Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 70 ДУГААР ТОГТООЛТОЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
БАЙНГЫН ХОРООНЫ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 70 ДУГААР ТОГТООЛТОЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

1994 оны 11 дүгээр 23-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 09

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нар оролцов.
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Хуралдаанд маргагч талыг төлөөлж Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Цэрэндорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, М.Зэнээ нар тус тус оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж тавьсан хүсэлтдээ: "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 60 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 451 дүгээр зүйлд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх, шийдвэр гаргах, хариу өгөх журмыг тодорхой заасан. Гэтэл Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурал Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу одоо хүртэл хэлэлцээгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийн оронд уг асуудлаар Хууль зүйн байнгын хорооны гаргасан дүгнэлтийг л хэлэлцдэг боллоо.
"Байнгын хорооны дүгнэлтийн тухай" Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс хүсч байна" гэжээ.
Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Цэрэндорж Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа: "Ерөнхийлөгчөөс хориг тавих, түүнийг Улсын Их Хурлаас хэлэлцэх нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын хоорондын шууд харилцааны нэг хэлбэр. Ерөнхийлөгчийн хоригийг хуулиар тогтоосон журмын дагуу хэлэлцэхгүйгээр байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийн талаар гаргасан санал дүгнэлтийг бие даасан асуудал болгон хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг зөрчиж байгаа хэрэг.
Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд Ерөнхийлөгчөөс тавьсан хориг хуульд заасан хугацаандаа тавигдсан эсэх тухай асуудал анхаарлын голд байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын Дээд шүүхийн байр суурь зарчмын зөрүүтэй байгаа. ... Амралтын цагийг хасч тооцвол Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 66 дугаар тогтоолыг хүлээн аваад 54 цаг 20 минутын дараа буюу хориг тавих хугацаа дуусахаас 17 цаг 40 минутын өмнө уг хоригийг тавьсан юм" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбартаа: "Монгол Улсын Их Хурлын 1994 оны 70 дугаар тогтоол Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын Их Хурлын шийдвэрийг Ерөнхийлөгчид илгээснээс хойш 72 цагийн дотор тухайн хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьж болохыг хуульчилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх заалт ёсоор 72 цагийн дотор Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд хориг тавиагүй байна. Нэгэнт хуулийн хугацаанд багтааж Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиагүй байх тул энэ удаагийн хоригийг хориг гэж үзэх хууль зүйн үндэсгүй юм.
Маргааны гол зүйл нь 72 цагийн асуудал юм. Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид хугацааг цагаар заасан зүйл, заалт олон байгаа. Энэ нь ямар ч тайлбаргүйгээр хугацаа эхэлсэн мөчөөс тасралтгүй тоолно гэсэн хуулийн хоёрдмол утгагүй ойлголт" гэжээ.
"Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 11-ний 86 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих эрх бүхий 72 цагийн хугацаа нь ажлын бус цагт дуусаж байвал энэ хугацаа нь түүний дараагийн ажлын өдрийн мөн цаг, минутад дуусгавар болно гэжээ.
Цэцийн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж хэлэхдээ: "Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Бага Хурлаас баталсан Улсын Их Хурлын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Бага Хуралд танилцуулахаас өмнө энэ хуулийн зарим заалт, тухайлбал 52 дугаар зүйлд заасан 72 цагийн хугацаа нь ямар үндэслэлтэй вэ? Хагас сайн, баяр, амралтын өдрийн өмнө тохиовол яаж тооцох вэ? гэсэн асуудлаар тайлбар өгөхийг Улсын Бага Хуралд албан ёсоор хүссэн юм. Үүний хариу болгож Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж албан бичгээр хариу өгөхдөө "Хэрвээ 72 цагт хагас сайн, амралт, баярын өдөр тохиовол түүнийг хасч тооцох нь зүйтэй гэж үзнэ" гэсэн юм. Энэ бол хууль тогтоогчоос тухайн зүйлийг батлахдаа ямар агуулга шингээснийг тод харуулж байгаа нэг баримт юм" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж Цэцийн хуралдаан дээр хэлэхдээ: "Ерөнхийлөгчийн хориг хугацаандаа тавигдаагүй тул зүй нь байнгын хороогоор ч хэлэлцэхгүй буцаж болох байсан. Бид хүндэтгэл үзүүлж хэлэлцсэн юм. Цаг тоолох нэг л журам Монгол Улсын хуульд байгаа. Аливаа хугацааг цагаар тодорхойлсон бол тэр нь тасрахгүй тоолно гэдэг нь тайлбар шаардахгүй ойлгомжтой зүйл. Улсын Их Хурлын 70 дугаар тогтоол бол үндсэндээ 72 цаг гэдгээ агуулгаар нь тайлбарлаж байгаа юм" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээ хэлэхдээ: "Хугацаа тоолох журам хуулийн практикт тогтсон зүйл. 72 цаг гэсэн хугацааг тасралтгүй тоолох ёстой гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн Цэц хуулиа баримталж асуудлаа шийднэ гэдэгт найдаж байна" гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолд тавьсан хориг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан хугацаанд тавигдаагүй тул "Байнгын хорооны дүгнэлтийн тухай" Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны тогтоолын заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ГАРГАХ ДҮГНЭЛТ:
"Байнгын хорооны дүгнэлтийн тухай" Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна.
Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.
ДАРГА Г.НЯМДОО
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ЭНХБААТАР
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
1995.01.04 ¹ 01 Улаанбаатар хот
Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай
Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, С.Жанцан, Ч.Энхбаатар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж гомдол гаргагч иргэн Д.Ламжав, Ц.Цэрэнжээ нар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатар, Г.Ганболд нар оролцов.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
"1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн "... Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан маргаан нь Үндсэн хууль, бусад хуулийг сахиулахтай холбогдон гарч болох бөгөөд энэ тухай Цэцийн буюу аль нэг шатны шүүхийн шийдвэр гарч болно.
Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг сонсоно...", 38 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "... хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг заавал сонсоно..." гэсэн заалтууд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэл гараагүй нөхцөлд Цэцээс дүгнэлт гарахгүй тул Цэцийн дүгнэлтийг шууд дуудан сонсох хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:
1/ Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;
2/ Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;
3/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх гэсэн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн холбогдох заалтууд ёсоор Ерөнхийлөгчийг огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байгаа нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үед л энэ асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцэх бөгөөд хэлэлцэх явцад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан ... Цэцийн дүгнэлтийг ... Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр ... Цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна" гэсэн заалтаас өөр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заалт энэ хуульд ороогүй байна. Тодруулж хэлбэл, Улсын Их Хурлын авч хэлэлцэх ёстой арван төрлийн Цэцийн дүгнэлтээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн авч хэлэлцэхийг дээрх зүйлд тодорхой заасан боловч үлдсэн найман төрлийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх талаар Улсын Их Хурлын тухай хуульд заагаагүй байна. Улсын Их Хурлаар хэлэлцэх ёстой Цэцийн дүгнэлт ийнхүү өрөөсгөл тусгагдсан атлаа Улсын Их Хурлаар хэлэлцэх ёсгүй, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /3, 4-т/ заасны дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээр хуульчилсан тухай дээр өгүүлсэн билээ. Улсын Их Хурлын Байнгын хороо /Дотоод асуудлын/ 1994 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаараа гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж, энэ дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулжээ.
Гишүүд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал шүүн хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргалдсан боловч ганц ч удаа санал хураагаагүй бөгөөд дараа нь энэ асуудлаар тайлбар гаргахаар болж уг асуудлыг хаажээ. Харин С.Зориг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар дахин хүчтэй маргаан өрнүүлсний эцэст санал хурааж Цэцийн дүгнэлтийг зөвшөөрчээ. Ийнхүү Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар цаашдаа Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хурааж шийдэж байна гэсэн жишиг тогтлоо гэж гишүүд үзжээ. Улсын Их Хурлаас Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн /88 дугаар/ тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргана гэдгээ эрх зүйн актын хэмжээнд албан ёсоор илэрхийлсэн анхны тохиолдол юм.
Үндсэн хууль зөрчсөн шийдвэрт хүрэх тулгуур нь Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь заалт болсон нь дээрх хоёр баримтаас харагдаж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн: "Дараахь тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан;
... 5. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татах шийдвэр гаргана"
гэсэн заалтаас өөр Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт энэ хуульд байхгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын үйлчилгээг зогсоож, эсхүл 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байна. Учир нь Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Цэцээс дүгнэлт гаргах шаардлагатай болох үед Улсын Их Хурлын тухай хуулиас баримтлах заалт олдохгүй тул Цэц Үндсэн хуулийг сахиулах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, Үндсэн хууль болон зарим хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэн огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байна гэж тогтоогоод Улсын Их Хуралд оруултал энэ өргөдлийн 4-т дурьдсан тохиолдолтой адил Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд Цэц Улсын Их Хурлын тухай хууль зөрчжээ гэсэн дээр санал хурааж баталгаажуулаад энэ санал хураалтаа эрх зүйн баримт болгон үйлдэх шаардлагагүй гэж үзэж болох юм.
Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ санал хураалтын дүнг Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд хамруулахгүй бол Үндсэн хууль зөрчигдсөн хэвээр хоцорч Үндсэн хуулийг сахиулах баталгаанд хохирол учирна. Хэрэв хамааруулбал Үндсэн хууль зөрчигдсөнийг залруулах боломж үлдэнэ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн: "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:" Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна.
Учир нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан ёсоор Улсын Их Хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах албан тушаалыг цалингүйгээр эрхэлж болохоор заажээ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана" гэсэн заалтыг би урьд нь уг зүйлийн нэгд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн тухай гарсан Цэцийн дүгнэлтийн тухай асуудал гэж ойлгосон нь буруу байжээ. Учир нь Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргаж болох эрх зүйн үндэслэл нь чухамхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болох нь Улсын Их Хурлын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: "Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг ... хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын: "2. Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал тухайн асуудлаар санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ хууль болон бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна. Ил санал хураалтыг гар өргөж эсхүл цахим тооцоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тооцоолуур ашиглан явуулна. Тухайн хуралдаанд оролцсон 5-аас доошгүй гишүүний шаардсанаар эсхүл хуралдаан даргалагчийн санаачилгаар ил санал хураалтыг нэрээр хурааж болно. Ийнхүү бичигдсэн эсхүл гар өргөсөн гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал болон санал хураалтын дүнг танилцуулна" гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчиж байна.
Учир нь цахим тооцоолуураар санал хураахыг ил санал хураалт ч мөн, нууц санал хураалт ч мөн гэж үзээд хурал даргалагчийн хувьд хэн яаж саналаа өгсөн нь мэдэгдэж байдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү нууц санал хураалтын утга учрыг алдагдуулсны шалтгаан нь ил саналыг нуун далдлах зорилго тавьсанд оршино. Энэ нь нэрээр санал хураах гэсэн ойлголт, түүнтэй холбогдсон заалтуудаар /Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 6 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ нотлогдож байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн "... хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал"-ыг хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ заавал тусгахаар заасан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь зөвхөн нэрээр санал хураасан тохиолдолд гишүүдийн санал өгсөн байдал гишүүн бүрээр гарч байхаар заасан, цаг хожихын тулд санал хураалт үндсэндээ компьютерээр явагддаг, компьютерээр явагдсан санал хураалтын дүнг хуралдааны явцын тэмдэглэлд тусгахгүй байгаа нь Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрт гишүүн хэрхэн санал өгч байгааг мөн чанартаа нууц болгож байна.
Ингэснээр тухайн гишүүн өргөсөн тангарагтаа хэр зэрэг үнэнч байгааг сонгогчдын зүгээс бодитой хянах хамгийн чухал хөшүүргийг ажиллахгүй болгожээ. Үүгээр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигджээ.
Улсын Их Хурлын гишүүний санал өгөлтийн талаар бодитой мэдээ цацагдахгүй байгаа нь нам болон гишүүний зүгээс сонгогчдыг элдвээр төөрөгдүүлэх өргөн бололцоо бий болгож улмаар засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт эцсийн дүнд хоосон уриа болоход хүрнэ. Мөн Улсын их Хурлын үйл ажиллагаа сонгогчдынхоо өмнө ил тод байх тухай ардчилсан ёсны хамгийн чухал зарчим алдагдаж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан иргэдийн төр, түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчиж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан "Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн уг ажлыг эрхлэх ажилтан, эсхүл архивчийн дэргэд үзэж сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах, хувилахыг хориглоно" гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахьт заалтыг тус тус зөрчиж байна.
Учир нь Улсын Их Хурал болон байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хориг саадгүй үзүүлдэг байлаа ч гэсэн уг тэмдэглэлийн талаар эргэлзээ гарч болно. Энэ тохиолдолд сонирхсон иргэн, зохих албан тушаалгүй л бол эргэлзээгээ тайлах бололцоо Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан ёсоор бүрэн хаагдсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт зөрчигдөж байна" гэжээ.
Иргэн Ц.Цэрэнжээ гомдолдоо: "Шинэ Үндсэн хуулиар төрийн дээд байгууллагуудын эрх, үүргийг зааглан өгч, гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байхаар тогтоосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг" гагцхүү Үндсэн хуулийн Цэц гаргах эрхтэй. Өөр ямар нэг байгууллага түүний дотор Улсын Их Хуралд энэ эрх хуулиар олгогдоогүй юм.
Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг энэ тогтоол зөрчлөө. Уг зүйлд: "Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэжээ. Улсын Их Хурал тогтоол гаргаж, Улсын прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагааг хамгаалснаараа Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө. Иймд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Чулуунбаатар, Г.Ганболд нараас: "Иргэн Д.Ламжав, Ц.Цэрэнжээ нарын Цэцэд хандаж гаргасан өргөдлийн дагуу болох Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын талаас биднийг оролцуулах болсонтой холбогдуулан бид мэргэжлийн хүмүүсийн хамт дээр нэр дурьдсан иргэдийн Цэцэд удаа дараалан ирүүлсэн өргөдөлд дурьдсан үндэслэлүүдийг судлан үзсэн ба одоо ч үзсээр байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг улам боловсронгуй болгох, Ерөнхийлөгчийн Засгийн газрын болон Шүүхийн тухай хуулиудтай уялдуулах, зарим зүйлийг тодруулах шаардлага байгаа бөгөөд энэ талаар Монгол Улсын Их Хурал тусгай ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Ийнхүү Улсын Их Хурлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явцад иргэн Ламжавын саналд ч Их Хурлын гишүүд анхааралтай хандана гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан атал "цалинтай" гэсэн тодотгол оруулсан зэрэг эргэж харах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нэн олон зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа дээрх иргэдийн саналтай санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ тухай үндэслэлээ бид Цэцийн хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах боломж олдоно гэдэгт итгэж байна" гэсэн тайлбар ирүүлжээ.
Иргэн Д.Ламжавын гомдлыг үндэслэн Цэцийн гишүүн Ч.Энхбаатар 1994 оны 12 дугаар сарын 15-нд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Мөн иргэн Ц.Цэрэнжээгийн гомдлыг нэгтгэн шалгав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол Монгол Улсын үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав тайлбарлахдаа:
Би Цэцэд гаргасан өргөдлийн шаардлагаа дэмжиж байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Улсын Их Хурлаар эцэслэн шийдвэрлүүлэхээр заасан маргаан нь зөвхөн ажил төрлийн бус хуулийн асуудлаар ч гарсан маргаан байж болно. Ийм маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэвэл шүүх засаглалд хохирол учирна.
Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд үнэхээр иргэнд Үндсэн хуулиар олгогдсон мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулж байна.
Улсын Их Хурлын чуулган, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, Байнгын хорооны хуралдааны явцын тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Тамгын газар эрхлэн гүйцэтгэх, тэдгээрийг зөвхөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр үзүүлж байхаар тогтоосон энэ асуудлыг нэг албан тушаалтны гарт оруулж иргэдээс төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг баталгаагүй болгосон гэж үзнэ.
Өөрийн гомдолд дурьдсан шаардлагуудтай холбогдуулан Улсын Их Хурлын ямар зүйлийн ямар заалт Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчиж байгаа, бүр цаашилбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын шууд холбогдох ямар заалтыг зөрчиж байгаа тухай дэлгэрэнгүй хүснэгт үйлдсэнийг танилцуулах нь зүйтэй" гэв.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболдоос: Гомдол гаргагч нарын гаргасан үндэслэлүүдтэй танилцлаа. Улсын Их Хурлын 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй. Энэ бол ажил төрлийн маргааны тухай асуудал бөгөөд Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т чухамдаа Засгийн газарт асуулт тавьж, өмнө тавьсан асуулгын хариуг сонсоно гэж маш тодорхой заасан.
Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийг бас зөрчөөгүй. Учир нь дээрх зүйлүүдэд дурьдагдсан асуудлыг шийдвэрлэхдээ Улсын Их Хурал Цэцдээ хүндэтгэл үзүүлж дүгнэлтийг нь сонссоны дараа л уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн утгатай юм. Түүнээс биш Цэцэд тулгасан зүйл бол байхгүй.
Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь боловсронгуй биш боловч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалт нь өөрөө хоёрдмол утгатай, дотоодын зөрчилтэйгөөс үүдэлтэй. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйл бол урьд өмнө огт зохицуулагдаагүй процессын ажиллагаа зохицуулах зорилгоор сүүлд нэмэлт өөрчлөлтөөр орсон зүйл. Үүнийг боловсруулж батлахдаа бид үнэхээр дутуу харжээ. Гэхдээ энэ бол хийдэл мөн бөгөөд энэ тохиолдолд хуулийг төсөөтэй хэрэглэж болно гэж үзэж байна. Бид энэ зүйлийг одоо Улсын Их Хуралд оруулах, уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боловсронгуй болгоно. Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт үнэхээр хуулийн хийдэл байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил биш.
Хуулийн хийдлийг арилгах олон зам бий. Тухайлбал тайлбар гаргах, заалтыг боловсронгуй болгох гэх мэт.
Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс зөрж байгаа. Гэхдээ амьдрал дээр хэцүү байдаг. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн яагаад цалингүйгээр, өөрийн чөлөө заваар өөр ямар нэг сонгуульт ч юмуу үүрэг хүлээж болдоггүй юм бэ? Бүрмөсөн хааж болохгүй гэж бодож байна.
Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаалт бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт иргэдийн зарим эрх чөлөөг боогдуулж байгаа тухай асуудлаар гарсан гомдол нь миний гарт хожуу ирсэн учраас би сайтар танилцаж амжаагүй. Манай удирдлагаас энэ асуудлаар төлөөлөл гүйцэтгэхийг албан ёсоор даалгаагүй тул миний бие энэ асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжгүй байна гэсэн тайлбар өгөв.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатараас: " Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох, зүйл заалтууд Үндсэн хуулийн зүйл, заалтыг зөрчөөгүй гэдэг дээр санал нэг байна. Тухайлбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бид их учиртай хандах ёстой. Улсын Бага Хурлаас энэ хуулийг батлах үед энэ талаар их яриа гарсан. Улсын Их Хурлын гишүүдэд, үүрэгт нь л хамаараагүй бол ямар ч ажил эрхлэхийг хориглох юм бол хүний эрх ч хөндөгдөж болзошгүй. Тухайлбал, яагаад Улсын Их Хурлын гишүүн багшилж болдоггүй юм бэ? Яагаад нэг сайн дурын байгууллагад сонирхлоороо нэгдэж, түүнд сонгуульт үүрэг хүлээж болдоггүй юм бэ?
Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт иргэдийн эрх, эрх чөлөөг боогдуулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ер нь төрийн аль ч байгууллагын үйл ажиллагаанд ил тод байх зарчмыг хангах нь зүйн асуудал. Гэхдээ байгууллага дотоод дэг журамтай байх ёстой. Тэгж байж л тухайн байгууллагын хэвийн ажиллагаа хангагдах учиртай.
Дотоод дэг журмын асуудал бол манайд Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагын асуудал. Ийм ч учраас тэмдэглэлийг хадгалах, ашиглах зэрэг зарим журмыг ерөнхий нарийн бичгийн дарга тогтоож байгаа нь буруу биш. Харин үйл ажиллагаандаа хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлсэн, материал үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол өөр хэрэг" гэсэн тайлбар өгөв.
ХЯНАВАЛ:
Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болохын хувьд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан Цэцийн дүгнэлт эцсийн байх бөгөөд түүнийг Улсын Их Хурал хэлэлцэх тухай Үндсэн хуульд ч Улсын Их Хурлын тухай хуульд ч заагаагүй байна.
Харин эдгээр албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно гэсэн агуулга эдгээр хуулийн зохих заалтуудаар нотлогдож байна. Тухайлбал Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд, зөвхөн энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэх тухай заасан нь агуулгаараа Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасны дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэсэн санааг илэрхийлсэн байгаа юм.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэжээ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг заавал сонсоно..." гэж заасан байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцэх журмыг зохицуулсан Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд энэ тухай заалт байхгүй байна. Тодорхой албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байхад Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийг төсөөтэйгөөр хэрэглэн Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр нарын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж санал хураах замаар шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Улсын Их Хурлын хуулиар олгоогүй эрх хэмжээг Улсын Их Хурал хэрэгжүүлэхэд хүргэж байна. Иймд зохицуулсан Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцэх тухай Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйл нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан, Улсын Их Хурлаас хэлэлцэх Цэцийн дүгнэлтээс зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр сугалан авч, зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Цэцээс гаргах дүгнэлтийг хэлэлцэхийг орхигдуулан Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн, Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэх тухай заалт нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд асуулт, асуулгын талаар гарч болох аливаа маргаан нь эрх зүйн шинжтэй болсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүн, маргагч тал аль аль нь шүүх, Үндсэн хуулийн Цэцэд хандаж хөндөгдсөн эрхээ хамгаалуулах боломжоо алдахад хүргэж болох учир дээрх заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухай иргэн Д.Ламжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн хуулиар тогтооосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаалыг цалингүйгээр эрхлэх боломж нээгдэж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хөтлөх, ашиглах, хадгалах журмыг Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар батлагдсан заавраар зохицуулж байгаа нь аль ч байгууллагын дотоод үйл ажиллагааны нийтлэг журам юм.
Улсын Их Хурлын хуралдааны явцын тэмдэглэлтэй иргэд, албан тушаалтнаас танилцахад зарим саад бэрхшээл учирч байгаа бодит байдал нь энэ үйл ажиллагааны зохион байгуулалт, зарим ажилтны үйл ажиллагаатай холбоотой байгаа учир улсын нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх зөрчигдсөн гэх, түүнчлэн мөн санал хураалтын журам ч Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Улсын Их Хурлын хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг сонсох нь танин мэдэх агуулгатай зүй ёсны асуудал болохын сацуу Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нөхцөлд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд заасан байх тул иргэн Д.Ламжавын өргөдөлд буй "Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна" гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 19 дүгээр зүйлийг баримтлан дор дурьдсан ДҮГНЭЛТ ГАРГАВ. Үүнд:
Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг;
Хоёр. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах, бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг;
Гурав. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;
Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;
"Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтыг;
Дөрөв. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр Үндсэн хуулийн Цэц аль нэг гишүүн Улсын Их хуралд танилцуулна".
2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг танилцуулсаны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргана. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч, санал дүгнэлт гаргаж болно."
3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана."
4 дэх хэсгийн "Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна"
Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүнийг ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэсэн заалтыг;
Тав. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын "Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн", мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Зургаа. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 55 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн иргэн Д.Ламжавын өргөдөлд дурьдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГА Г.НЯМДОО
ГИШҮҮД Л.БААСАН
Ц.ЦОЛМОН
С.ЖАНЦАН
Ч.ЭНХБААТАР