Хэвлэх DOC Татаж авах
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 07

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим
......16.00. цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Н.Ариунболд, Ч.Хурц, П.Болд, Л.Цог, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү нар оролцов.
Нэг. Иргэн Ч.Хурц, Л.Цог, П.Болд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж томъёолсон нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын агуулгад харшилж байна.
Нэгдүгээрт, тус хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувьтай байж болох”, 5.5-д ”34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна.
Хоёрдугаарт, энэ хоёр заалтын аль нь ч төр өмчөө захиран зарцуулах бүү хэл, стратегийн ач холбогдол бүхий орд газраас ашиг хүртэхгүй байхаар эрх зүйн үндэс хуульчлагдсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн агуулга, үзэл санаанд ноцтой харшилсан байна.
Гуравдугаарт, 5.5 дахь хэсгийн агуулгыг үзвэл төр өмчөө бусдаас худалдан авах үр дагаварт хүргэж байна.
Дөрөвдүгээрт, 5.5-д ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн томъёоллыг “орд эзэмшигч” болгон засварласнаар утгын өөрчлөлт болгож хувийн хөрөнгө оруулагч этгээдэд давуу эрх олгох /ялангуяа гадаадын/, төөрөгдөлд оруулах эрх зүйн үндэс болсоор байна. Товчоор хэлбэл орд эзэмшигч, тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн хоёр томъёоллын агуулга нь ижил биш бөгөөд хууль зүйн өөр үр дагавартай ойлголт гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь хэсгийн заалтыг хүчингүй болгуулахаар өргөдөл бичив” гэжээ.
Хоёр. Баянгол дүүргийн оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...байгалийн байдлаараа...”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах”, “Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ...төрийн өмч мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна.
... Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт бүхэлдээ төрийн өмчлөх эрхийг зөрчжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал төрийн өмч байна хэмээн өмчлөгчийнх нь хүсэл зоригоос гадуур, эд юмсын шинж байдлаас хамааран өмчлөх эрхийг явцуу хүрээнд заасан нь өмчлөгчийн /төрийн/ өмчлөх эрхэд ноцтой халдсан зохицуулалт болжээ. Өөрөөр хэлбэл байгалийн бус байдалтай болсон тохиолдолд өмчлөгч, өмчөө өмчлөх эрхгүй болсон байна.
Хуулиар нийтийн ба хувийн гэсэн өмчийн төрлөөс үл хамаараад өмчлөгчийн өмчлөх эрхийг хамгаалах ёстой байтал Ашигт малтмалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн “...байгалийн байдлаараа...” гэсэн заалт, төрийн өмчийг ашиглах эрх авсан этгээдэд ашиглалтаас үүдсэн бүтээгдэхүүнийг дангаар өмчлөх эрх олгож анхны өмчлөгчийн өмчлөх эрхийг хассан, уг хуулийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэсэн заалтууд нь төрийн өмчлөх эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ...төрийн өмч мөн”, аливаа өмчлөгчийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалах тухай Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт, түүнчлэн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна.
...Өмчлөх эрхээ өмч дагах тул өмчлөх эрхээ даган шинээр бий болсон эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөлд хэвээр хадгалагдана. Харин ийм хэлбэрийн ашиглах эрхээ өмчлөгч бусдад шилжүүлбэл түүний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөх магадлалтай. Учир нь ашиглалтаас үүссэн бүтээгдэхүүнийг ашиглах эрх шилжүүлж авсан этгээд хүртэхээр тэмүүлэх нь зүйн хэрэг боловч нөгөө талаас хуучин өмч үгүй болсон ч түүнийг өмчилж байсан этгээд өмчлөх эрхээ шилжүүлээгүй тул түүнд шинээр бий болсон бүтээгдэхүүнийг өмчлөх эрх үлдсэн гэдэг нь ойлгомжтой. Иймээс хэрэглэх хэлбэрээр хэрэгждэг ашиглах эрхээ шилжүүлсэн, уг эрхийг шилжүүлж авсан талууд ашиглалтын улмаас бий болсон бүтээгдэхүүнийг хэн нь өмчлөх тухайгаа гэрээгээр тодорхойлоогүй, түүнчлэн бусад хуульд өөрөөр заагаагүй бол уг асуудал Иргэний хуулийн 120.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдахаар байна. Уг заалт нь анхны өмчлөгчийн эрхийг хамгаалсан хамгаалалт юм. Харин уг хэсэгт “Хууль...” гэж заасны дагуу Иргэний хуулиас бусад хуульд бусдын хөрөнгийг боловсруулах замаар ашигласнаас үүдэн гарах бүтээгдэхүүнийг талуудын аль нэг нь дангаар өмчлөх тухай заасан бол тэрхүү хууль үйлчилж аль нэгнийх нь өмчлөх эрх хасагдах болж байна. Цаашлаад “хууль”-д өөрөөр заасан тул өмчлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж буй тал нь Иргэний хуулийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хамгаалуулах боломжгүй болсон байна. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бусдаас өмчийг нь ашиглах эрхийг шилжүүлж авсан этгээд ашиглалтаас үүдсэн бүтээгдэхүүнийг дангаар өмчлөх эрхтэй байгаа тул тухайн харилцаанд Иргэний хуулийн 120.1, 120.2 дахь хэсэг үйлчлэхгүй болж улмаар анхны өмчлөгчийн /төрийн/ өмчлөх эрх хасагдаж, уул эрхээ хамгаалах, хамгаалуулах боломжгүй болсон байна.
