A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир нар оролцов.
Хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, 36 дугаар зүйлийн 36.4, 36.11, 36.12 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:
“...Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “холбогдох этгээд” гэх хуулийн нэр томьёог а, б, в, г, д, е, ё, ж гэсэн найман дэд заалтаар тодорхойлжээ. Энэ нэр томьёо маш өргөн хүрээг хамаарснаас гадна, заримдаа таамаглан тогтоох, бүр сүүлдээ Монголбанкны үзэж байгаагаар энэ нэр томьёог хэрэглэхээр тодорхойлсон байна...
Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “холбогдох этгээд гэж дор дурдсан иргэн, хуулийн этгээдийг;” 3.1.2.а - 3.1.2.ж хүртэлх хэсэгт аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хамаарах үнэт цаасыг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшиж байгаа
болон уг хувьцааг гаргагч, ирээдүйд эзэмших, гаргах этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, аливаа хуулийн этгээдийн бодлого, үйл ажиллагаанд хэлцлийн үндсэн дээр шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг, хяналт тавьдаг, түүнийг хүлээн зөвшөөрсөн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, тэдгээр нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд болон эцэст нь Монгол банк холбогдох этгээд гэж үзсэн этгээдийг холбогдох этгээд байхаар маш өргөн хүрээнд хуульчилсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна.
Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” хэмээн зохицуулсан боловч Монголбанк холбогдох этгээдийг дур мэдэн тодорхойлохоор заасан нь угтаа банкны зээлийн үйл ажиллагаа, шийдвэрт Монголбанк оролцох бололцоог нээж, хуулийн заалтууд агуулгын хувьд зөрчилдөж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчим алдагдаж байна.
Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй”, мөн зүйлийн 17.3 дахь хэсэгт “Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй...” хэмээн заасан байна. Холбогдох этгээд гэсэн нэр томьёог хуульд хэтэрхий өргөн агуулгаар томьёолж, үүний дээр Монголбанк хүртэл өөрийн үзэмжээр тодорхойлох эрхийг олгосны сацуу тэдгээрт банкнаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээнд хэтэрхий өргөн хүрээтэй хязгаарлалт тавьсан нь банкны бизнесийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлан хөрөнгийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж байна.
Монгол улсад банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 14 банк байдаг бөгөөд эдгээрээс зээл олгох хөрөнгө, чадвартай, дээр нь орон нутагт өөрийн салбартай банк цөөхөн байна. Иймд дээрх зохицуулалт нь бодит байдалд төдийлэн нийцэхгүйн дээр зарим иргэдийн банкны үйлчилгээ авах эрх хумигдаж, улмаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах...” эрх үндэслэлгүйгээр хязгаарлагдаж байна.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно”, 36.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно”, 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэснийг зөрчиж байна.
Өмчлөх эрх нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах” боловч уг хязгаарлалтын үндэс нь мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалт хэмээн үзэж байна. Тодруулбал, хүний өмчлөх эрхийн хязгаарлалт нь бусдын эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн зайлшгүй шаардлага байх бөгөөд ийм шаардлагад тулгуурлаагүй хязгаарлалт бүхий хууль нь өөрөө өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн дээрх хэсэгт заасан банкны хувьцааг захиран зарцуулах, эзэмших эрхийг хязгаарласан, хориглосон заалтууд нь хүний өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болж чадахгүй байна.
Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Банк нь ... үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат ... байж болно” хэмээн заасан бөгөөд Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нээлттэй буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ” хэмээн заасан байна. Тодруулбал, нээлттэй компанийн хувьцаа нь хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагдах боломжтой бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа хараат бусаар чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээд түүнийг эзэмших эрхтэй байхыг нээлттэй компани гэж үздэг. Тиймээс 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтын үндэс болсон хувьцаа эзэмшигчийн чөлөөтэй захиран зарцуулах эрх болон бусад этгээдийн өмчлөх эрхийг ноцтой хязгаарлаж, тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулах, улмаар тэгш эрхийн зарчмыг зөрчихөөр байгаа нь мөн Компанийн тухай хуулийн зүйлтэй зөрчилдөж, хууль дээдлэх зарчим алдагдаж байна.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт нөлөө бүхий саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн холбогдох этгээд бусад банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “холбогдох этгээд”-ийн агуулгад хууль тогтоогч хэтэрхий өргөн хүрээтэй тайлбар өгсөн нь үнэн чанартаа огт холбоогүй этгээдийн өмчлөх эрхэд хүртэл хавтгайруулан халдах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна.
