A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1 ДЭХ ХЭСЭГ БОЛОН 40.1.1, 40.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГАА
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1 ДЭХ ХЭСЭГ БОЛОН 40.1.1, 40.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 06

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12 45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Бэхбат болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол оролцов.
Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” гээд 40.1.1 дэх заалтад “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь заалтад “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж заасан байна.
Засгийн газраас тогтоосон амьжиргааны доод түвшин нь Монгол Улсын иргэний хэвийн амьжиргааг тодорхойлсон үзүүлэлт биш. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 11 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө” гэсэн байна.
Хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жишиг болгон тогтоосон болон гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн олгох хүсэлтийг шийдвэрлэсэн заалт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд байхгүй байгаа нь Үндсэн хуулийн зарим заалт болон Монгол Улсын олон улсын зарим гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
1. Тухайн хүүхэд амьдралын чанарын ямар түвшинд амьдарч байсныг үл харгалзан хүүхдийн тэтгэлгийг түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жишиг болгон тогтоосон нь хүүхдийн амьдралын чанарын түвшинг дордуулах нөхцлийг хуульчлан баталгаажуулсан байна. Зүй нь хүүхдийн амьдралын чанар өмнөхөөсөө дордох биш харин наанадаж өмнөхөөсөө дордохгүй байх нөхцлийг хуульчлан баталгаажуулж өгвөл шударга ёсонд нийцнэ.
2. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх заалт Гэр бүлийн тухай хуулийн дээрх зүйлд байхгүй байгаа нь хүүхдийн амьдралын чанарыг дордуулж, эрхийг нь зөрчих нэг нөхцөл болсон байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дах заалтууд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Үүний зэрэгцээ хуулийн заалт нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “...хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 6-р зүйлийн 2-т “...Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасныг зөрчиж байна.
3. Хуулийн заалтад хүүхдэд олгох тэтгэлэгийг тогтоохдоо нас харгалзсан нь үндэслэл муутайн дээр уг заалт нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хууль зүйн орчин болж чадсангүй. Хүүхдийн амьжиргааны зардлыг насаар нь ялгавартай тогтоосон нь бодит байдалд нийцэхгүйн зэрэгцээ насаар нь алагчилсан хууль зүйн орчныг бий болгосон байна. Үүнээс үзвэл хуулийн энэ заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “ Хүнийг ...нас...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасныг зөрчиж байна.
4. Хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон хуульчилсан нь эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэхэд санхүүгийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх нөхцлийг хаасан, тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс зайлсхийхэд ашигтай байдал бий болгосон эрх зүйн орчин болж хувирсан байна. Үүнээс үзвэл хуулийн заалт нь Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-д “..., үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн заалт зөрчигдөж байна.
Үүний зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-д “Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ”, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 16 дугаар зүйлийн d-д “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина” гэснийг зөрчиж байна.
Эндээс үзвэл хуулийн заалт нь дээр дурьдсан Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг мөн зөрчиж байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.1, 40.1.2 дахь заалт болон уг зүйлд гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа зэрэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж маргаан үүсгүүлэхээр ийнхүү мэдээлэв.” гэжээ.
Хоёр. Иргэн Б.Бэхбатын мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн урьдчилан шалгаж, 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс доорх үндэслэлээр татгалзсан байна:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан хүүхдийн тэтгэлэг тогтоож болохоор заасан бөгөөд ийнхүү тохиролцож гэрээ байгуулаагүй бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоодог.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсгээр иргэн бүр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэмээн заасны дагуу Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх үр хүүхэддээ олгох тэтгэмжийн хэмжээг өөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох эрх, үүргийг олгосон бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрөөс хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэж заасны дагуу тогтоосон байна.
Ийнхүү хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон зохих хууль тогтоомжоор зохицуулна” хэмээн заасныг удирдлага болгосон байна.
2. Иргэн Б.Бэхбат мэдээлэлдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.” гэжээ.
Гурав. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо:
“...1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажиж, хамгаалагдсан хүний /хүүхдийн/ үндсэн эрх бодитой хэрэгжих эрх зүйн орчныг бий болгож чадсан тохиолдолд сая Үндсэн хуульд бүрнээ нийцсэн /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ байх шаардлагыг хангана. Эрх зүйн ийм орчин бий болоогүй тохиолдолд хуулийн эдгээр заалтыг Үндсэн хуульд нийцэж байна гэж үзэх боломжгүй юм. Учир нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бол хүний /хүүхдийн/ үндсэн эрхийг томъёолж, бататгасан хууль зүйн эх сурвалж.
