны 146 дугаар тогтоолоор 70 ба түүнээс дээшх насны хүмүүсийн тэтгэврийг 1997 онд хүрсэн байх түвшингээр 1995 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлжээ. Ингэснээр 55, 60-аас 70 хүртэл настай өндөр настнууд тэтгэврийн хувьд ялгаатай хэвээр үлджээ.

Засгийн газрын 1996 оны 71 дүгээр тогтоолын дагуу тэтгэврийн хэмжээ нэмэгдэхэд 50-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэйчүүд зэрэг 226.4 мянган өндөр настнууд 1997 онд хүрвэл зохих тэтгэврийн түвшинд хүрч чадсангүй. Эдгээр тогтоолууд нь иргэдийг насны байдлаар ялгаварлан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсье..." гэжээ.

5. Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, өндөр настан Т.Батсүх Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: "... 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг 1995 оноос хойшхи тэтгэвэртэй уялдуулан нэмэх асуудлыг Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоолоор шийдвэрлэхдээ Монгол улсын Үндсэн хууль тус улс нэгдэн орсон олон улсын хэм хэмжээг зөрчиж, ялгаатай, тэгш бус байдал тогтоожээ. 1995 оноос хойш тогтоогдсон тэтгэвэр үүнээс өмнөх үеийнхээс илүү тогтоогдсон, Засгийн газраас тэтгэврийн зөрүүг арилгахаар гаргасан тогтоолоор тогтоосон хэмжээ нь 1995 оныхоос хойшхи тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Эдгээр тогтоолууд нь ялгаатай зохицуулалт, хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөнөө бүрхэгдүүлэх гэсэн оролдлого мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд "Төрөөс хүний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр авагч бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье" гэжээ.

6. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн өндөр настан С.Жудаг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө: ... Улсын Их Хурлын 1994 оны 61 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн заалтаар 1995 оноос өмнө насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 1995 оноос хойш тогтоогдсон тэтгэвэртэй харьцуулан нэмэгдүүлэхдээ насны байдлаар тэтгэврийн хэмжээгээр нь ялгаа заагтай болгожээ. Жишээ нь: Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор 1997 онд хүрвэл зохих тэтгэврийн түвшин нь 1995 оноос хойшхи тэтгэврийн хэмжээнээс доогуур болжээ.

Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... гавьяат цолтон, ... төрийн өндөр албан тушаал хашигчдад орон сууцны болон бусад хөнгөлөлт олгохоор" заасан байна. Энэ нь зарим нэгэн гавъяат баймааргүй хүнд /Басхүү гэх мэт/, эсвэл төрөөс олгоогүй /МБТ спортын төв зөвлөлөөс олгосон/ гавъяатан эсвэл төрийн алба хашсан өндөр цалинтай байсан /Сүрэн, Ламжав нар/ хүнд хөнгөлөлт тогтоон иргэдийг ялгаварлажээ.

Засгийн газрын 104 дүгээр тогтоол болон Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн дээрх актуудыг хянан үзэхийг хүсье... гэжээ.

Иргэн Д.Цэен, Т.Батсүх, С.Жудаг нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа: ... Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолоор 1965 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг ялгаварлах бодлогын эхийг тавьсан. Тэгэхдээ 1997 онд багтаах бодлого үүссэн гэж үздэг. Үүнээс уламжлаад 104 дүгээр тогтоол гарч 1997 онд хүрэх гэсэн арга түвшинг зохицуулсан. Бидний бодлоор бол 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш бүх тэтгэвэр авагчид ижилхэн хангамжтай байх ёстой. Өөрөөр хэлбэл байгаа мөнгөө хуваагаад өгөх ёстой гэж үздэг... Насаар нь ялгаварлан гадуурхсан нь буруу ... 1995 оноос хойшхи нь их өндөр тэтгэвэртэй болоод байгаа юм. Энэ ялгааг арилгахад доорхи арга бий. Үүнд:

1995 оноос мөрдөгдсөн тэтгэврийн хуулийг хүчингүй болгон түүнээс өмнөх хуулийг мөрдүүлбэл бид хуулийн өмнө тэтгэврийн хувьд адилхан болно.

Хөрөнгийн эх үүсвэр олж 1995 оноос өмнөх хүмүүсийн тэтгэврийг 1995 оноос хойшхи хэмжээнд хүргэж нэмэх.

Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл буюу эрх тэгш байх гэдэг зарчмаас ухарч түүнийг хүчингүй болгон Олон улсын гэрээнээс гарах ёстой. Ингэвэл бид маргах эрхгүй болно...

Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гавьяат цолтон, төрийн өндөр албан тушаалтанд ... хөнгөлөлт олгох тухай заасан нь тэтгэврийн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэж байна. Ялангуяа өндөр албан тушаалтан гэдэг нь тодорхой ойлгогдох байх, тэд хөрөнгө зоорьтой улс шүү дээ... гэжээ.

Улсын Их Хурлын даргын 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн, Г.Ганболд нар Улсын Их Хурлын дарга Н.Багабандид гаргасан хүсэлт Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа:

... Улсын Их Хурлын 1995 оны 61 дүгээр тогтоолыг би хувьдаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж хувь хүний хувьд үздэг тул өөрийн үзэл бодлын эсрэг улсын Их Хурлыг төлөөлөх боломжгүй. Харин Засгийн газрын баримт бичгүүд Улсын Их Хурлын дээрх тогтоолтой нийцэж гарсан тул хэлэх юм алга... Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд байгаа иргэдийн тэтгэврийг ялгаатай байхаар /1997 он хүртэл/ тогтоосон Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын заалтыг зөвшөөрч чадахгүй байгаа юм... Ийм учир шалтгааны улмаас энэ асуудлаар Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг биелүүлэх боломжгүй байгааг анхааралдаа авч шинээр хүн томилох арга хэмжээ авахыг хүсье ... гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Батбаяр, Ц.Товуусүрэн нар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "Засгийн газрын 104, 105 дугаар тогтоол нь ... Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын дагуу гарсан боловч 1997 онд шинээр тогтоолгох хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдсан эсэхэд эргэлзэх зүйл бий.

Ер нь ижил төрлийн ажил, албан тушаал эрхэлж байсан хүмүүс хэдийд ч тэтгэвэр тогтоолгосон, адил тэтгэвэр авах зарчим баримтлах нь шударга ёсонд нийцнэ. Хэрэв энэ зарчимд нийцэж байвал Үндсэн хууль зөрчсөн гэх үндэсгүй. Засгийн газрын 1995 оны 146 дугаар тогтоолоор 70-аас дээш насны хүмүүс, тэтгэвэр авдаг хамгийн эмзэг хэсэгт нь эхний ээлжинд тэтгэврийг нэмсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэх үндэсгүй. Нэгэнт эх үүсвэр нь хангалтгүй байгаа бол ийм алхам хийх нь эмзэг хэсгээ өөд татахад эрх биш тус нэмэр болно. Харин ийм хүмүүстэйгээ барьцаж Үндсэн хууль зөрчсөн гэх нь шударга ёс биш байхаа ... Улс орондоо гавъяа байгуулсан алдар цолтнууд, эрхийг нь хуулиар хязгаарладаг төрийн өндөр албан тушаалтнуудад нэмэгдэл хөнгөлөлт үзүүлдэг нь гадаадын ардчилсан орнуудын жишиг байдаг. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байх...

Засгийн газраас тэтгэврийг нэмэгдүүлэх талаар гарсан шийдвэрүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын 1 дүгээр заалттай уялдаж байгаа юм" гэжээ.

Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Чимэд, Р.Гончигдорж, Ц.Товуусүрэн зэрэг гишүүд дараахь саналуудыг гаргаж байжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид "... хуучин тэтгэвэртэй улсыг шинэ хуулийн дагуу шилжүүлэх хугацааг өөр үе шаттайгаар авч үзэж болох юм. Түүнээс мөнхийн хоёр өөр тэтгэвэртэй байна гэдгийг Монгол Улсын Их Хурал зөвшөөрөх ёсгүй. Өөрөөр хэлбэл 1990 оноос, 1993 оноос өмнө ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр, хойш ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр гэж хоёр ялгаж ерөөсөө болохгүй ... Ингэж явах юм бол энэ тэтгэврийн хууль чинь амьдрахгүй л дээ ... Өнөөдөр хуучин шинэ хоёр хууль ярьж байгаа учраас тэтгэвэр авч байгаа хүн ба авах ёстой хүн хоёртоо бас хоёулангий нь зэрэг харахгүй бол болохгүй ... гэжээ. /Улсын Их Хурлын V чуулган 16, 60 дугаар ботиуд/

Р.Гончигдорж: "... хэдэн жилийн өмнө тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин 750 төгрөг байсан бол хэдэн жилийн дараа энэ нь 7.50 мянгын хэмжээтэй болсон байна. Үүнийг яаж зохицуулах юм бэ? ... Энэ хуулинд ... тэр үед авч байсан, тэтгэвэр тэтгэмжээр нь гэж байгаа болохоос биш тэр үед ажиллаж байсан ажлын нь өнөөгийн үнэлэмжээр гэдэг тийм асуудал ерөөсөө байхгүй байгаа шүү дээ..." гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн: "... үйлдвэрийн цехийн дарга хийж байсан хүн өнөөдөр ямар хэмжээний тэтгэвэр авч байна вэ? Цехийн дарга хийж байгаад шинэ хуулиар тогтоолгосон хүн хоёрын хооронд ялгавар гарч байгаа асуудал бол үнэндээ энэ байж болшгүй зүйл ... би хууль батлагдсантай холбогдуулаад санал хураалгахгүй нэг юм хэлмээр байна. Энэ бол юу вэ гэхээр энэ шилжилтийн хууль гарч байгаа явдал нийгмийн даатгалын шинэ хуулийн дагуу урьд тогтоогдсон хүмүүсүүдийн тэтгэврийг тогтоолгох ёстой байсан. Энд байнгын хороо энийг ингэх шаардлагагүй гэж үзсэн. Засгийн газар "... тийм төсөл оруулж ирсэн. Улсын Их Хурал ч ингэж шийдлээ. Өөрөөр хэлбэл 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс 1997 оны 1 дүгээр сарын 1-ний хооронд бүх тэтгэврийг шинэчлэн тогтоох ёстой байсан ... гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар, Г.Сүхбаатар нар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "... 1. Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоол Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухайд авч үзвэл ... Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус улсын иргэд тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй байна гэж заасан.

1995 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн Нийгмийн даатгалын багц хуулиуд нь зөвхөн даатгалын шинэ харилцааны онцлог зарчмыг тусгасан учраас 1990 оны Тэтгэврийн хуулиар тогтоогдсон тэтгэврийг шинэ хуулийн дагуу өөрчлөн нэмэгдүүлэх чиглэлийг Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн. Үүний дагуу Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолоор бүх тэтгэврийг 20 хувиар /цэргийн тэтгэврийг 40 хувиар/ нэмэгдүүлж, 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг 1997 онд хүрвэл зохих түвшинг тогтоосон.

Эдгээрийн дотроос 70-аас дээш настангууд бусдын асрамжинд байдаг хүмүүсийн тэтгэврийг 1995 оны 11 дүгээр сараас эхлэн 1997 онд хүрвэл зохих түвшингээр нэмэгдүүлсэн. Эдгээр нь Засгийн газар 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого бөгөөд энэ нь Засгийн газрын 104, 105, 146, 71 дүгээр тогтоолоор 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн үйл ажиллагаа болно. Ийм учраас 1995 оноос өмнө тогтоогдсон бүх хүний тэтгэврийг хавтгайруулан цөөн хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэхийн оронд өндөр настай ахмадууд, хортой, халуун, газрын доорхи нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдийн тэтгэврийг тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн нь тэтгэвэр авагсдыг насаар нь ялгаварласан бодлогыг хуульчлан тогтоогоогүй болно.

Улс оронд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийг дэмжих зорилгоор хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмадуудад орон сууцны зарим хөнгөлөлт олгохоор Нийгмийн халамжийн багц хуульд тусгагдсан. Энд одон медалиар шагнагдсан ахмадууд хамаараагүй.

1995 оноос өмнөх үед тогтоогдсон тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний өсөлтийг харгалзан индексжүүлэн нэмэгдүүлсэн. 1991 онд хөлсний доод хэмжээ цагт 3 төгрөг 59 мөнгө байсан бол одоо 49 төгрөг 23 мөнгө бөгөөд үүнээс үндэслэн 13.71 гэсэн индекс баримталсан болно ..." гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сүхбаатар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Хуралдаанд хэлэлцэж буй гомдлууд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн тэтгэвэр авах эрхтэй холбоотой. Тэтгэврийн 1991 оны болон 1995 оны хуулиудаар тэтгэвэр бодох хувь ижилхэн. Үнийн өсөлтийн дагуу индекс хэрэглэхэд 1995 оноос өмнөх ба хойшхи тэтгэврүүд ойролцоо болно.

Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолд зааснаар 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг үнийн өсөлттэй холбогдуулан нэмэгдүүлэх чиг бодлого баримталжээ. Засгийн газар энэ арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ иргэдийн нас, амьдралын нөхцөл, бусад байдлыг нь харгалзан хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь хөрөнгөнөөс хамаарах тул Монгол Улсын Засгийн газар 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Иймд Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолууд Үндсэн хуулийг зөрчиж байна гэх үндэслэлгүй байна гэв.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах хуралд оролцож тайлбарлахдаа: хэлэлцэж буй асуудал бол эмзэг асуудал. Улсын Их Хурал ахмадуудаа ялгаварлан үзээгүй бөгөөд эцсийн үр дүнд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд бол өндөр настнуудыг тэтгэврийн хувьд нь адилхан болгоход чиглэсэн арга хэмжээ болно. 1996 онд батлан хамгаалахад 11 тэрбум төгрөг гаргаж байна. Гэтэл тэтгэвэр тэтгэмжид мөн 11 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ бол төрөөс тэтгэврийн хүмүүсийн талаар авч буй арга хэмжээний төрөл мөн. Эдгээр байдлуудыг харгалзан үзэхэд Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолууд Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлтийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Өнөөдрийн хуралдаанд тавигдаж байгаа асуудал бол шийдвэл зохих асуудал мөн үү гэвэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож иргэн Х.Загд тайлбарлахдаа: "Ахмад настнуудыг нас, тэтгэвэр тогтоолгосон байдлаар нь ялгаварлан зааг ялгаатай тэтгэвэр тогтоосон нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Би өргөдөлдөө тэтгэвэр тогтооход насаар нь ялгав гэсэн хүсэлт гаргасан. Үүнээ буцаан татаж авлаа. Цэцэд гаргасан өргөдөлдөө дурьдсан бусад шаардлагаа дэмжиж байна. Ер нь тэтгэврийн насны хүмүүсийг тэтгэврийн хувьд нь ялгаатай журам тогтоосныг анхаарч үзэхийг хүснэ. 1995 оноос хойш цэргийн тэтгэвэр тогтоолгогчдод нэг удаагийн тэтгэмж болгон тэдний 18-36 сарын цалинг олгодог байхад үүнээс өмнөх үед тэтгэвэрт гарагчдад энэ журам байхгүй. Энэ бол тэтгэврийн хүмүүсийг ялгасны баталгаа мөн" гэв.

Иргэн Л.Дашзэвэг хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Би Улсын Их Хурал, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Бидний эмзэглэсэн зүйл бол 1995 оноос өмнөх тэтгэвэр 1995 оныхоос 2-оос 4 дахин бага байгаад оршино. Ер нь төрөөс хүмүүсээ тэтгэврийн хувьд адилхан байлгах зарчмыг баримтлах нь чухал гэв.

Иргэн Т.Батсүх тайлбарлахдаа: Улсын Их Хурлаас 60, 61 дүгээр тогтоолыг гаргахдаа тус улс нэгдэн орсон олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчиж тэтгэвэр авагч иргэдийг 1995 оноос өмнөх ба хойш гэж ялгаа заагтай журам тогтоожээ гээд Улсын Бага Хурлаас 1990 оны тэтгэврийн хуулийг мөрдүүлэхээр гаргасан тогтоолыг уншин тайлбарлав.

Иргэн Д.Дашдаваа хуралд оролцож тайлбарлахдаа: "Үндсэн хуулийн Цэцэд хандаж буй хүсэлтүүд бол бид бүхний шаардлага биш олон мянган тэтгэвэр авагч настангуудын хүсэлт юм. Миний өргөдлийг Улсын Их Хурал, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид сайн танилцаагүй юм шиг санагдав. Тэтгэврийн багц хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас гаргасан 60, 61 дүгээр тогтоол бол тэтгэвэр авагч иргэдийг тэгш бус байдалтай болгов. Энэ талаар өргөдөлд тодорхой бий. Энэхүү тэгш бус байдал 1997 оноос хойш үргэлжлэх нь тодорхой. Иймд энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Өргөдөлд дурьдсан миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Би хүсэлтээ дэмжиж байна" гэв.

Иргэн Д.Цэен Цэцийн хуралд оролцож тайлбарлахдаа: "... Нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдаж гарснаар тэтгэврийн хүмүүст 2 өөр хууль үйлчлэх боллоо. Хууль буцаан хэрэглэх олон улсын түгээмэл зарчим байдаг. Шинээр гарч байгаа хуулийн эерэг заалт бүхэн тухайн харилцаанд хамаарагдаж байгаа бүх хүнд адилхан тусах ёстой. Тэгээд ч шинэ хууль 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс ... мөрдөгдөж эхэлсэн болохоор тэтгэвэр тэтгэмж авдаг бүх хүнд адил тусаж олгогдох нь зарчмын асуудал юм. Гэтэл энэхүү хүмүүнлэг зарчмыг "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны 60, 61 дүгээр тогтоолуудын 1 дүгээр заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "... хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно", 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Амьд явах эрхтэй" гэсэн заалтууд зөрчигдөж, тэр тусмаа өндөр настан, тэтгэвэр авагчдыг ялгаварлах, алагчлах, хууль зөрчих боломж нөхцөлийг тавьж өгсөн гэж үзэж ... тайлбар гаргаж байна. Би өргөдөлдөө бичсэн бүх хүсэлтээ дэмжиж байна ..." гэв.

ХЯНАВАЛ:

Нэг. Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж мөрдүүлэх, 1995 оноос өмнөх үед тэтгэвэр тогтоолгогсдын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийг нас, тэтгэвэр тогтоолгосон цаг хугацааны байдлаар нь ялгаварлахад хүргэсэн, хууль тогтоох эрх мэдлийн асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хэрэг дээрээ шилжүүлсэн агуулгатай болсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 20 дугаар зүйлийн зохих заалтуудыг зөрчжээ.

Улсын Их Хурлын энэхүү үйл ажиллагаанаас шууд шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105, 146 дугаар тогтоол гарч иргэдийг нас, тэтгэвэр тогтоолгосон цаг хугацаагаар нь ялгаварласан байдлыг бий болгожээ. Энэ талаар гаргасан иргэн Д.Цэен, Л.Дашзэвэг, Х.Загд, Т.Батсүх, Д.Дашдаваа, Д.Гоош, С.Жудаг нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хоёр. Иргэн Д.Гоошийн гомдолд байгаа "55, 60 нас хүрээгүй иргэдийг тэтгэврийн нэмэгдлийн хувьд ялгаварлан үзэж Монгол Улсын хууль зөрчсөн байгааг хянан үзэхийг хүсье" гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Гурав. Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтад буй "... төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд ... орон сууцны талбай, халаалт, цэвэр, бохир усны 50 хувь, гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа дөрвөн шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнийн /тээврийн хөлс оролцуулан тооцсон/ 50 хувийг тус тус нөхөн олгоно" гэсэн заалт нь тэтгэврийн насны иргэдийг урьд хашиж байсан албаны байдлаар ялгаварласан агуулгатай болжээ.

Энэ хуулийн дагуу гарсан Монгол Улсын засгийн газрын 1996 оны 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2, 5 дахь заалтууд нь Төрийн албаны хууль, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тул энэ талаархи гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. а/ Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д буй "... төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ..." гэсэн заалт;

б/ Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн "1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоогдсон цэргийн тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, цэргийн алба хаасны тэтгэвэрт шинээр гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулах арга хэмжээг 1997 онд багтаан хэрэгжүүлэх" гэсэн заалт;

в/ Улсын Их Хурлын 1994 оны 61 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн "1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоосон тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн хуульд жил бүр тусгах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэх" гэсэн заалт;

г/ Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт буюу 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн 1997 онд хүрсэн байвал зохих сарын дундаж хэмжээг 1997 онд багтаан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тогтоосугай" гэсэн заалт, уг тогтоолын 1 дүгээр хавсралт;

д/ цэргийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны 105 дугаар тогтоол, түүгээр батлагдсан хавсралт;

е/ Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 21-ний 146 дугаар тогтоолын 1 дүгээр заалт;

ж/ Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 1-ний 100 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн заалтаар батлагдсан тус тогтоолын 2 дугаар хавсралтын "Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ" гэсэн 1 дэх хэсгийн 2-ын "... төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настан ..." гэсэн заалт, мөн хэсгийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д буй "... гавъяат ..." гэсэн заалт Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 123, 184, 1996 оны 71 дүгээр тогтоолуудын зохих заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна.

3. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын 1996 оны хаврын чуулганы завсарлага дууссанаас хойш 10 хоногт багтаан хянан хэлэлцээд хариуг манайд ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАА

ГИШҮҮД Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр                                                                 Дугаар 04                                                                                Улаанбаатар хот