Аливаа этгээд, ялангуяа нээлттэй компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй захиран зарцуулах, түүнийг эзэмших (36.3, 36.4, 36.7, 36.11), мөн зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан банкны хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээдийн өөр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмших зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн явдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ” гээд 57.1.2 дахь хэсэгт “банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах.”, мөн зүйлийн 57.3 дахь хэсэгт “Банканд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-т заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” хэмээн заасан нь Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт “Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.” гэсэнтэй зөрчилдөж байна. Тодруулбал, компанийг татан буулгах субъект нь хуульд зааснаар хувь нийлүүлэгчдийн хурал, шүүх гэж заасан байхад Банкны тухай хуулийн дээрх заалт, хэсэгт “...Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” хэмээн заажээ. Энэ нь улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчжээ” гэжээ.
Хоёр. Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир 2010 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“Нэг. Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчин холбогдох этгээд гэсэн нэр томьёог хуульд хэт өргөн агуулгаар томьёолж, үүний дотор Монголбанк хүртэл өөрийн үзэмжээр тодорхойлох эрхийг олгосны сацуу тэдгээрт банкнаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээнд хэтэрхий өргөн хүрээтэй хязгаарлалт тавьсан нь банкны хэвийн үйл ажиллагааг хязгаарлан хөрөнгийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.
2010 оны 1 дүгээр сард баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 1974 онд Бельги, Канад, Герман, Итали, Япон, Голланд, Швед, Швеицар, Их Британи, Америк зэрэг 10 орнууд хамтран байгуулсан эдүгээ нийт 27 орны гишүүнчлэлтэй боловч тогтоосон зарчим, бусад стандартыг нь дэлхийн 100-аад орон сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа олон улсын байгууллага болох Базелийн хорооноос 1997 оны 9 дүгээр сард баталж 1999, 2006, 2007 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д тулгуурлан боловсруулагдсан билээ.
Эдгээр Үндсэн зарчмууд нь банкны хяналт шалгалтыг зохистой хэрэгжүүлэхэд шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх суурь хэм хэмжээнээс бүрддэг. Үндсэн зарчмуудыг дээр дурдсанчлан дэлхийн ихэнх орнууд хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд дотоодын болон олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулахаас гадна хяналт шалгалтын үр дүнг сайжруулах үндэслэл болно.
Тус зарчмын 11-д “Холбогдох этгээдийн эрсдэл: Холбогдох этгээдтэй холбоотой санхүүгийн үүргээс (тэнцэл дээр болон тэнцлийн гадуурхи) учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор хянан шалгагч нар банкнаас холбогдох этгээдэд зээл олгоход учирч болзошгүй эрсдлийг тогтоох, түүнээс сэргийлэх, учирсан алдагдлыг холбогдох хэм хэмжээний дагуу тэнцлээс хасах талаар тавигдах шаардлагуудыг тогтоох нь зүйтэй.” гэж заасан байдаг.
Олон улсын туршлагаас харахад ихэнх улс орнууд холбогдох этгээдийн хүрээг Холдингийн тухай хууль зэрэг төрөлжсөн хуульдаа нарийвчлан тогтоосон байдаг бөгөөд ингэхдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартад заасан тодорхойлолтыг ашиглаж байна.
Монгол Улс нь Олон улсын аудитын болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг албан ёсоор мөрдөж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага тавьдаг бол Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө” гэж заасан байдаг.
Эдгээр стандарт тус бүрт “холбогдох этгээд” гэсэн ойлголтод тодорхойлолт өгсөн бөгөөд түүнд нийцүүлэн Банкны тухай хуульд “холбогдох этгээд”-ийн хүрээг тогтоосон билээ. Уг ойлголтыг байж болох бүхий л хүрээг хамарч тодорхойлох нь эдийн засгийн хувьд хянан шалгагч, аудиторуудад системийн эрсдэл, холбогдох этгээдийн гинжин холбоо, түүнээс үүдэн гарч болзошгүй эрсдлийг тогтоон илрүүлэх, түүнийг ойлгох нөхцлийг бүрдүүлдэг бол хууль зүйн үүднээс эрх зүйн зохицуулалтын аливаа хийдэл гаргахгүй байх боломж олгох юм.
Банкны тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл “холбогдох этгээд”-тэй холбоотой зохицуулалт үндсэн 2 бүлэг асуудлыг хамарч байгаа. Үүнд:
1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл буюу Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалттай холбоотой бүлэг харилцаа - уг зохицуулалтын хүрээнд нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнд хязгаарлалт тог тооно.
2. Тус хуулийн 36 дугаар зүйл буюу банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа.
Эдгээр бүлэг зохицуулалт нь Монголбанкны нэгдсэн хяналт шалгалтын талаар тус хуульд орсон хэм хэмжээг хэрэглэх болон банкны өмчлөл хэт монополь байдалтай болж банкны салбарын өрсөлдөөнийг хязгаарлах, ингэснээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх суурь үндэслэл болох бөгөөд хүчингүй болсон Банкны тухай хуульд холбогдох этгээдийн хүрээг хэт явцуу тодорхойлж, тэдгээрийг бүхэлд нь хамарсан нэгдсэн хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг бүрэн зохицуулаагүйгээс үүдэлтэй практик үр дагаврыг дурдах шаардлагагүй бизээ...
Хоёр. Иргэн Д.Ламжав мэдээлэлдээ Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11, 36.12 дахь хэсгүүд нь банкны хувьцаа эзэмшигчийн болон бусад этгээдийн өмчлөх эрхийг ноцтой хязгаарлаж, тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулан, улмаар тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, ...Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалттай нийцэхгүй байна гэж үзжээ.
1. Үндсэн зарчмын 4-т “Нөлөө бүхий хувь нийлүүлэгчдийн бүтцийн өөрчлөлт -Банкны нөлөө бүхий хувьцаа буюу хяналтын эрхийг шууд болон шууд бусаар эзэмшиж буй этгээд уг эрхийг бусдад шилжүүлэхэд хянан шалгагч байгууллага нь хяналт тавих, шилжүүлэхээс татгалзах эрхтэй байх нь зүйтэй.” гэж заасан байдаг.
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол банк энэ талаар тухай бүр нь Монголбанкинд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан бол 36.2, 36.3, 36.4 дахь хэсгүүдэд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн хувьд түүнээс харьцангуй хатуу журам үйлчлэхээр буюу Төв банкнаас урьдчилан зөвшөөрөл авахаар заасан нь үндэсний аюулгүй байдал, улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэгтэй уялдсан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид төдийгүй дотоодын ба олон улсын санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдлаас хамааран дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж буй Базелийн хорооноос баталсан дээрх зарчимд нийцсэн зохицуулалт болсон юм.
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд онцлог журам үйлчлэхээр Банкны тухай хуульд заасан явдал нь тэдгээрийг бусад хувьцаа эзэмшигчдээс ялгаварлан гадуурхсан хэрэг бус бөгөөд харин Монголбанк банкны системийг хянан зохицуулагчийн хувьд зөвхөн хувь нийлүүлсэн хөрөнгийн хүрээнээс хальж бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж, хуримтлалын олон зуун тэрбумын хөрөнгөөр бизнесийн харилцаанд оролцдог хуулийн этгээдийн нөлөө бүхий томоохон эздийг хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийн үүднээс ил тод байлгах, тэдгээрийн хөдөлгөөнд хяналт тавих үндсэн зорилго бүхий зохицуулалт юм.
2. Иргэн Д.Ламжав мэдээлэлдээ Банкны тухай хуулийн дээрх зүйл, заалтууд нь Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд ингэснээрээ Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөнө гэж үзжээ. Гэвч Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.” гэж заасан байдаг.
Банкны зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, түүнд тавигдах тусгай шаардлага нь арилжааны банкны эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамааран нарийвчилсан хуулиар зохицуулагдана. Банк үнэт цаас гаргах түүнийг бусдад эзэмшүүлэх, тухайн үнэт цаасны өмчлөгч өөрчлөхтэй холбоотой харилцаа нь Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан нийтлэг асуудал гэхээс илүүтэй арилжааны банкууд санхүүгийн зах зээлд хөрөнгө татах банкны эрхлэх үйл ажиллагааны нэгэн хэлбэр болсон мэргэшлийн шинжтэй харилцаа юм.
3. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэг нь тус хуулийн 22 дугаар зүйлд заасан гадаадын хөрөнгө оруулалттай банкинд үйлчилнэ. Тус заалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг банкны салбарт шууд хязгаарлаагүй бөгөөд гагцхүү гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьцааг эзэмших этгээдийн талаар холбогдох мэдээллийг шаардан гаргуулах, хянан үзэх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь дээр дурдсан Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын Үндсэн зарчим”-ын 1-т заасантай нийцэж байгаа юм.
Тус зарчмын 1-т заасны дагуу банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг байнга хянан шалгах эрхийг хянан шалгах эрх бүхий байгууллагад олгосон банкны хяналт шалгалтын зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байхыг шаарддаг.
