Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 3, 14; 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГАА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 3, 14; 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 01

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Бямбажав, Ж.Бямбаа /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв.
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав.Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр нар оролцов.
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар "Банкны тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 1-ийн 4 дүгээр заалт, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 болон 2, 3 дугаар хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-ын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэснийг болон Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалт бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ын "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Хүн бүр хууль зүйн этгээд байна", 16 дугаар зүйлийн 14-т байгаа "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хянан үзэж, хэлэлцэж өгнө үү" гэж гомдол гаргасны дагуу Цэцийн гишүүн Ж.Бямбаа 1997 оны 11 дүгээр сарын 27-нд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.
Энэхүү хуралдаанд бэлтгэж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан тэдний тайлбарыг сонсох, иргэн Ц.Цэрэнжээ, Г.Даш-Өлзий нараас нэмэлт тодорхойлолт авах, Банкны /тухай/ болон Төв банкны тухай хуулийг хэлэлцэн өөрчлөлт оруулж баталсан УИХ-ын П дахь удаагийн сонгуулийн ээлжит бус чуулганы хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, хууль санаачлагчийн болон холбогдох хавсралт илтгэл дүгнэлт, УИХ-ын гишүүдийн санал шүүмжлэлийг судлах, түүнчлэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд Монгол банкнаас гарган өгсөн Ардын банкийг татан буулгасан тухай хавтаст материалыг харьцуулан үзэв.
Иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Үндсэн хуулийн Цэцэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь хүний өмчлөх эрхийг дээд түвшинд баталгаажуулж өгсөн заалт. Гэтэл Банкны тухай хуулийн 37-41 дүгээр зүйл нь бүхэлдээ Монгол банкинд хүний энэхүү эрхэнд өөрийн үзэмжээр халдах боломжийг олгож байна.Монгол банкны үйл ажиллагаа хуулинд нийцэж байгаа эсэхэд тавих хяналтыг үндсэнд нь үгүй болгож, банкны хувь нийлүүлэгч болох гишүүдийн өмчийг шууд хураан авахаар заасан байна.Өөрөөр хэлбэл банк татан буугдсан тохиолдолд түүний үлдэх эд хөрөнгө бусад зүйлсийг өмчлөгч нь Монгол банк болж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалттай харшилж байна.
Банкны тухай хуулиар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхийг зөвхөн тодорхой хувь эзэмшигчдэд олгосон нь бусад хувь нийлүүлэгч гишүүдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хохироход хүргэж байна.Ингэснээрээ хүнийг хөрөнгө чинээний байдлаар ялгаварлан гадуурхаж үл болох тухай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг давхар зөрчлөө.
Ер нь Ардын банкийг татан буулгах үндэслэл байхгүй.Тийм учраас Монгол банкны Ерөнхийлөгчийн 1996 оны 359, 362 дугаар тушаалуудыг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийг үндэслэн бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон" гэв.
Энэхүү тайлбартай уялдуулан Чингэлтэй дүүргийн 1997 оны 1137 дугаар бүхий шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 1997 оны 1128 тоот магадлалын үндэслэлийг судалж үзэхэд "Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн" гэдгийг ... тэдгээрийг эзэмшигч нэг субьектэд хамруулан ойлгоно" гэсэн Улсын дээд шүүхийн 1997 оны 379 дүгээр тогтоолоор өгсөн албан ёсны тайлбарыг үндэслэн Н.Даш-Өлзий нарын нэхэмжлэлийг банкны дүрмийн сангийн 25 хувийг дангаараа эзэмшигч нэхэмжлэл гаргаагүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр
Үндсэн хуулийн Цэцэд 1998 оны 1 дүгээр сарын 27-нд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд "өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд "... эрх зүйн зөрчил гаргасан этгээдийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хурааж болно", Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 3, 4, 6 дахь заалтад "хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах", "өмчлөгч болох хуулийн этгээд татан буугдсан" бол өмчлөх эрх нь дуусгавар болно гэсэн заалтуудтай Банкны тухай хуулийн 37-40 дүгээр зүйлүүд Үндсэн хуулийн зөрчилтэй гэж гомдол гаргагчид үзсэн хэсгүүд нийцэж байна.
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", Иргэний хуулийн 22 дугаар зүйлд "хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж болно" гэсэн заалтуудтай Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтууд мөн нийцэж байгаа тул хуулийн зөрчил байхгүй. Ер нь Монгол банк маань УИХ-аас баталсан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангахын тулд тэдний үйл ажиллагаанд хяналт тавьдаг.Тийм ч учраас төв банкны хуулийн дагуу "банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банкинд онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн авах эрхтэй бөгөөд өмчлөгчдийн хувьд банкны гишүүд банкны үйл ажиллагаанд өөрсдийн хяналтыг тавих ётой юм" гэв.
Цэцийн хуралдаан дээр нэхэмжлэгч Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Банкны хуулийн 7 бүлэг бүхэлдээ Үндсэн хуулийн зөрчилтэй. Учир нь банкны эрх хүлээн авна гэдэг нь хэрэг дээрээ Монгол банкны эрх хэмжээг Үндсэн хуулийн дээр гаргаж тавьсан.Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй бүлэг болжээ. Банкийг татан буулгаж, өмчийг нь эрх хүлээн авагчид /өмчлөх эрхтэйгээр/ шилжүүлж буй ажиллагаа нь наанадаж нэг эрх мэдэлтэй, цаана нь монгол банк өмчлөгчийн эрхийг өөрийн дураар эдлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү хууль бус ажиллагааг Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар өмгөөлөн хааж зөрчигдсөн эрхээ хамгаалан сэргээх хууль эрхийн үндэслэлгүй болгожээ. 7 дугаар бүлгийн бусад заалтуудыг Монгол банкны дураар аашлах боломжийг бүрдүүлсэн дээрх заалтуудаас салгаж үзэх боломжгүй юм. Иймд Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тэр бүлгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагатай. Энэ байдлыг Цэц анхааран үзэж дүгнэлтээ гаргана гэж найдаж байна" гэв.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр Монгол банк Банкны тухай хуулиар улсын санхүүгийн болон мөнгөний тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн амьдралыг найдвартай болгох онцгой үүрэг хүлээсэн байгууллага.Тэгээд ч хоёр шатлалтай банкны тогтолцооны үед Төв банкны хариуцлага өндөр байх ёстой юм.Тийм ч учраас төв банкинд хуулиар хүлээх хариуцлагатай нь дүйцэх эрх олгохоос өөр аргагүй.Төв банк өөрөө Монгол Улсын Их Хурлын хяналтанд байдаг учраас Үндсэн хуулиас давсан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй байна" гэв.
ХЯНАВАЛ:
Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан хадгаламж эзэмшигчид, харилцагчдын шүүхэд гомдол гаргах эрхийг хөрөнгө чинээний байдлыг харгалзан хувь тогтоох замаар хязгаарласан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэжээ.
Банкны тухай хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй.
1/. Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн;
2/. Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч;
3/. Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч"; гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна.
2.Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурьдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна.
3.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу УИХ-ын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.БЯМБА
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