Цэцийн гишүүн “...хүүхдэд олгох тэтгэмжийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон байна” гэж үзсэн нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт хууль зүйн эх сурвалжид томъёолж, бататгасан хүний эрхийг хангасан эрх зүйн орчин болж чадсан эсэхийг анхааралтай авч үзээгүй байна гэж үзэхэд хүргэж байна.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт нь дараахь хууль зүйн эх сурвалжид заасныг хангасан эрх зүйн орчныг бий болгосон тохиолдолд тэдгээрийг Үндсэн хуульд нийцэж байна гэж дүгнэх боломжтой. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”; мөн конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”; Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө”.
Эндээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт нь хууль зүйн эх сурвалжид нийцээгүй байгаа тул тэдгээрийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад нийцээгүй гэж үзэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид заасанд нийцэхгүй байхад “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байна” гэж үзсэн нь хууль зүйн зарим эх сурвалжийг зөрчихөд хүргэжээ. Үүнд: Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлийн “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэсэн заалт тус тус зөрчигдөх болно.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэр бүл цуцлахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг хүүхдэд нөхөн олгуулах эрх зүйн орчин байхгүй байгаа нь дараах хууль зүйн эх сурвалжийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “..., үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”; Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна”; Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 16 дугаар зүйлийн d хэсгийн “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина” гэснийг тус тус зөрчсөн.
Нэгэнт дээрх хууль зүйн эх сурвалж зөрчигдвөл Үндсэн хуулийн холбогдох заалт мөн нэгэн адил зөрчигдөхөд хүрнэ. Үүнээс үзвэл “Үндсэн хуулийн харьяалан шийдэх асуудал биш байна” гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ.
Дөрөв. Иргэн Б.Бэхбатын гомдлыг Үндсэн хуулийн цэц Бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг магадлалын хянах хэсэгт:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо амьжиргааны доод түвшин болон түүнээс доогуур хэмжээгээр хязгаарласан, тэтгэлэг авах эрх бүхий хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны байдлаар ялгаварласан нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулж байна.
2. Иргэн Б.Бэхбатын гомдолд дурдсан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.”
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй байна” гэж заасан байна.
Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоож болохоор заасан бөгөөд ийнхүү тохиролцож гэрээ байгуулаагүй бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоодог. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тодорхой орлого байхгүй, ажилгүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулж болох тэтгэлгийн хэмжээг тогтоосон. Харин цалингаас өөр орлогогүй хариуцагчаас 40.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулах асуудлыг зохицуулж байна.
Ингэж хүүхдийн тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээг тус хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх тогтоохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зугадугаар зүйлийн 11 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Мөн Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлэх бөгөөд энэ нь Монгол улсын иргэний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээ буюу хэвийн амьжиргааны хамгийн доод түвшинг тодорхойлдог. Түүнчлэн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дах заалтад хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинг жишиг болгосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ. Үндсэн хуулийн дээрх заалтыг баримтлан Монгол улсын хүн амын сар, өдөр тутмын хэрэглээ буюу нас насны хүүхдийн хэрэглээтэй уялдуулж Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т хүүхдэд олгох тэтгэлэгийг насны ялгавартай тогтоосон байна.
Хэдийгээр насны ялгавартай тэтгэлэгийн хэмжээ тогтоосон ч яаж төлөх талаархи эрх нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлээр ч нээлттэй, шүүхийн практик ч байгаа. Монгол улсын Иргэний хуулийн 16-18 дугаар зүйлүүдэд иргэнийг насаар нь ангилж, ялгавартай заасан байдаг бөгөөд Иргэний хуулиа удирдлага болгоод үзсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дах заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Төр хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримталж Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг зохицуулсан. Ажилгүй, тодорхой орлогогүй гэсэн нэрийдлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байгаа хариуцагч олон байна. Хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, улмаар хүүхдийн насыг нь харгалзан ялгамжтай тогтоосон явдал өөрийн учир шалтгаантай юм. Үүнд:
1973 оны Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлгийг шүүхээс хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, хариуцагчийн сар бүрийн цалин, бусад орлогоос гаргуулдаг байсан нь бодит нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байсан тул 1999 онд амьжиргааны доод түвшний хэмжээгээр насны ялгавартай тогтоодог болжээ. Түүнчлэн иргэдийн дунд хэрэглээ өндөртэй, амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой нэг хэсэг байдаг боловч жил бүрийн статистик тоо баримтаас харахад Монгол улсын хүн амын гуравны нэг орчим хувь нь хэрэглээ багатай, амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байна. Иймээс амьжиргааны доод түвшингээс доогуур орлого, амьдралтай нөгөө хэсэг байгаа гэдгийг анхаарч, хүний хэрэгцээ хязгааргүй, тэр болгоныг хангана гэдэг нь үл бүтэх зүйл гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй болов уу.