Аливаа улс оронд бодлогын шинжтэйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг зарим салбаруудад шууд хязгаарладаг /гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмших дээд хязгаарыг тогтоох гэх мэт/ бөгөөд энэ тухай холбогдох хууль тогтоомжууддаа тусгасан байдаг...
...Манай улсын хувьд Банкны тухай хуульд шууд хязгаарлалтын аргыг хэрэглээгүй бөгөөд гагцхүү хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохиолдолд энэ нь нэг талаас үндэсний эрх ашгийг хөндөхүйц байдалд хүргэх үр дагавартай учир уг асуудлыг Төв банк хяналтдаа байлгаж, зөвшөөрөл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
4. Дэлхийн хэмжээнд банкны салбарын өрсөлдөөнийг дэмжих, зохистой засаглалыг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх, санхүүгийн зуучлал, зээл олголтыг зохистой хэмжээнд байлгах, түүнчлэн, банкны ашигт ажиллагаа, удирдлагын чанарыг муутгаж байдаг ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах үүднээс санхүүгийн системийн хамгийн гол салбар болох банкны системийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд нилээд нухацтай хандаж, тодорхой хязгаалалтуудыг хэрэглэдэг байна. Энэ үүднээс Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэсэн заалт оруулсан билээ.
Ихэнх улс орнуудад банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн нэг этгээд болон түүний холбогдох этгээдийн хамтран эзэмшиж байгаа хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоож өгдөг. Тухайлбал, Тайландад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 5-аас дээшгүй хувийг хувийн салбарын нэгж хөрөнгө оруулагч эзэмшихийг зөвшөөрдөг бол Чехэд үүнийг 20-иор хязгаарладаг байна. Харин Япон, Солонгос зэрэг орнуудад давхар эзэмшлийг хориглодог байна...
...Бусад орнуудтай харьцуулахад хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч нарт илүү уян хатан хандаж, нэг банкны томоохон хувь нийлүүлэгч байхад ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд харин өөр нэгэн банкны давхар эзэмшлийг хязгаарлаж байгаа билээ.
Хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг нэг банкинд төвлөрүүлснээр хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойн зэрэгцээ том банкнаас нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Иймд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11, 36.12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, харин ч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасантай бүрэн нийцсэн зохицуулалт болсон юм.
Гурав. Иргэн Д.Ламжав Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалт, 57.3 дахь хэсэг Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.” гэсэнтэй нийцэхгүй байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна гэжээ.
Банкны тухай хуулийн дээрх заалтууд нь өмнө дурдсанчлан Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн дагуу өөрөөр зохицуулагдсан хэлбэр бөгөөд энд санхүүгийн хэвийн байдалтай үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг татан буулгах тухай бус, харин банкинд тавигдах өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлтийг 80-аас дээш хувиар хангаж чадахгүй болсон арилжааны банкинд авах онцлог төрлийн албадлагын арга хэмжээний талаар зохицуулсан байна.
Арилжааны банкаас бусад бүх төрлийн ашгийн төлөө болон ашгийн бус хуулийн этгээдэд дампуурлын нэг хууль үйлчилдэг бөгөөд арилжааны банк төлбөрийн чадваргүй болох асуудал нь уг хуулийн үйлчлэлийн хүрээнд багтдаггүй. Иймд уг харилцааг нийтлэг зохицуулалтад хамаарах ерөнхий ойлголт гэж үзэх нь буруу бөгөөд Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд нийцэж байна.” гэжээ.
Гурав. Мэдээлэл гаргагч Д.Ламжав 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарт хариу тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд:
“...Нэг. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа хяналт шалгалтын хувьд Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” хэмээх зөвлөмжийг удирдлага болгосон гэх тайлбарыг өгсөн байна.
Гэтэл Монгол Улс нь Базелийн хороонд албан ёсоор гишүүнээр элсээгүй тул уг хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх үүрэг хүлээгээгүйн дээр түүнийг биелүүлээгүй гээд хууль зүйн үр дагавар бүхий аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг. Базелийн хорооны зөвлөмж нь Монгол Улсын олон улсын гэрээ биш юм.
Иймд Банкны тухай хуульд тусгагдсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтыг зөрчсөн банкны хяналт шалгалтын тогтолцоог уг зөвлөмжийн шинжтэй зарчмуудаар зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хувьд уг гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх нь зүйн хэрэг. Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндэсний онцлог, эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр Монгол Улс гишүүнээр нэгдэн ороогүй олон улсын байгууллагаас баталсан зөвлөмжийн шинжтэй (зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй биш) баримт бичигт нийцүүлэн дотоодын хууль тогтоомжийг өөрчилснөөр нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдал үүсгэхээр байна.
Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” хэмээх зөвлөмжийг хэрэгжүүлэх, баримтлах нэрийдлээр арилжааны банкны салбарт төрийн оролцоог хэт ихэсгэж, ингэснээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах”, мөн зүйлийн 4-т заасан “...хувийн аж ахуй эрхлэх” иргэний үндсэн эрхийг хязгаарласан байна.
Хоёр. Банкны тухай хууль нь иргэний эдийн засгийн үндсэн эрх болох өмчлөх эрхийг хязгаарласан талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар хүргүүлсэн. Үүнийг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарт үгүйсгээгүй байх бөгөөд түүний тайлбарт “...банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулахыг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа” хуульд бий гэснээр тодорхой илэрсэн байна. Компанийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох” талаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмших нь өмчлөх эрх (хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх)-ээ хэрэгжүүлэх нэг хэлбэр болдог. Гэтэл иргэний энэхүү үндсэн эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан шууд хязгаарлах боломжийг Банкны тухай хуулиар олгосон байна.
Тухайлбал, Банкны тухай хуулийн Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох гэсэн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж зааснаар иргэний эд хөрөнгө өмчлөх, аж ахуй эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Энэ нь энгийн үгээр “нэг хүн 2 дэлгүүр ажиллуулж болохгүй” гэсэнтэй утга агуулга, мөн чанарын хувьд ижил байгаа юм. Түүгээр ч зогсохгүй цаашид “салбарын онцлог” гэх халхавчийн доор иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарладаг буруу жишиг тогтоох, ийм хуулийн орчин бүрдүүлэх эх үндсийг тавьж байгааг ч мөн анхааран үзэх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр банкинд эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээнээс шалтгаалан нөлөө бүхий болон бусад гэсэн ангилал үүсгэн ялгаварлаж, тэгш байдлыг алдагдуулсан, улмаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл олгодог төдийгүй өөр бусад банкинд хувьцаа эзэмших эрхийг шууд хязгаарласнаар алагчлан хандаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “тэгш байдал... хангах... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг алдагдуулсан байна.
Аливаа иргэн аж ахуй эрхлэх замаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах үндсэн хэлбэр нь ашгийн төлөө хуулийн этгээд байгуулж түүнийхээ хувьцааг эзэмших явдал юм. Гэтэл эд хөрөнгө өмчлөх, хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарласнаар арилжааны банк нь бие даасан байдлаа хэт алдаж, Монголбанк нь арилжааны банкийг хянах биш өөрийн харьяа байгууллага шиг ажиллуулах хуулийн боломж бүрдсэн байна.
Гурав. Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбар өгсөн байна.
Эдийн засгийг зохицуулна гэдэг нь иргэний өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлана гэсэн үг биш, тэр дундаа хувийн хэвшлийн аж ахуй эрхлэх эрхийг хааж боогдуулах, түүнийг шалтгаангүй “зөвшөөрөлжүүлэх”, хязгаарлах тухай асуудал биш юм...” гэжээ.
Дөрөв. Мэдээлэл гаргагч Д.Ламжав 2010 оны 6 дугаар сарын 29-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч оролцуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан бөгөөд үүндээ:
“Банкны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Ц.Батсүхийг шинжээчээр оролцуулж өгөхийг хүсье.” гээд нэр бүхий иргэний эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлын талаар дурдсан бөгөөд энэхүү хүсэлтийг судлан үзээд шинжээч томилох боломжгүй талаар мэдэгдсэн болно.
Тав. Мэдээлэл гаргагч иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн шаардлагаасаа, мөн Банкны тухай хуулийн мэдээлэлд дурдсан заалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3/ дахь хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагаасаа тус тус татгалзсан ба харин Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагыг нэмж гаргасан болно.
ҮНДЭСЛЭЛ:
Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсад банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль гэж үзэх үндэслэлтэй байна. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэг, олон улсын банк, санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн Монголбанкинд зөвшөөрөл олгох, хяналт тавих, албадлагын арга хэмжээ авах, эрсдлээс сэргийлэхтэй холбоотой зарим хязгаарлалт тогтоох эрх олгож хуульчилснаараа Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.12 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, мөн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Банкны тухай хуулийн холбогдох этгээд гэсэн ойлголтыг тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3/-ын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэснийг, 57 дугаар зүйлийн 57.1.2-т “банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах”, 57.3 дахь хэсэгт “Банканд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-т заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэснийг болон Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн дээр дурдсан холбогдох заалтыг, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно.” гэсэн заалт, 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА