A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэрийг хамруулан хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тогтоож, тус аймгуудын төрийн захиргааны бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

2. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон Сүхбаатар, Хэнтий, Дорноговь болон Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотын дараах газруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг холбогдох журмын дагуу байгуулж ажиллуулсугай:

2.1. Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум;

2.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум;

2.3. Нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Баянзүрхийн товчоо болон Яармагийн товчоо орчим.

3. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

3.1. хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт зорчигч тээврийн болон малын шилжилт хөдөлгөөн хийх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал, цуглаан зохион байгуулахыг хориглох;

3.2. хорио цээр тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уг өвчнөөр өвчилсөн малыг үзлэгт хамруулж тандалт судалгаа хийх, шаардагдах ариутгалын бодис, техник, тоног төхөөрөмж, хүн хүч, тээврийн хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;

3.3. нэмэлт санхүүжилт авах хүсэлт ирүүлэхдээ орон нутгийн гамшгаас хамгаалах нөөц хөрөнгө бүрэн дууссан тухай тайлангийн хамт Улсын онцгой комисст ирүүлж байх.

4. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгах нь:

4.1. гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, сумдын салаа туурайтай бүх малд мал эмнэлгийн үзлэг хийх;

4.2. өвчний шинж тэмдэг илэрсэн малыг нэн даруй ялган тусгаарлах;

4.3. халдварын голомтод байгаа малын хашаа, байр, тоног хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх.

/ЗГ-ын 2014-4-4-ний 110-р тогтоолоор 1, 2, 3, 4-р зүйлийг хүчингүй болсонд тооцсон/

5. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан "Хурдан морины бүсийн уралдааны 2014 оны хуваарийг тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын "Дүнжингарав-2014 төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, хурдан морины бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 2-ны өдөр Хангайн бүсийг Өвөрхангай аймагт, Говийн бүсийг Өмнөговь аймагт" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах 4.832.000.000 (дөрвөн тэрбум найман зуун гучин хоёр сая) төгрөгийг төсвийн багцаасаа гаргаж, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5. дахь заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулах аргаар шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.

7. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагвад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА