Хэвлэх DOC Татаж авах
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 57 ДУГААР ЗҮЙЛИЙН 57.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 57 ДУГААР ЗҮЙЛИЙН 57.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Тогтохжаргал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат нар оролцов.
Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Тогтохжаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр батлагдаад одоо мөрдөж байгаа Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг зөрчсөн байна.
... Монгол Улсын иргэн 60 нас хүрмэгц иргэний унаган эрхээ алдаж, эрүүл мэнд, амьдралын бололцоо нөхцөл байсан ч хүсэл зорилгоо хуулиар хязгаарлуулж удам хойчоо залгуулах эрхээ алдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн “нас”-аар ялгаварлан гадуурхаж болохгүй, хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн заалт ноцтой үр дагавартайгаар зөрчигдөж байгаа юм.
Жаран нас хүрсэн иргэн нь “хүн” учир эрх зүйн этгээд байх Үндсэн хуулийн дээрх заалт ч мөн л зөрчигдөж байна. ...
... Монгол ёс заншилд хадгалагдан уламжилж ирсэн зүйлүүдийн нэг нь үр хүүхэд үрчлэн авч үр удмаа залгуулах, өв хөрөнгөө өвлүүлэх, төр нийгэмдээ хүн бойжуулж үлдээх явдал билээ. Энэ нь өмнөх хууль тогтоомжуудад ч хадгалагдсаар ирсэн. ...
... Одоо мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуульд иргэнийг нас зааж хүүхэд үрчлэх эрхийг нь хассанаар удам залгуулах үр мөрөөдөн, боломж хайж байгаа биеийн эрүүл мэнд, эд хөрөнгийн боломжтой иргэнийхээ эрхийг хуулиар хасч байгаа төдийгүй эцэг, эх, асрамж хүсч байгаа өнчин хүүхдийн эрхийг давхар хязгаарлаж байна.
Түүнчлэн амьдралын золгүй явдлаас өнчирч үлдсэн хүүхдийг элдэв дарамт чирэгдэлгүй, ариун сайхан сэтгэл санаагаар өөрийн асрамждаа авч өсгөн бойжуулахаар үрчлэн авах иргэний үндсэн эрхийг боогдуулжээ...
... Миний бие ийнхүү ахмад настныг иргэнийхээ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэснийг Үндсэн хуулиар тунхагласан иргэний үндсэн эрхийг зөрчсөн хэмээн үзэж байгаа бөгөөд харин хүүхэд үрчлэхэд харшлах заалтыг хуулиар тогтоохыг буруу хэмээн үзэхгүй байгаагаа дашрамд тайлбарлая.
Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтаас “60-аас дээш настай...” гэсэн үгийг хасч иргэний хүүхэд үрчлэн авах эрхийг сэргээн тогтоох боломж олгохыг хүсэж ийнхүү өргөдөл гаргав” гэжээ.
Хоёр. Дээрх өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Рэнчин урьдчилан шалгаж 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан бөгөөд уг тогтоолын үндэслэлд:
1. “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх эрхийг 60 насаар хязгаарласан нь хүүхэд асарч, хүмүүжүүлэх үлэмж хүндрэлтэй, хариуцлагатай ажлыг 60 наснаас дээш настай хүмүүс гүйцэтгэхэд бэрхшээлтэй гэж үзсэнтэй холбоотой болов уу.
2. Хүүхэд асрах чадвар мөхөсдсөн настай хүнд хүүхэд үрчлүүлэх нь хүүхдийн эрх ашгийг хохироож болзошгүй гэж хууль тогтоогчид болгоомжилсон байх.
3. 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 44 дүгээр чуулганаар батлагдаж, манай улс 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 4 дүгээр зарчимд “Хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангах ёстой”, мөн Конвенцийн 3 дугаар заалтад “Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргахдаа эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байна. Үүнээс үзвэл хууль тогтоогчид хүүхэд үрчлэх асуудлыг шийдэхдээ үрчлэн авч байгаа хүний эрх ашгаас өмнө хүүхдийн эрх ашгийг илүүд үзэж анхаарсныг буруутгах үндэслэл алга байна. Ер нь ч тэгээд аль ч эрх зүйд “нас” гэдэг яаж ч болдоггүй бодит үзүүлэлтийг үндэслэн ямар нэг асуудлыг насны байдалтай холбож ялгамжтай тогтоох явдал олонтаа байдаг бөгөөд энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн жишиг билээ.
Ингэж үзвэл иргэн Д.Тогтохжаргалын өргөдөлд дурдсан зүйл нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил биш байх тул Үндсэн хуулийн цэцэд харьяалан шийдвэрлэх маргаан биш байна” гэжээ.
Гурав. Иргэн Д.Тогтохжаргал Цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдолд:
“... Цэцийн гишүүн миний өргөдлийн утга санааг өнгөц байдлаар дүгнэн “60-аас дээш настан хүүхэд асрахад бэрхшээлтэй гэж үзсэнтэй холбоотой болов уу” гэх буюу ”хууль тогтоогчид болгоомжилсон байх” гэх мэт шалтгаан заан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсаныг үндэслэлгүй хэмээн үзэж гомдол гаргаж уг өргөдлийг дахин сэргээж авч үзэхийг хүсэж байна.
Би одоогийн мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн заалт, утга агуулгыг ноцтой зөрчсөн байна гэсэн үндэслэлээ өмнөх өргөдөлд тодорхой дурдаж нотолсон тул энд давхардуулан бичсэнгүй” гэжээ.
Дөрөв. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч, иргэн Х.Хуандаг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай ... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэн хязгаарласан, 60-аас дээш настай хүнийг эрх хасуулсан, хязгаарлуулсан, сэтгэцийн өвчтэй, олон удаагийн ял шийтгүүлсэн, шүүхээс эрхээ хасуулж хязгаарлуулсан хүмүүсийн хэмжээнд хүргэж басамжилсан, 60-аас дээш настай хүнийг насаар нь дарамтлан ямар ч үндэсгүй эрхийг нь хассан заалт болсон гэж үзэж байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн доорх заалтуудыг зөрчиж гарсан гэж үзэж байна. Үүнд:
- Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”.
- Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 60 наснаас дээш настай хүний эрхийг ёс бусаар хассан заалт болсон байна гэж үзэж байна.
60 настай хүн хүүхэд үрчилж авахад ямар ч харшлах зүйл байхгүй. Харин ч өнчин өрөөсөн, амьдрал нь муу хүүхдийг үрчлэн авч, түүнийг зөв өсгөн хүмүүжүүлэх, амьдрахад нь туслах, эд хөрөнгө өвлүүлэн үлдээх сайн талтай. Түүнчлэн 60 нас хүрээд үхэхгүй шүү дээ.
Учир иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж гарсан гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байна” гэжээ.
Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар магадлалын үндэслэх хэсэгт:
1. Иргэн Д.Тогтохжаргалын “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг Цэцийн гишүүн Л.Рэнчин шалгаад 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 38 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолын үндэслэх хэсэгт “...Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил биш байх тул Үндсэн хуулийн цэцэд харьяалан шийдвэрлэх маргаан биш байна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байна.
2. Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Д.Тогтохжаргалын гаргасан гомдол нь үндэслэлтэй байна” гэжээ.
Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“... Гэр бүлийн тухай хуулийн 57.2-ийн “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчөөгүй болно. Энэ нь дараахь үндэслэлтэй юм.
Улсын Их Хурлаас 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг баталж, энэхүү хуулиар хүндэтгэн үзэх шалтгаанаар эцэг эхийн асран хамгаалалтгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах хэд хэдэн арга, хэлбэрийг тогтоож өгсөн билээ. Үүнд:
1. үрчлэлт,
2. асран хамгаалалт,
3. харгалзан дэмжих,
4. гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх.
Монгол Улс 1990 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон билээ. Ийнхүү конвенцийн дагуу үрчлэлтийн тогтолцоог хүлээн зөвшөөрдөг улс орон болохын хувьд дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хүүхдийг үрчлүүлж байх үүргийг оролцогч улс хүлээж байна.
Мөн Монгол Улс соёрхон баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”-ын 4 дүгээр зүйлд “аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрөхөөр” тунхагласан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ.
Конвенцийн болон Үндсэн хуулийн дээрхи заалтуудыг баримтлан Гэр бүлийн тухай хуулиар хүүхэд үрчлэн авагчид тавигдах шаардлагыг хуульчилжээ.
Дэлхийн бусад орны жишгээр ч гэсэн үрчлэн авагчид тавигдах шаардлагад санхүүгийн чадавхи, эрүүл мэндийн боломжоос гадна үрчлэн авагч ба үрчлүүлэгч хоёрын насны зохистой зөрүүг хуульчилсан байдаг юм.
Монголчуудын зан заншил, уламжлалт ёсыг хууль тогтоогч харгалзан үзэж бүтэн өнчин хүүхдийг буюу эцэг, эх нь хоёулаа, эсхүл өрх толгойлсон ганц бие эх /эцэг/ нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хууль ёсны асран хамгаалагч үгүй үлдсэн хүүхдийг төрөл, садангийн аль ч насны хүн үрчлэн авч асран хүмүүжүүлэх эрхийг хэвээр үлдээсэн болно. Үүнийг гэр бүлийн тухай хуулийн 57.3 дахь заалтаар баталгаажуулсан юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Хуулиар тогтоосон хүүхэд үрчлэн авах шалгуурыг хангасан, эрх зүйн бүрэн чадамж бүхий Монгол Улсын иргэнийг “60-аас дээш настай” гэсэн үндэслэлээр түүний хүүхэд үрчлэн авах эрхийг хассан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай, ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... –аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”; мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай, ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “60-аас дээш настай, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Д.МӨНХГЭРЭЛ