Ийм нөхцөлд хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй хариуцагчаас хамгийн багаар буюу амьжиргааны баталгаажих түвшингээр тогтоож, тэтгэлэг гаргуулж байхаар хуульчилжээ.
Харин хүүхдийн насыг нь харгалзан ялгамжтайгаар тогтоосон нь оновчтой бус байж болох талтай ч энэ нь үүсээд байгаа бэрхшээлийг даван туулах нэг арга зам болно. Цаашид Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж байгаа харилцааг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна” гэжээ.
Зургаа. Иргэн Б.Бэхбат Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа:
Нэг: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тодорхой орлого байхгүй, ажилгүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулж болох тэтгэлгийн хэмжээг тогтоосон гэжээ. Энэхүү тайлбартай нь холбогдуулан хуулийг үзвэл:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийн шууд утга санаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай дүйхгүй байна.
2. Хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах бүрэн эрхийг гагцхүү Монгол Улсын дээд шүүх хэрэгжүүлдэг тул дээрх тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гэж хүлээн авах боломжгүй юм.
“Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн заалтыг үндэс болгон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тухайд:
Гэрлэлт цуцлуулсан эцэг, эхээс сард нэг удаа хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан тогтоосныг дээрх тайлбараар зөвтгөх боломжгүй юм. Учир нь гэрлэлт цуцлахаас өмнө тухайн хүүхэд амьдралын чанарын ямар түвшинд амьдарч байсныг харгалзан үзэхгүйгээр болон 11 нас хүрээгүй тул “хагас хүн” гэж тооцон түүнд өөрийнх нь эцэг эсвэл эхээс олгох тэтгэлгийг хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоосон нь шударга бус, хуулийн албадлагаар насаар ялгаварласан, амьдралын чанарыг нь дордуулсан явдал болж байна.
Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнд онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай болдог. Үүний учир Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн онцлоод 11 дэх хэсэгтээ “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Иймд төр иргэнээ насаар үл ялгаварлан, адил тэгш нөхцлөөр /Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2/ хамаалалдаа авахаар иргэнийхээ өмнө үүрэг амлалт /Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1/ авсан. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй, энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана” гэсэн байна. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөгдөх үндэслэлгүй байна.
Учир нь аливаа хууль, хуулийн заалт хууль зүйн эх сурвалжид бүрнээ нийцсэн байх ёстой /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ бөгөөд тэдгээрт томъёологдон, бататгагдсан хүний эрхийг зөрчих ёсгүй. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно гэсэн байна. Энэхүү заалтыг үл анхаарваас Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт зөрчигдөхөд хүрнэ.
Хоёр: Итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ” гэжээ.
Үндсэн хуулийг үзвэл “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн байна. Үүнээс үзвэл:
1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн хуулийг дур зоргоор өөрчлөн тайлбарласан байна. Ийм эрх одоогоор хэнд ч олгогдоогүй бөгөөд Үндсэн хуулийг зөвхөн мэдэж сахих үүрэг бүх хүнд адил тэгш оноогдсон болно.
2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийг “хуульд бүрнээ нийцүүлэн” тайлбарлаж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг эсрэгээр нь ойлгон хэрэглэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-ийн тухайд, эрх зүйд “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-ийг дагах бус харин “олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэх" тухай ойлголт бий. Үүний учир:
- Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
- Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д “Улсын дээд шүүх бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”,
- Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-т үндэслэж хийсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хүнийг насаар нь ялгаварлаж эрхээ эдлэх явдлыг нь зохицуулж болохгүй. Тэр тусмаа хүүхдийг. Учир нь:
1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”,
2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”,
3. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаар үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана” гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 16-18-р зүйлд заасан насны байдал нь “иргэний эрх зүйн чадамжийг буюу иргэний харилцаанд орж, үйлдлийнхээ төлөө ухамсартайгаар хариуцлага хүлээх чадварт үндэслэсэн насны хязгаар болохыг онцлон тэмдэглэе.
Гурав: Хүүхэд төрсөн буюу амьдарч байгаа газраасаа хамаарч ялгаварлан гадуурхагдах ёсгүй юм. Учир нь:
1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 11-д “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”,
2. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаар үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харъяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана”, 3 дугаар зүйлийн 1-д “...хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэсэн байна.
Эцэст нь Хүний эрхийг өмнө байснаас эсвэл хууль зүйн эрх сурвалжид томъёологдон, бататгаснаас нь дордуулах ёсгүй. Харин байнга сайжруулж байх нь төрийн хийгээд Олон улсын гэрээнд нэгдэн орсон гишүүн орны үүрэг болохыг тэмдэглэе.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн “хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоох тухай” заасан 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА
Ц.САРАНТУЯА
Б.ПҮРЭВНЯМ