...Иймд Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж заасан нь өмчлөх эрхтэй этгээдийн өмчлөх эрхийг хуулиар хасаж болно гэсэн санааг илэрхийлж буй нь өмчлөх эрхтэй байх, өмчлөх эрхийг хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, түүнчлэн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна.
Нийтийн өмчийн өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн маргаан бүхий хуулийн заалтууд Үндсэн хуультай нийцэж буй эсэхийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Иргэн Н.Ариунболд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “ашигт малтмал ашиглах” гэдгийг “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа” гэж томъёолсон байх бөгөөд эд хөрөнгийн ашиглах эрхэд захиран зарцуулах эрх хамаардаггүй талаар үндсэн мэдээлэлдээ дурдсан билээ. Нэгэнт ашиглах гэсэн эд хөрөнгийн эрхэд захиран зарцуулах эрхийг ийнхүү хамааруулан заасан тул ашигт малтмал ашиглах эрхийг өмчлөгчөөс шилжүүлж авсан этгээд олборлосон болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ захиран зарцуулах эрхтэй байх нь ойлгомжтой.
...Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7 дахь заалтад “...борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж заасан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцэхгүй байгаа тул Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар шаардлагын зүйлээ нэмэгдүүлж байна” гэжээ.
Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү нар Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан тайлбартаа:
“1. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.
Үндсэн хуулийн цэцэд гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувь байж болох”, 5.5-д заасан “34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна” гэсэн байна. Гэтэл уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм.
Стратегийн орд газар дээр уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн энгийн хувьцааг төр эзэмшснээрээ газрын хэвлийг өмчлөх эрхээ алдах бус харин энэ хувьцаанд тэнцэх ногдол ашиг авах, төр нийтийн зориулалттай өмчөө бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, нэмэгдэл ашиг олох боломжтой болж байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүд Үндсэн хуулиар олгогдсон газрын хэвлий, түүний баялгийг төр өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Иргэн Н.Ариунболд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд хэрэглэсэн “ашиглах” хэмээх ойлголтыг иргэний эрх зүйн үүднээс тайлбарласан нь буруу байна.
Тухайн хөрөнгийн ашигт чанараар дамжуулан үр шимийг нь хүртэх зорилгоор хэрэглэхийг ашиглах хэмээн иргэний эрх зүйд тайлбарладаг хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд энэ томъёоллыг хэрэглэхдээ уул уурхайн эрх зүйн онцлогоос шалтгаалж цэвэр иргэний эрх зүйн ойлголтоос илүү өргөн хүрээнд авч үзсэн байна. Ийм ч учраас ашиглах эрхийн ойлголтыг тусдаа нэр томъёоны тайлбараар тодорхойлох хууль зүйн техникийг Ашигт малтмалын тухай хуульд хэрэглэж, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж заасан билээ.
Төрийн ашигт малтмалын өмчлөх эрх бусдад шилжих үе, ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл олгох үе нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” хэмээн заасны дагуу өөрийн орны онцлогт нийцүүлж, ашигт малтмалын нөөц баялгаараа дамжуулан хөгжих шаардлагыг харгалзан Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан газрын хэвлий болон түүний баялгийг эргэлтэд оруулах зүй ёсны шаардлага байгаа бөгөөд ашигт малтмалыг “үүрд мөнх” төрийн өмч байхаар Үндсэн хуульд заасан мэтээр явцуу ойлгож тайлбарлах нь буруу юм.
Иргэн Н.Ариунболдынхоор Үндсэн хуулийн заалтыг тайлбарлавал Монгол Улсын төр ашигт малтмалаа хэзээ ч хэрэглэх боломжгүй болж тухайн ашигт малтмал байгалийн байдлаараа, олборлож боловсруулсан хэв шинжтэй байхдаа, түүнчлэн борлуулалтын зүйл, эцсийн бүтээгдэхүүн болсон үедээ ч төрөөс өөр хэн ч түүнийг өмчлөх боломжгүй, төр энэ бүтээгдэхүүнийг хэнд ч хэзээ ч борлуулж болохгүй болох байдал үүсэж байна.
Ашигт малтмал газрын хэвлийд байж газартай салшгүй хэлбэрээр орших тухайн үед төрийн өмч байна гэдгийг бид Үндсэн хуульдаа заасан, энэ өмчлөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн аль ч зүйл, заалт зөрчөөгүй. Харин Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн үүднээс газраас салган олборлож, боловсруулан борлуулалтын зүйл болсон тухайн шатнаас эхлэн ашигт малтмалын өмчлөх эрх төрөөс ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжиж байгаа юм.
Иргэний эрх зүйд эд юмсыг хэрэглэгдэх ба үл хэрэглэгдэх хэмээн ангилдаг онолын тогтсон ойлголт байдаг. Тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаар дахин тухайн зориулалтаараа хэрэглэгдэх боломжгүй болдог зүйлийг хэрэглэгдэх эд юмс гэж тайлбарладаг бөгөөд ийм эд юмс эд хөрөнгийг эзэмших, ашиглах гэрээний зүйл болох боломжгүй байдаг. Газрын хэвлийн баялаг болох ус, нүүрс зэрэг олон төрлийн нөөцийг ашигт малтмалын нэгэн адил зориулалтын дагуу ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэгдэх төр өмчлөх эрхээ шилжүүлэхээс өөр аргагүй. Иймд Ашигт малтмалын тухай хуульд төр ашигт малтмалыг борлуулах эрх олгож өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхгүй.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх авснаар шууд өмчлөх эрх шилжихгүй тул ашигт малтмалын өмчлөх эрх шилжих мөчийг бид тогтоох шаардлагатай.
Хөдлөх хөрөнгө олж авч буй этгээдийн эзэмшилд шилжсэнээр болон гэрээнд тусгайлан заасан бол үнийг төлснөөр түүнчлэн дахин боловсруулагдаж, засан сайжруулснаар өмчлөх эрх шилжих зохицуулалт иргэний эрх зүйд түгээмэл байдгийн зэрэгцээ өмчлөх эрх олж авч буй этгээд уг хөрөнгийг бусад хөрөнгөнөөс тусгаарласнаар өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх онолын ойлголт байдаг. Энэ тухай манай томоохон иргэний эрх зүйчид өөрсдийн бүтээлдээ дурдсан нь бий. Энэ онолын үүднээс авч үзвэл ашигт малтмал борлуулалтын шаардлага хангасан тухайн үеэс эхлэн төрийн өмчлөлөөс гарч борлуулах эрх бүхий этгээдийн өмчлөлийн зүйл болно.
Олборлон боловсруулагдаж, байгалийн байдлаа алдаж борлуулалтын бүтээгдэхүүн болсон ашигт малтмалыг төр биш тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлолт явуулж байгаа этгээд өмчилдөг. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлаагүй бөгөөд хязгаарлах ч боломжгүй юм. Тухайлбал, Ан агнуурын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр, хуульд заасан төлбөр хураамжийг төлсөн бол ан амьтан болон түүний гаралтай түүхий эдийг худалдах, ахуйн болон үйлдвэрлэлийн, түүнчлэн тусгай зориулалтаар хэрэглэх замаар захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг бол Усны тухай хуулийн дагуу мөн л эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, төлбөр хураамж төлсөн бол ус хэрэглэгч этгээд түүнийг өөрөө хэрэглэхээс гадна хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр захиран зарцуулах бүрэн эрхтэй.
Ашигт малтмалын өмчлөх эрхийн эрхийг ихэнх улс орон тухайн улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай холбон авч үзэж газар, түүний хэвлийд байгалийн байдлаараа байгаа нөөц баялаг төр, нийт ард түмний өмч хэмээн хуульчилсан байх хэдий ч ашигт малтмалын өмчлөх эрхийг төрөөс өөр этгээдэд шилжихийг хүлээн зөвшөөрч, харин ийнхүү шилжихдээ ямар арга замаар хэрхэн шилжихийг өөр өөрийн онцлогт тохируулан ялгамжтай зохицуулсан байна.
...Газар, ашигт малтмал, ан амьтан, ус, ой мод зэрэг байгалийн нөөц нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой учир хууль тогтоогч нь энэ асуудалд илүүтэй анхаарал хандуулан, иргэний гүйлгээнд оролцох нөхцөл байдлыг нь тусгай хуулиар нарийвчлан зохицуулж нийтийн эрх зүйн хэм хэмжээг түлхүү хэрэглэж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй бүрэн нийцэж байна.
3. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлээр төрийн өмчлөлийн үндсэн объектыг төрийн байгуулал, эдийн засгийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмын хүрээнд томьёолсон бол бусад органик хуулиуд тухайн ойлголтыг салбар эрх зүй хийгээд мэргэшлийн талаас нь Үндсэн хуулиар тогтоосон зарчмын хүрээнд нарийвчлан тодорхойлдог.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ашигт малтмал” гэдгийг нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн уг ашигт малтмалыг иргэний гүйлгээнд оруулах боломжийг өмчлөгчид олгосон заалт юм. Энэ заалтаар төр Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн эдийн засгийн хэвшлийг сонгох боломж бүрдэж байна.
Монгол Улсын газрын гадаргуу, түүний хэвлийд байгалийн байдлаараа оршихдоо төрийн өмч байж, олборлолтын дараа боловсруулагдан борлуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүн болсон үеэсээ эхлэн төрийн өмчлөлөөс гарч олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд өмчлөх эрх шилжих нь ашигт малтмалын харилцаан дахь зүй ёсны үзэгдэл юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцсэн байна.
4. ...Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” хэмээн заасан нь мэдээлэл гаргагчийн тайлбарласанчлан төрийн өмчлөх эрхийг зөрчиж буй хэрэг бус харин эсрэгээрээ төрийн өмчлөх эрхийг хамгаалж, ашигт малтмалын харилцаанд борлуулалтын шаардлага хангасан шинэ өмчлөлийн зүйл бий болох хүртэл хугацаанд төрийн өмчлөх эрх хэвээр хадгалагдах боломж олгосон зохицуулалт юм.
Төрөөс өөрийн зарим чиг үүргээ хувийн хэвшилд шилжүүлэх үндсэн аргын нэг болж улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг Концессийн аргыг бид энд жишээ болгон дурдаж болох юм. Концессийн үйл ажиллагааны үр дүнд концесс эзэмшигч төрийн өмчийг засан сайжруулж, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгож болохын зэрэгцээ уг засан сайжруулагдсан эд хөрөнгийг төр өөрөө бүхэлд нь өмчлөх, эсвэл концессийн эрх эзэмшигч тал шууд өмчлөх арга хэлбэрийн аль нэгийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн хуулиар тодорхой зааж өгөх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн “хуульд өөрөөр заасан” гэсэн нөхцөл заасан хэм хэмжээний дагуу зохицуулалт болох юм.
Түүнчлэн улс орнуудад зарим төрлийн ашигт малтмалын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон зохицуулалт байдаг бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн үед төрөөс хууль гарган уг ашигт малтмалыг олборлож боловсруулан шинэ бүтээгдэхүүн бий болгосон хэдий ч өмчлөх эрх шилжихгүй байхаар хуульчлах боломжийг нээсэн зохицуулалт болсон гэж үзэж байна. Энэ мэтчилэн ашигт малтмал, бусад байгалийн нөөц болон нийтийн зориулалттай төрийн бусад өмчийн харилцааны тодорхой тохиолдолд өөрийн өмчлөх эрхээ хэвээр хадгалах нөхцөл байдлыг хуулиар зохицуулах боломжтой байх үүднээс Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн “Хууль...” хэмээн томъёоллыг тусгасан бөгөөд энэ нь Үндсэн хуульд бүрэн нийцэж байна” гэжээ.
“Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд “Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувьтай байж болох, 5.5-д заасан ”34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна” гэсэн байна. Гэтэл уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм.
Стратегийн орд газар дээр уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн энгийн хувьцааг төр эзэмшснээр газрын хэвлийг өмчлөх эрхээ алдах бус харин энэ хувьцаанд тэнцэх ногдол ашиг авах, төр нийтийн зориулалттай өмчөө бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, нэмэгдэл ашиг олох боломжтой болж байна” гэжээ.
Тав. Иргэн Н.Ариунболд 2009 оны 11 дугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“...Өмч “үүрд мөнх” өмчлөгчийн өмчлөлд байх эсэх талаар төлөөлөгч тайлбарлаж асуудлыг мушгин гуйвуулжээ. Өмчийг өмчлөх эрх дагахгүй, өмчлөх эрхийг өмч дагана гэдэг зарчим байдаг тухай мэдээлэлдээ дурьдсан. Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзаагүй, түүний хүсэл зоригийн дагуу шилжүүлээгүй л бол өмч “үүрд мөнх” түүнийх. Үүнийг өмчийн халдашгүй байдал гэж томъёолдог.
... Маргаан бүхий хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох...” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах төрийн оролцооны хэмжээг 50 хүртэл, 34 хүртэлх хувьтай байж болохоор тогтоосон нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “...борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасан нь газрын хэвлийд байгаа байгалийн баялагт хамаарахгүй байна. Олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх нь төрд хадгалагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурьдсан заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж зааснаараа өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэснийг зөрчөөгүй байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “..., борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;” 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...байгалийн байдлаараа...”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ...төрийн өмч мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино”, түүнчлэн Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